Хэвлэх DOC Татаж авах
ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот

ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь онц байдал зарлах үндэслэл, журам, онц байдлын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээ, онц байдлыг хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрхийг тогтоож, онц байдал зарласантай холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.
Хэвлэх

2 дугаар зүйл.Онц байдлын тухай хууль тогтоомж

Онц байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
Хэвлэх

3 дугаар зүйл.Онц байдал

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон үед онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгох зорилгоор энэ хуульд заасны дагуу иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж, тэдэнд нэмэгдэл үүрэг хариуцуулан төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар тогтоосон эрх зүйн онцгой дэглэмийг онц байдал гэнэ.
Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ

4 дүгээр зүйл.Онц байдал зарлах үндэслэл

Монгол Улсын Үндсэн хуульд заасан ёсоор дор дурдсан онцгой нөхцөл бий болсон үед онц байдал зарлаж болно:

1/ улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, аюулт үзэгдэл, осол  тохиолдсон;

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

Хэвлэх

5 дугаар зүйл.Онц байдал зарлах

1.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол Улсын Их Хурал онц байдал зарлах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ.

2.Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

3.Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана.

4.Ерөнхийлөгч энэ зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу онц байдал зарласан бол Улсын Их Хурал уул зарлигийг гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзвэл уул шийдвэр гарсан өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болно.

5.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр онц байдал зарлахын өмнө Улсын Их Хурал, түүний чөлөөт цагт Монгол Улсын Ерөнхийлөгч нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон, түүнд оролцсон байгууллага, хүмүүст уг үйлдлээ 12 цагийн дотор таслан зогсоохгүй бол онц байдал тогтоож болохыг урьдчилан сануулна. Хэрэв заасан хугацаанд уул онцгой нөхцөл хэвээр үргэлжилбэл энэ зүйлийн 1, 2, З дахь хэсэгт заасны дагуу онц байдал зарлана.

6.Онцгой нөхцөлийн үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан урьдчилан сануулах арга хэмжээг авалгүйгээр онц байдал зарлана.

7.Онц байдал зарлах тухай санаачлагчийн төсөл, Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл Ерөнхийлөгчийн зарлигт дор дурдсан зүйлийг заавал тусгана:

1/онц байдал зарлах үндэслэл болсон онцгой нөхцөл;

2/онц байдлын зорилго;

3/онц байдал хамрах нутаг дэвсгэр;

4/онц байдал үргэлжлэх хугацаа /эхлэх, дуусах он, сар, өдөр, цаг/;

5/онц байдлын үед энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээний алийг нь хэрэгжүүлэх болон хэрэгжүүлэх арга хэмжээ тус бүрийн, түүний дотор иргэдийн эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах хүрээ заагийг бий болсон нөхцөлд нийцүүлэн тогтоох;

6/энэ зүйлийн энэ хэсэгт заасан болон энэ хуулийн холбогдох бусад заалт, түүнчлэн онц байдал зарласантай холбогдуулан авах арга хэмжээг шууд хариуцаж хэрэгжүүлэх төрийн байгууллага, албан тушаалтан, тэдгээрийн энэ талаар эдлэх онцгой бүрэн эрхийг энэ хуульд нийцүүлэн нэг бүрчлэн тогтоох;

7/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр, эсхүл Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр болох он, сар, өдөр, цаг.

Хэвлэх

6 дугаар зүйл.Онц байдал үргэлжлэх хугацаа, түүнийг сунгах, онц байдал дуусгавар болох, онц байдлыг цуцлах

1.Онц байдал үргэлжлэх хугацааг Улсын Их Хурал тогтооно.

2.Онц байдал зарлахад хүргэсэн нөхцөл бүрэн арилаагүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлын үргэлжлэх хугацааг сунгаж болно.

3.Онц байдал тогтооход хүргэсэн онцгой нөхцөл бүрэн арилсан тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурал онц байдлыг хугацаанаас нь өмнө цуцална.

Хэвлэх

7 дугаар зүйл.Онц байдал зарлах, түүний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэр хүчин төгөлдөр болох

1.Онц байдал зарлах, түүний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэр нь түүнд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Онц байдал зарлах, түүний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэрийг түүнийг хэрэгжүүлэх байгууллагад нэн даруй хүргүүлж, олон түмний мэдээллийн хэрэгсэл, боломжтой бусад аргаар нийтэд шуурхай мэдээлж, албан ёсоор нийтэлнэ.

3.Онц байдал зарласан тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн сайд онц байдлын үед Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хүлээсэн үүргээс татгалзахад хүргэсэн хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбогдсон ямар онцгой арга хэмжээг, ямар үндэслэлээр авч хэрэгжүүлэхээр тогтоож байгаа болон түүнийгээ хэдийд цуцлах тухайгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад нэн даруй мэдээлнэ.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ОНЦ БАЙДАЛ ТОГТООСОН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ

8 дугаар зүйл.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байгууллага

1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.

2.Улсын Их Хурал Зөвлөлийн тэргүүний санал болгосноор онц байдал үргэлжлэх хугацаагаар Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж болно.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Зөвлөлийн онцгой бүрэн эрх

1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:

1/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, явцад нь хяналт тавьж, биелэлтийг хангуулах шаардлагатай арга хэмжээ авах;

2/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;

3/шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх;

5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;

7/онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

8/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;

9/шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10/онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;

11/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх.

2.Зөвлөл хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Зөвлөлийн тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурна. Санал зөрвөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч зарлиг гаргана.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу байгуулагдсан шуурхай штаб онц байдлын үр дагаврыг арилгахад оролцож байгаа цагдаа, тагнуул, цэргийн анги, салбарын өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж шуурхай удирдлагаар хангах, нийгмийн болон хүн амын амьдралыг хэвийн болгоход эдгээр байгууллагын хүч хэрэгслийг дайчлах үүрэг хүлээнэ.

4.Онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт байгаа төр, нам, олон нийт, хоршооллын төв, орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж,албан тушаалтан, иргэд онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллага, албан тушаалтанд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж, гаргасан шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг хэлбэрэлтгүй биелүүлэх үүрэгтэй.

5.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс оруулсан саналыг Улсын Их Хурал хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр нэн даруй, тэргүүн ээлжинд шийдвэрлэнэ.

Хэвлэх

10 дугаар зүйл.Засаг даргын онцгой бүрэн эрх

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр онц байдал тогтоосон бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь онцгой бүрэн эрх эдэлнэ:

1/энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 6-д заасан бүрэн эрхийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх;

2/энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг тухайн нутаг дэвсгэрт удирдан зохион байгуулах;

3/тухайн болон доод шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварт харшилж байна гэж үзвэл онц байдлын хугацаанд үйлчлэлийг зогсоох;

4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар тухайн нутаг дэвсгэрийн холбогдох байгууллага, албан тушаалтанд харьяалал харгалзахгүйгээр заавал биелүүлэх үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд нь хяналт тавих;

5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөл, Засаг даргаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалтныг огцруулж, орны хүнийг онц байдлын хугацаагаар томилох;

6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор тухайн нутаг дэвсгэрт тусгай үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа, тагнуул, цэргийн болон бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, харилцан ажиллагааг хангах;

7/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх зорилгоор тэдгээрт нийцүүлэн захирамж гаргах.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засаг даргын захирамжийг тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлэх үүрэгтэй.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Засаг дарга энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын аливаа шийдвэрийг, түүнчлэн дээд шатны Засаг дарга нь доод шатны Засаг даргын аливаа шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Бүрэн эрхт төлөөлөгчийн онцгой бүрэн эрх

1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:

1/энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 6-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

2/нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга Онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй буюу зохих ёсоор биелүүлэхгүй байвал гүйцэтгэлийг шаардаж, тодорхой үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих;

3/онц байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гаргасан шийдвэр онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаварт харшилж байна гэж үзвэл онц байдлын хугацаанд үйлчлэлийг зогсоох;

4/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгавар, Засаг даргын захирамжийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтныг огцруулах саналыг Засаг даргад тавих.

2.Бүрэн эрхт төлөөлөгчөөс энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу өгсөн үүрэг даалгаврыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга заавал биелүүлэх үүрэгтэй.

3.Бүрэн эрхт төлөөлөгчөөс энэ зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу тавьсан саналыг Засаг дарга хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл.Онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгахад цэргийн зарим анги, байгууллагыг татан оролцуулах

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгах, нийгмийн амьдралыг хэвийн болгоход нутгийн захиргааны болон цагдаагийн байгууллагын хүч хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа тохиолдолд дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зэвсэгт хүчин, хилийн цэргийн зарим анги, байгууллагыг татан оролцуулж болно:

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, З, 5, 6, 7, З дахь хэсгийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;

2/онц байдлын үр дагаврыг арилгах, аврах, хамгаалах, сэргээн босгох ажилд оролцуулах.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу онц байдлыг хэрэгжүүлэх арга хэмжээнд зэвсэгт хүчин, хилийн цэргийн зарим анги, байгууллагыг татан оролцуулах шийдвэрийг Зөвлөл гаргана.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд оролцож байгаа зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги, байгууллага, тэдгээрийн бие бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэхдээ хууль тогтоомжоор цагдаагийн байгууллагад зөвшөөрөгдсөн зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглаж эрх, үүргийг нь эдэлнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

13 дугаар зүйл.Онц байдлын арга хэмжээг санхүүжүүлэх

Онцгой нөхцөл, түүний үр дагаврыг арилгахтай холбогдсон арга хэмжээг Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэх бөгөөд шаардлагатай асуудлыг Засгийн газар Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлнэ.
Хэвлэх

14 дүгээр зүйл.Онц байдлын үе дэх шүүхийн үйл ажиллагаа

1.Онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт шүүн таслах ажиллагааг зөвхөн Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ. Бүх шатны шүүх шүүн таслах ажиллагааг онц байдал зарлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу явуулна.

2.Улсын Дээд шүүх онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт эрүү, иргэний хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг өөрчилж болно.

Хэвлэх

15 дугаар зүйл.Онц байдал үргэлжлэх хугацаанд цаазаар авах ял гүйцэтгэхгүй байх

Онц байдал үргэлжлэх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ цаазаар авах ял шийтгэгдсэн хүний ялыг онц байдал үргэлжлэх хугацаанд болон онц байдал дуусгавар болсон, онц байдлыг цуцалснаас хойшхи 30 хоногт гүйцэтгэж болохгүй.
Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ОНЦ БАЙДЛЫН ҮЕД ХЭРЭГЖҮҮЛЭХ ОНЦГОЙ АРГА ХЭМЖЭЭ

16 дугаар зүйл.Онцгой арга хэмжээ

1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр онц байдал тогтоосон бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:

1/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах онцгой журам тогтоох;

2/улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах;

3/хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах;

4/ажил хаяхыг хориглох;

5/тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх;

6/аж төрөхөд нэн аюул бүхий нутаг дэвсгэрээс хүн, мал, амьтан, эд баялгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тэднийг аврах, хамгаалах, орон байр, хүнс тэжээлээр хангах асуудлыг зохион байгуулах, шаардлагатай гэж үзвэл хүнс тэжээл, бусад нэн хэрэгцээт зүйлийг хуваарилан олгох, түүнд хяналт тавих журам тогтоох;

7/хорио цээр тогтоох, хүн, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх шаардлагатай бусад арга хэмжээ авах;

8/онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах зорилгоор улсын нөөц, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчлах, шаардлагатай гэж үзвэл бусад аж ахуйн нэгж, байгууллагын нөөцийг дайчилж нөхөх олговор, үнийг төлөх;

9/улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагад тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 9-д заасны дагуу тогтоох тусгай дэглэм нь дор дурдсан хүрээгээр хязгаарлагдана:

1/ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;

2/үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад тусгай журам тогтоож, хяналт тавих;

3/хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин бэхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилга, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;

4/шаардлагатай гэж үзвэл төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүрэг, хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, үйлдвэрлэлийн зориулалт, технологийн горимыг өөрчлөх бүх шатны удирдах ажилтныг томилох,чөлөөлөх;

5/хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилчин, албан хаагчдыг өөрсдийнх нь хүсэлтээр ажлаас өөрчлөх, халахыг хориглох;

6/онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах хойшлуулшгүй тохиолдолд хөдөлмөрийн нийтийн дайчилгаа явуулах;

7/онц байдлын хугацаанд ажилчин, албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажилд шилжүүлэн ажиллуулах, нөхөх олговортойгоор илүү цагаар ажиллуулах;

8/тусгай дэглэмтэй аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахгүй байх шаардлагатай бусад арга хэмжээ авах.

3.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэлээр онц байдал зарласан бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас гадна дор дурдсан нэмэлт онцгой арга хэмжээ тогтоож болно:

1/нийтийн эмх замбараагүй байдал бий болгож хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа байгууллагыг тараах, бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах;

2/хөл хорих, өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан олгосон зөвшөөрлийн болон иргэний үнэмлэх,түүнтэй адилтгах баримт бичиггүйгээр гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хоногийн тодорхой цаг хугацаанд зорчихыг хориглох. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл, гэхдээ 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах, шаардлагатай гэж үзвэл албадан саатуулагдсан хүний бие, авч яваа эд зүйлд үзлэг хийх;

3/шаардлагатай гэж үзвэл иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг шалгах, галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох бусад зүйлийг хууль бусаар авч явах буюу хадгалж байгаа, эсхүл хэрэглэж болзошгүй гэж үзэх үндэслэл байгаа бол иргэдийн бие, орон сууц, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийх;

4/олшруулах болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох;

5/холбооны хэрэгсэл ашиглах тусгай журам тогтоох;

6/нийтийн эмх замбараагүй байдлыг арилгахад саад учруулж буй улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох;

7/онц байдал зарласан нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд онцгой дэглэм сахиулахад саад учруулсан этгээдийг байнга оршин суух газарт нь, эсхүл онц байдал тогтоогоогүй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж рүү албадан гаргах;

8/зэвсэг, галт хэрэгсэл, хүчтэй үйлчлэх химийн хорт бодис, согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох;

9/иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг, техник хэрэгслийн ашиглалтад хяналт тогтоох, шаардлагатай гэж үзвэл ашиглалтыг зогсоох буюу тэдгээрийг түр хураан авах.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ОНЦ БАЙДЛЫН ҮЕД ИРГЭДИЙН ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАХ ХҮРЭЭ

17 дугаар зүйл.Онцгой арга хэмжээг тогтоох, хэрэглэх хүрээ заагийн хязгаарлалт

1.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5, 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээ зааг нь бий болсон онцгой нөхцөлийн шаардлага, Монгол Улсын олон улсын гэрээгээр хүний эрхийн талаар хүлээсэн үүрэгт нийцэж байхаас гадна хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахад хүргэхгүй байвал зохино.

2.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5, 16 дугаар зүйлд заасан онцгой арга хэмжээг онц байдал зарлаагүй нутаг дэвсгэрт хамааруулахыг хориглоно.

Хэвлэх

18 дугаар зүйл.Онц байдлын үед үл хөндөгдөх иргэний эрх, эрх чөлөө

Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 5, 16 дугаар зүйлд заасны дагуу тогтоох хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг үл хөндөнө.
Хэвлэх

19 дүгээр зүйл.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байх

Улсын нийт нутаг дэвсгэрт буюу түүний зарим хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу тогтоосон онц байдал үргэлжлэх хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болохгүй.
Хэвлэх

20 дугаар зүйл.Иргэдийн сонгох, сонгогдох эрх, эрх чөлөөний хязгаарлалт

1.Улсын нийт нутаг дэвсгэрт онц байдал тогтоосон бол онц байдал дуусгавар болох, эсхүл түүнийг цуцлах хүртэл аливаа сонгууль, ард нийтийн санал асуулга явуулж болохгүй.

2.Улсын нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт онц байдал тогтоосон бол Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгууль явуулах, эсэх тухай асуудлыг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

3.Улсын нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт онц байдал тогтоосон бол тухайн нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийн сонгуулийг онц байдал дуусгавар болох, эсхүл түүнийг цуцлах хүртэл хойшлуулна.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ОНЦ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

21 дүгээр зүйл.Цагдаагийн ба цэргийн алба хаагч, төрийн албан хаагчийн хүлээх хариуцлага

Онц байдлын үед хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан иргэний эрх, эрх чөлөөний баталгааг зөрчсөн цагдаагийн ба цэргийн алба хаагч, төрийн албан хаагч нь хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
Хэвлэх

22 дугаар зүйл.Онц байдлын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

1.Онц байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

1/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу тогтоосон журам зөрчсөн иргэнийг 25000-50000, албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

2/ажил хаялт зохион байгуулсан байгууллагыг 250000- 500000, иргэн, албан тушаалтныг 50000-100000 төгрөгөөр торгох, эсхүл иргэн, албан тушаалтныг 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;

3/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д заасны дагуу тогтоосон хүнс, тэжээл, бусад нэн хэрэгцээт зүйлийг хуваарилан олгох журам зөрчсөн иргэнийг 25000-50000, албан тушаалтныг 50000-100000 төгрөгөөр, уул журмын биелэлтэд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй албан тушаалтныг 20000- 60000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах;

4/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д заасны дагуу тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчсөн этгээдийг 50000-100000 төгрөгөөр торгох;

5/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан нөөцийн дайчилгаанаас зайлсхийсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 250000-500000, иргэн, албан тушаалтныг 10000-100000 төгрөгөөр торгох, эсхүл иргэн,албан тушаалтныг 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;

6/энэ хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2, 3, 4-т заасны дагуу тогтоосон журам зөрчсөн иргэнийг 20000-50000, албан тушаалтныг 25000-100000 төгрөгөөр торгох;

7/онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах хөдөлмөрийн нийтийн дайчилгаанд татан оролцуулах, өөр ажилд шилжүүлэх, илүү цагаар ажиллуулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлэхээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийсэн этгээдийг 5000-50000 төгрөгөөр торгох;

8/онц байдлын үед ажилчин, албан хаагчийг өөрийнх нь хүсэлтээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас өөрчилсөн, халсан албан тушаалтныг 10000-50000 төгрөгөөр торгох;

9/эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2,5, 2 дахь хэсгийн 1,2,З,6,7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд саад учруулсан,эсэргүүцсэн,эсхүл хүч хэрэглэн эсэргүүцсэн иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 25000-100000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;

10/холбооны болон олшруулах, дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтын талаар тогтоосон журмыг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000, албан тушаалтныг 25000-100000, иргэнийг 25000-50000 төгрөгөөр торгох, эсхүл иргэн, албан тушаалтныг 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;

11/олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд тогтоосон хяналтын журмыг зөрчсөн, үйл ажиллагааг нь түр зогсоосон тогтмол хэвлэлийг хэвлэлд бэлтгэсэн, үйлдвэрлэсэн, тараасан, худалдсан, борлуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-500000,албан тушаалтныг 50000-100000, иргэнийг 30000-100000 төгрөгөөр торгох, эсхүл иргэн, албан тушаалтныг 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;

12/энэ хуулийн 16 дугаар зүйлийн З дахь хэсгийн 8 дахь заалтыг зөрчсөн бол хууль бусаар олсон орлого буюу эд зүйлийг хурааж аж ахуйн нэгж, байгууллагыг 250000-500000, албан тушаалтныг 50000-100000, иргэнийг 50000-75000 төгрөгөөр торгох, эсхүл иргэн, албан тушаалтныг 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;

13/энэ хуулийн 16 дугаар зүйлийн З дахь хэсгийн 9-д заа сан зэвсэг, галт хэрэгсэл, бодис, техник хэрэгслийг зориулалт бусаар хэрэглэсэн, хэрэглэх бололцоо олгосон аж ахуйн нэгж, байгууллагыг 250000-500000, албан тушаалтныг 50000-100000, иргэнийг 50000-75000 төгрөгөөр торгох, эсхүл иргэн, албан тушаалтныг 14-30 хоногийн хугацаагаар баривчлах;

14/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөл, Засаг дарга, Бүрэн эрхт төлөөлөгчөөс өгсөн үүрэг даалгавар, тэдгээрээс энэ хуулийн дагуу гаргасан тогтоол, захирамжийг биелүүлээгүй албан тушаалтныг 25000-50000, иргэнийг 20000-40000 төгрөгөөр торгох,эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах.

2.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн З дахь хэсгийн 6-д заасны дагуу үйл ажиллагаа нь зогссон улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын хөрөнгийг улсын орлого болгоно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14-т заасан шийтгэлийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, 1, 3, 5, 6, 7, 8, 9, 10,11, 12, 13-т заасан шийтгэлийг цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14-т заасан шийтгэлийг аймгийн төв,нийслэлийн дүүрэгт шүүгч, сумын төв, бусад суурин газарт сумын Засаг дарга, 4, 6-д заасан шийтгэлийг хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч, 14-т заасан шийтгэлийг Зөвлөл, түүний Бүрэн эрхт төлөөлөгч тус тус ногдуулж, 2 дахь хэсэгт заасан байгууллагыг тарааж, хөрөнгийг нь улсын орлого болгох шийдвэрийг Улсын дээд шүүх гаргана.

Хэвлэх

22 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

23 дугаар зүйл.Бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлүүлэх

Онц байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн бусдад учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус гэм хорыг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн нөхөн төлүүлнэ.
Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

24 дүгээр зүйл.Онц байдал дуусгавар болсон, цуцлагдсанаас үүсэх үр дагавар

Онц байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн бүх актыг онц байдал дуусгавар болсон, түүнийг цуцалсан үеэс эхлэн хүчингүй болгоно.
Хэвлэх

25 дугаар зүйл.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн онц байдлын тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх

Гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол Онц байдлын тухай хууль тогтоомжийг Монгол Улсын иргэний нэгэн адил дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Н. БАГАБАНДИ