A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛААНБААТАР ХОТЫГ 2020 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 28

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 5 болон Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө"-г хавсралтад заасан бүрдэлтэйгээр баталсугай.

2. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод даалгах нь:

а/ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд тусгагдсан хотжилт эрчимтэй хөгжих, хотжилт эрчимтэй бус буюу аж ахуйг хязгаарлагдмал чиглэлтэй хөгжүүлэх, хөдөө аж ахуйг тэргүүлэх чиглэлтэй хөгжүүлэх бүс гэсэн хот байгуулалтын гурван бүсчлэлээр горимлож нийслэлийн нутаг дэвсгэрт хот байгуулалтын тасралтгүй үйл ажиллагааг явуулсугай;

б/чиг үүрэг, зориулалт, барилгажилтын өндөр, ландшафтын зохион байгуулалт гэсэн гурван ангиллаар Улаанбаатар хотын барилгажсан газар нутгийн судалгааны П үе шатны төсөл, газар ашиглалтын төлөвлөгөөг боловсруулж барилгажилтын орон зайн төлөвлөлтийг сайжруулах арга хэмжээ авч ажилласугай;

в/нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хот, тосгоныг эрчимтэй хөгжүүлэн хүн амын хэт төвлөрлийг үе шаттайгаар сааруулах чиглэл баримтлан ажилласугай.

3. Нийслэлийн хүн амын ундны усны эх үүсвэрийн нөөцийг нарийвчлан тогтоож хамгаалах, усан хангамжийн инженерийн барилга байгууламж барих бэлтгэл ажлыг эхлүүлэх, инженерийн дэд бүтэц, зам, тээврийн асуудлыг боловсронгуй болгох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Үйлдвэр, худалдааны сайд Ч.Ганзориг, Байгаль орчны сайд У.Барсболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт тус тус даалгасугай.

4. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд холбогдох норм, дүрмийг шинэчлэн боловсруулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт үүрэг болгосугай.

5. Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтын дагуу Улаанбаатарын бүс нутгийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон нийслэлийн төсөвт тусгах, гадаад, дотоодын байгууллага, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт даалгасугай.

6.Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хот байгуулалт, барилгажилтын норм, дүрэм, журмыг салбарын бодлоготой уялдуулан боловсруулж мөрдүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД