A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

УЛС ХООРОНДЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 257

БНМАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Авто тээврийн хэлэлцээр, Олон улсын авто тээврийн харилцааны тухай ОХУ-ын Засгийн газар Mонгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд улс, хот хоорондын ачаа, зорчигч тээврийн авто вокзал, автомашины зогсоол бүхий төмөр замд шууд холбогдсон ачаа тээврийн терминал-аж ахуй байгуулах зургийн даалгавар, зураг, төсвийг 2006 онд багтаан бэлэн болгохыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлд, барилга байгууламжийн ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг 2007-2008 оны улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайханд тус тус даалгасугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв замаас салбарлан төмөр замын шилжүүлэн ачих анги хүртэлх авто зам болон тус ангийн талбайг хатуу хучилттай болгох ажлыг Монгол-Оросын хамтарсан "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хөрөнгөөр 2007 онд багтаан тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгч Ц.Цэнгэлд даалгасугай.

3. Улс хоорондын зорчигч тээврийн байнгын үйлчилгээний тээврийн хэрэгслийг цагийн хуваарийн дагуу улсын хилийн боомтод оруулан тусгайлан зориулсан урсгалаар хил нэвтрүүлж байх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Хил хамгаалах ерөнхий газрын дарга П.Сүндэв нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ