A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 27

Улаанбаатар хот

УЛААНБААТАР ХОТЫН ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БОЛГОН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх арга хэмжээг удирдан зохицуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Улаанбаатар хотын салхины зонхилох чиглэл дээр байрлах гэр хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, дэд бүтцийг барьж байгуулах, иргэдийн өмчлөлд байгаа газрыг орон сууцаар солих, худалдан авах, төрийн байгууллагуудын эзэмшилд байгаа зарим газрыг эргүүлэн авч барилгажуулахад чиглэсэн зохион байгуулалт, эрх зүйн цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба нарт даалгасугай.

3. Иргэдийн өмчлөлд байгаа газрыг орон сууцаар солих, худалдан авах, төрийн байгууллагуудын эзэмшлийн газрыг эргүүлэн авч барилгажуулахад ашиглах газар зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэх болон орон сууцны хорооллын дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт даалгасугай.

4. Иргэдийн өмчлөлд байгаа газрыг орон сууцаар солих, худалдан авах ажлыг зохион байгуулахдаа иргэдийн үүсгэл санаачилгын үндсэн дээр тэдний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Барилга, хот байгуулалтын сайд Ц.ЦОЛМОН