Хэвлэх DOC Татаж авах
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь нийгмийн хэв журам хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

2 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль тогтоомж

2.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээд” гэж өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсон этгээдийг;

3.1.2.“албадан эрүүлжүүлэх” гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагааг;

3.1.3.“эрүүлжүүлэх байр” гэж албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай байрыг;

3.1.4.“хамгаалах хүн” гэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүн болон уг этгээдийг таньдаг бөгөөд түүнийг харгалзан хамгаалж авч явах боломжтой, насанд хүрсэн этгээдийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх зарчим

4.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, хүнлэг энэрэнгүй ёсыг эрхэмлэн нийгмийн аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зарчмыг баримтална.

Хэвлэх

5 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэх үндэслэл

5.1.Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.2.Энэ хуулийн 5.1-д заасныг үндэслэн иргэн санаачлан согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэж болно.

5.3.Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно.

5.4.Гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг албадан эрүүлжүүлэхэд хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙР, ТҮҮНИЙ АЖИЛТНЫ ЭРХ, ҮҮРЭГ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРНЫ НӨХЦӨЛ, ЖУРАМ

6 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх байр

6.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тусгай байр нь аймаг, нийслэлд эрүүлжүүлэх байр нэртэйгээр байна.

6.2.Эрүүлжүүлэх байр нь цагдаагийн байгууллагын харьяалалд ажиллах бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, захиргааны удирдлага, ажилтан, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, харуул, хамгаалалтыг хэрэгжүүлэх чиг үүргийг цагдаагийн байгууллага хариуцна.

/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.3.Аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг цагдаагийн төв байгууллагын дарга батлах бөгөөд хүн амын нягтрал, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн байдлыг харгалзан сум, дүүрэгт эрүүлжүүлэх байрыг байгуулж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

7 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байрны ажилтан, цагдаагийн алба хаагч, тэдгээрийн эрх, үүрэг

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.1.Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.2.Эрүүлжүүлэх байр нь мэргэжлийн эмчтэй байх бөгөөд тэр нь эмчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, эмнэлгийн ажилтны эрх эдэлж, үүрэг хүлээн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдэд эмнэлгийн үйлчилгээ шуурхай үзүүлж ажиллана.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.3.Эрүүлжүүлэх байрны ажилтанд дараахь зүйл хийхийг хориглоно:

7.3.1.албадан эрүүлжүүлэх /цаашид “эрүүлжүүлэх” гэх/ шаардлагатай этгээдийг хүлээн авахаас татгалзах;

7.3.2.шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх;

/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3.3.үйлчлүүлэгч этгээдтэй хүнлэг бус харьцах;

7.3.4.үйлчлүүлэгч этгээдийг эрүүлжүүлэх байранд байх хугацаанд олж мэдсэн хувь хүний нууцыг задруулах, нэр хүндэд нь халдсан мэдээлэл тараах;

7.3.5.үйлчлүүлэгч этгээдийн биедээ авч явсан баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг ашиглах, үрэгдүүлэх, гэмтээх;

7.3.6.эрүүлжүүлэх шаардлагагүй этгээдийг хүлээн авах.

Хэвлэх

8 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байранд хүлээн авах

8.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн цагдаагийн алба хаагч түргэн тусламжийн төвийн ажилтан буюу иргэнийг байлцуулан эрүүлжүүлэх байрны эмч уг этгээдийн эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл хөтөлж, эрүүлжүүлэх байранд хүлээж авна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2.Эрүүлжүүлэх байрны ажилтан нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хүргэж ирсэн хүн болон гэрчийн этгээдийг байлцуулан түүний биедээ авч яваа баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг хаяж, үрэгдүүлэхээс сэргийлж, тоо хэмжээ, содон шинж тэмдгийг нэг бүрчлэн тэмдэглэлд тусгаж, түр авч хадгална.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.3.Тэмдэглэлд түр хадгалах зүйлийг хүлээн авсан ажилтан үйлчлүүлэгч этгээд, түүнийг хүргэж ирсэн хүн болон гэрчийн этгээд гарын үсэг зурах бөгөөд үйлчлүүлэгч этгээд гарын үсэг зурж чадахгүй бол цагдаагийн алба хаагч тэр тухай тайлбар бичнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.4.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авсны дараа ажилтан боломжтой бол энэ тухай түүний гэр бүлийн насанд хүрсэн этгээдэд нь мэдэгдэх арга хэмжээ авна. 

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.5.Насанд хүрээгүй этгээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн тохиолдолд эрүүлжүүлэх байрны ажилтан уг этгээдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй холбоо тогтоож, тэдэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ авна. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй нь холбоо тогтоох боломжгүй бол насанд хүрээгүй этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.6.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно.

8.7.Үйлчлүүлэгч этгээдээс галт зэвсэг, хутга мэс, амьсгал боогдуулах, нулимс асгаруулах, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис илэрвэл цагдаагийн алба хаагч түр хураан авч, шалгах эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

8.8.Дор дурдсан этгээдийг эрүүлжүүлэх байранд хүлээн авахгүйгээр эмнэлгийн түргэн тусламж дуудаж шилжүүлж өгнө:

8.8.1.нарийн мэргэжлийн эмчийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай гэмтэл биедээ авсан, хүнд болон халдварт өвчтэй;

8.8.2.мансууруулах бодис хэрэглэж хордсон нь тогтоогдсон.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байрны нөхцөл, үйлчилгээ үзүүлэх журам

9.1.Эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх журам, зайлшгүй шаардлагатай эм, тариа, эмнэлгийн багаж хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, стандартаар батлуулна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

9.2.Үйлчлүүлэгч этгээдийг насанд хүрсэн болон насанд хүрээгүй, эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь байлгана.

9.3.Үйлчлүүлэгч этгээдэд эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдон хөтөлсөн баримт бичгийг нэгтгэн архивын нэгж үүсгэн хадгална.

Хэвлэх

10 дугаар зүйл. Тусгаарлах өрөө

10.1.Эрүүлжүүлэх байр нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгаарлах өрөөтэй байна.

10.2.Тусгаарлах өрөөний цонх нь сараалжин хамгаалалттай, хаалга нь гадна талаасаа түгжээтэй, хянах шагайвартай, агааржуулах салхивчтай, модон шалтай байна.

10.3.Үйлчлүүлэгч этгээд догшин хэрцгий авирлаж, бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол уг этгээдийг зургаан цаг хүртэл хугацаагаар тусгаарлах өрөөнд нэг удаа байлгаж болно.

10.4.Гэмт хэрэг, захиргааны зөрчилд сэрдэгдэж байгаа этгээдийг тусгаарлах өрөөнд байлгаж, эрүүлжүүлсний дараа нэг цагийн дотор хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ.

10.5.цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг тусгаарлах өрөөнд байлгах үндэслэл, тусгаарлах өрөөнд орсон, гарсан цаг, хугацааг нарийвчлан тусгасан тэмдэглэл үйлдэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

11 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байранд байлгах хугацаа

11.1.Үйлчлүүлэгч этгээдэд эрүүлжүүлэх эмнэлгийн үйлчилгээ үзүүлж, эрүүлжүүлэх байранд 24 цаг хүртэл хугацаагаар байлгаж болно.

Хэвлэх

12 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байрнаас гаргах

12.1.Эрүүлжүүлэх анхан шатны тусламж авч, өөрийн үйлдлийг удирдан хянах чадвартай болсон этгээдийг эмчийн дүгнэлтийг үндэслэн эрүүлжүүлэх байрнаас гаргах бөгөөд энэ тохиолдолд хамгаалах хүн шаардагдахгүй.

12.2.Үйлчлүүлэгч этгээдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрүүлжүүлэх байрнаас өдрийн цагаар гаргана.

12.3.Үйлчлүүлэгч этгээдийг гарах үед цагдаагийн алба хаагч түүний гарын хээ болон гэрэл зургийг санд хадгалахаар авах ба түр хадгалсан баримт бичиг, мөнгө, хувцас, эд зүйлийг өөрт нь, эсхүл уг этгээдийг авахаар ирсэн хамгаалах хүнд гэрчийн этгээдийг байлцуулан тэмдэглэлийн дагуу хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна.

12.4.Үйлчлүүлэгч этгээдэд хийсэн эмчилгээг болон эрүүлжүүлэх байрнаас гаргасан цаг, хугацааг тэмдэглэн авч, хадгална.

12.5.Эрүүлжүүлэх байрны алба хаагч нь уг байранд удаа дараа үйлчлүүлсэн этгээдийг согтуурах донтой эсэхийг тогтоолгохоор холбогдох эмнэлгийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

12.6.Эрүүлжүүлэх байр нь уг байранд үйлчлүүлсэн этгээдийн талаар мэдээллийн сантай байна.

Хэвлэх

13 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хамгаалах хүнд хүлээлгэн өгөх

13.1.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн болон түүнийг хамгаалах хүний хүсэлтээр, эсхүл цагдаагийн алба хаагч өөрөө санаачлан тухайн этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхгүйгээр хамгаалах хүнд хүлээлгэн өгч болно.

13.2.Эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирсэн этгээдийг хариуцан авахаар хамгаалах хүн ирсэн нөхцөлд тухайн этгээдийг хугацаа харгалзахгүй эрүүлжүүлэх байрнаас гаргаж, хамгаалах хүнд хүлээлгэн өгөх бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 12.1-д заасан эмчийн дүгнэлт шаардагдахгүй.

13.3.Эрүүлжүүлэх байрны ажилтан хамгаалах хүний баримт бичгийг шалгаж, хэнийг хэзээ, хаана, хэнд хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгөх үед тухайн этгээдийн өмсөж явсан хувцас, биед нь байгаа баримт бичиг, мөнгө, эд зүйл, ил мэдэгдэх гэмтэл, шарх зэргийг дэлгэрэнгүй дурдсан тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зуруулна.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.4.Хамгаалах хүсэлт гаргасан хүн нь баримт бичиггүй, өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл тухайн этгээдийг хамгаалан авч явах боломжгүй тохиолдолд эрүүлжүүлэх байрны ажилтан хамгаалуулахаар хүлээлгэн өгөхгүй. 

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

14 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байрны санхүүжилт

14.1.Аймаг, нийслэл дэх эрүүлжүүлэх байрны зардлын санхүүжилт нь улс, орон нутгийн төсөв, эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс, хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс бүрдэнэ.

14.2.Эрүүлжүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээ, үйлчилгээний хөлс төлөх журмыг хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

14.3.Эрүүлжүүлэх үйлчилгээний төлбөрийг цагдаагийн байгууллагын төсөвт төвлөрүүлэн, Төсвийн тухай хуулийн 47.1.5-д заасны дагуу албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаанд зориулан зарцуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

15 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээдийн эрх

15.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээд дараахь эрх эдэлнэ:

15.1.1.хувийн аюулгүй байдлыг хангуулах; 

15.1.2.ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөл, унтаж амрах боломжоор хангагдах;

15.1.3.гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярих, уулзах;

15.1.4.эмнэлгийн үйлчилгээг хуульд заасан журмын дагуу авах;

15.1.5.өөрийн биед авч яваа баримт бичиг, мөнгө, эд зүйлийг түр хугацаагаар хадгалуулах;

15.1.6.хамгаалах хүн ирсэн нөхцөлд хугацаа харгалзахгүй эрүүлжүүлэх байрнаас гарах.

Хэвлэх

16 дугаар зүйл. Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээдийн үүрэг

16.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа этгээд дараахь үүрэг хүлээнэ:

16.1.1.эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлөх;

16.1.2.эрүүлжүүлэх байрны дотоод журмыг сахин биелүүлэх;

16.1.3.архинд донтох өвчтэй нь нотлогдсон тохиолдолд эмчийн зөвлөмжийн дагуу цаашид эмчлүүлэх.

Хэвлэх

17 дугаар зүйл. Өргөдөл, гомдол гаргах

17.1.Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлсэн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүлжүүлэхтэй холбогдсон өргөдөл, санал, гомдлыг эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий дээд шатны байгууллагад болон шүүхэд гаргаж болно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

18 дугаар зүйл. Эрүүлжүүлэх үйл ажиллагаанд тавих хяналт

18.1.Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд харъяалах дээд шатны байгууллагууд хяналт тавина.

18.2.Эрүүлжүүлэх байрны ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.3.Энэ хуулийн 16.1.1-д заасныг зөрчсөн үйлчлүүлэгч этгээдээс эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлүүлэх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ж.БЯМБАДОРЖ