Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төмөр замын тээврийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж

2.1.Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“төмөр замын объект” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг;

3.1.2.“суурь бүтэц” гэж төмөр замын шугамын дээд, доод бүтэц болон гүүр, хоолой зэрэг инженерийн байгууламж, өртөө, зөрлөг, галт тэрэгний хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангах эрчим хүч, усан хангамж, дохиолол холбоо, мэдээллийн барилга байгууламж, гарам, хориг хашаа зэрэг техник технологийн иж бүрдлийг;

3.1.3.“төмөр замын шугам” гэж төмөр замын өртөө хоорондын зам болон өртөөн дэх түүний шууд үргэлжлэлийг;

3.1.4.“хөдлөх бүрэлдэхүүн” гэж зүтгүүр, вагон, түүнчлэн төмөр замаар явдаг бусад техникийг;

3.1.5.“салбар зам” гэж сэлгээний болон ачих, буулгах ажил хийх зориулалтаар төмөр замын шугам болон өртөөний замаас салбарлаж тавьсан замыг;

3.1.6.“нийтийн хэрэглээний зам” гэж төмөр замын шугам, өртөөнд галт тэрэг хүлээж авах, явуулах, ялгах болон сэлгээний ажил гүйцэтгэх, ачаа, ачаан тээш хүлээн авах, олгох, зорчигчдод үйлчлэх зам, түүнчлэн нийтэд үйлчлэх зориулалттай бусад салбар замыг;

3.1.7.“нийтийн хэрэглээний талбай” гэж зорчигчийн тавцан болон үйлчлүүлэгчийн ачаа, тээш, ачаан тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах зориулалтаар нийтэд үйлчлэхээр тусгайлан гаргасан агуулах, талбайг;

3.1.8.“дагнасан хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах буюу гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан салбар замыг;

3.1.9.“дагнасан хэрэглээний талбай” гэж үйлчлүүлэгчийн ачаа, тээш, ачаан тээшийг ачих, буулгах, ялгах, хадгалах зориулалтаар тусгайлан гаргасан агуулах, талбайг;

3.1.10.“төмөр замын гарам” гэж авто болон явган хүний зам төмөр замтай нэг түвшинд огтлолцсоныг;

3.1.11.“төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг;

3.1.12.“төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг;

3.1.13.“төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг;

3.1.14.“овор” гэж хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүйн техникийн шаардлагын дагуу төмөр замын объект, хөдлөх бүрэлдэхүүн, төмөр замын ойролцоох барилга байгууламж, ачаа байршлын зайн хязгаарыг тогтоосон хэмжээг;

3.1.15.“төмөр замын байгууллага” гэж суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчийг;

3.1.16.“суурь бүтэц эзэмшигч” гэж суурь бүтцийг өмчлөх буюу эзэмших эрхтэй, суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.17.“тээвэрлэгч” гэж төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.18.“нийтийн хэрэглээний зам эзэмшигч” гэж эзэмшилдээ нийтийн хэрэглээний замтай хуулийн этгээдийг;

3.1.19.“нийтийн хэрэглээний талбай эзэмшигч” гэж эзэмшилдээ нийтийн хэрэглээний талбай бүхий хуулийн этгээдийг;

3.1.20.“дагнасан хэрэглээний зам эзэмшигч” гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний замтай хуулийн этгээдийг;

3.1.21.“дагнасан хэрэглээний талбай эзэмшигч” гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний талбай бүхий хуулийн этгээдийг;

3.1.22.“дайвар үйлчлүүлэгч” гэж бусдын эзэмшлийн нийтийн болон дагнасан хэрэглээний замд өөрийн эзэмшлийн агуулах, талбайтай, эсхүл өртөө, зөрлөгийн замд өөр салбар замаар дамжин холбогдож буй нийтийн буюу дагнасан хэрэглээний зам бүхий иргэн, хуулийн этгээдийг;

3.1.23.“төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа” гэж ачаа, тээш, ачаан тээш, чингэлгийг тээвэрлэхэд бэлтгэх, хүлээн авах, ачих, тээвэрлэх, буулгах, хүлээлгэн өгөх болон зорчигч тээвэрлэх, сэлгээний ажил гүйцэтгэх үеийн зохион байгуулалт, технологийн харилцан уялдаатай цогцолбор ажил, үйлчилгээг;

3.1.24.“суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг” гэж суурь бүтцийн хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөлтийн баримт бичгийг;

3.1.25.“хөдөлгөөний нэгдсэн зурмаг” гэж Монгол Улсын нийт суурь бүтцүүдийн хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулах төлөвлөлтийн баримт бичгийг;

3.1.26.“хатуу тооцоот багаж, хэрэгсэл” гэж хяналт, бүртгэлгүйгээр ашиглах нь төмөр замын тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй ашиглах, хүлээлцэх тусгай журам бүхий төмөр замын засвар, үйлчилгээний багаж, хэрэгслийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Энэ хуулиар өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр төмөр замын тээврийн бүх төрлийн үйл ажиллагааг зохицуулна.

Хэвлэх

5 дугаар зүйл. Төмөр замын тээврийн үйл ажиллагааны үндсэн зарчим

5.1.Төмөр замын тээврийн үйл ажиллагаанд дор дурдсан зарчмыг баримтална:

5.1.1.зурмагийн нэгдмэл зохицуулалттай байх;

5.1.2.байнгын хяналттай байх;

5.1.3.үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хангах;

5.1.4.тасралтгүй үйл ажиллагааг хангах;

5.1.5.зах зээлийн өрсөлдөөнт нөхцөлийг бий болгох;

5.1.6.тээврийн бусад салбарын үйл ажиллагаатай уялдуулах.

5.2.Төрөөс төмөр замын тээврийн үйл ажиллагааг хянан зохицуулж, төмөр замын тээврийг хөгжүүлэхэд оролцоно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Төмөр замын объектын өмчлөл

6.1.Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна.

6.2.Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцөлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно.

6.3.Төмөр замын зурвас газар болон улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцээс бусад төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно.

6.4.Ашиглалтын тодорхой хугацааны дараа суурь бүтцийн тодорхой хувийг энэ хуулийн 6.2-д заасны дагуу төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд шилжүүлэх хугацаа, нөхцөлийг суурь бүтэц эзэмшигчтэй тохиролцож, суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөлд тусгана.

Хэвлэх

7 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тариф, хөлс

7.1.Төмөр замын байгууллага нь зүй ёсны монополи болон зах зээл дээр давамгайлсан ажил, үйлчилгээтэй холбоотой төмөр замын тээврийн үйлчилгээний хөлс, тарифыг энэ хууль болон Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нийцүүлэн тогтооно.

7.2.Төмөр замын олон улсын тээвэрлэлтийн тарифыг Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн тогтооно.

7.3.Тарифын өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос 10-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төмөр замын тээврийн талаархи төрийн зохицуулалт

8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

8.1.Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого тодорхойлох;

8.1.2.төмөр замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах;

8.1.3.төмөр замын тээврийн талаархи олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

9.1.Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.төмөр замын тээврийн талаархи төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;

9.1.2.суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох, цуцлах;

9.1.3.төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох;

9.1.4.төмөр замын зурвас газар эзэмшигчийг газрын төлбөрөөс хөнгөлөх асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх;

9.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

10 дугаар зүйл. Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

10.1.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.төмөр замын тээврийн талаарх хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;

10.1.2.төмөр замын тээврийн салбар дахь төрийн өмчийн ашиглалт болон төрийн захиалгаар хийгдэх тээвэрлэлттэй холбоотой үйл ажиллагаанд төрийн төлөөллийг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хэрэгжүүлэх;

10.1.3.төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг батлах;

10.1.4.төмөр замын тээврийн салбарт шударга бус өрсөлдөөн үүсэхээс сэргийлэх зорилгоор тариф, бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээ, гэрээний өөрчлөлтийг хянаж, санал, дүгнэлт гаргах;

10.1.5.суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх болон суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.1.6.төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.1.7.төмөр замын объект, салбар замыг өргөтгөх, шинээр барих ажиллагаанд хяналт тавих;

10.1.8.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авах;

10.1.9.төмөр замын техникийн осол, сүйрлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох;

10.1.10.төмөр замын тээврийн салбарт мөрдөх улсын стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

10.1.11.төмөр замын мэргэжлийн ажилтан ажиллах албан тушаалын жагсаалт, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажил, албан тушаалын жагсаалтыг батлах;

10.1.12.төмөр замын тээврийн салбарын статистик, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хөтлөх;

10.1.13.төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журмыг Тагнуулын ерөнхий газартай хамтран батлах;

10.1.14.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын төрийн тэргүүн зэрэг төрийн өндөр албан тушаалтны зорчих тусгай галт тэрэгний аялах журмыг Тагнуулын ерөнхий газартай зөвшилцөн батлах;

10.1.15.төмөр замын олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх;

10.1.16.зарим төрлийн /зорчигч, шуудан, улс орны эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой ачааны г.м./ тээвэрлэлтэд давуу байдал олгох;

10.1.17.тусгай тээвэрлэлт болон цэргийн тээвэрлэлт гүйцэтгэх журмыг эрх бүхий байгууллагатай зөвшилцөн батлах;

10.1.18.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Дээрх 10.1 дэх хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10.2./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.3.Төрийн захиргааны төв байгууллагын харьяанд төмөр замын тээврийн хяналтын алба, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ажиллана.

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.4.Төрийн захиргааны төв байгууллага нь дэргэдээ сургалт, судалгаа шинжилгээний байгууллагатай байж болно.

/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

11 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

11.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.төмөр замын зурвас газар, объект, өртөө, буудалд нийгмийн хэв журам сахиулах ажлыг төмөр замын байгууллагатай хамтран зохион байгуулах;

11.1.2.хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төмөр замын хөдөлгөөнтэй шууд холбоотой албан тушаалд ээлжээр ажилладаг ажилтныг цэргийн албанд татахаас бусад дайчилгаанд хамааруулахгүй байх;

11.1.3.байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах, төмөр замын байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах мод, хайрга, чулуу, элс, ус зэргийг хууль тогтоомжийн дагуу олгох;

11.1.4.шаардлагатай бол байгалийн гамшиг, төмөр замын сүйрэл, осол, гологдлын хор уршгийг арилгах болон аюулгүй байдлыг хангахад нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс тоног төхөөрөмжийг нөхөн олговортойгоор гаргуулах, хүн хүчний туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах.

Хэвлэх

12 дугаар зүйл.

/Энэ зүйлийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/Хэвлэх

13 дугаар зүйл. Төмөр замын тээврийн хяналтын алба, түүний бүрэн эрх

13.1.Төмөр замын тээврийн хяналтын алба /цаашид “хяналтын алба” гэх/ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлнэ.

13.2.Хяналтын алба нь улсын ахлах байцаагч, улсын байцаагчаас бүрдэнэ.

13.3.Улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч олгоно.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

13.4.Төмөр замын тээврийн улсын ахлах байцаагч нь хяналтын албаны дарга байна.

13.5.Хяналтын алба нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.5.1.төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

13.5.2.төмөр замын тээвэрт ашиглаж буй техник, төхөөрөмж, байгууламж болон төмөр замын тээвэртэй холбоотой ажил, үйлчилгээ, технологийн горим нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг өмчийн хэлбэр, байршил харгалзахгүйгээр шалгах;

13.5.3.галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хянаж, сүйрэл, осол, гологдол гарах нөхцөл бий болсон үед төмөр замын объектын ашиглалтыг хязгаарлах, түр зогсоох;

13.5.4.төмөр замын тээвэрт гарсан сүйрэл, осол, гологдлын шалтгааныг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах, арга хэмжээ авах;

13.5.5.тусгай зөвшөөрөл, гэрчилгээг түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар эрх бүхий байгууллагад санал оруулах;

13.5.6.ачаа, чингэлэг, ачаан тээш, тээшний жин болон тээврийн бичиг баримт, түүнтэй холбогдох бусад мэдээллийг шалгах;

13.5.7.хяналтын албаны эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа төмөр замын тээвэрт ашиглаж байгаа барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүнд чөлөөтэй нэвтрэх, зорчих;

13.5.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

13.6.Хяналтын албаны ажилтнууд тусгай дүрэмт хувцас хэрэглэнэ.

Хэвлэх

14 дүгээр зүйл. Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, түүний чиг үүрэг, бүрэн эрх

14.1.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв /цаашид “хөдөлгөөн зохицуулалтын төв” гэх/ нь төмөр замын байгууллагуудын галт тэрэгний хөдөлгөөнийг уялдуулан зохицуулах чиг үүрэгтэй.

14.2.Хөдөлгөөн зохицуулалтын төвийн ажиллах журмыг төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр тодорхойлно.

14.3.Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын төв нь дараахь бүрэн эрхтэй:

14.3.1.хөдөлгөөний нэгдсэн зурмагийг батлах;

14.3.2.хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд суурь бүтцүүдийн хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулж, зохицуулалт хийх;

14.3.3.суурь бүтэц эзэмшигч хоорондын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын харилцан уялдааг хангах;

14.3.4.галт тэрэгний хөдөлгөөний удирдлагатай холбоотой санал, дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх;

14.3.5.галт тэрэгний хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн суурь бүтэц эзэмшигчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

14.3.6.тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч төмөр замын байгууллагын нэгдсэн технологийн горимыг боловсруулах;

14.3.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

15 дугаар зүйл. Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм

15.1.Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр дараахь журмыг тогтооно:

15.1.1.төмөр замын техник ашиглалтын журам;

15.1.2.төмөр замын дохиолол холбооны журам;

15.1.3.галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам;

15.1.4.төмөр замын тээвэр дэх осол, гологдлыг судлан бүртгэх журам;

15.1.5.төмөр замаар ачаа тээвэрлэх журам;

15.1.6.төмөр замаар зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх журам;

15.1.7.төмөр замын тээвэр зуучлалын үйл ажиллагааны журам;

15.1.8.галт тэрэгний зурмаг зохицуулалтын журам;

15.1.9.суурь бүтэц ашиглуулах журам, тариф тогтоох аргачлал;

15.1.10.төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам;

15.1.11.төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, аюулгүйн бүсэд төмөр замын болон бусад объект байрлуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, нэвтрэх журам;

15.1.12.Монгол Улсын хилээр нэвтэрч буй хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл хөтлөх, хүлээлцэх журам;

15.1.13.галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам, ажлын цагийн хуваарь, хөдөлмөрийн нөхцөл;

15.1.14.холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталсан төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, сургалт явуулах, мэргэжлийн шалгалт авах журам;

15.1.15.суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам ашиглах, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоорондын хамтран ажиллах болон тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээний үлгэрчилсэн загвар;

15.1.16.төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам.

Хэвлэх

16 дугаар зүйл. Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл

16.1.Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/ дараахь төрөлтэй байна:

16.1.1.суурь бүтэц барих, ашиглах;

16.1.2.суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;

16.1.3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх.

16.2.Тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлж, төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ:

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.2.1.техник, эдийн засгийн урьдчилсан үндэслэл;

16.2.2.эзэмшилдээ байгаа төмөр замын объект, үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.

16.3.Суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргахдаа энэ хуулийн 16.2-т зааснаас гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

16.3.1.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

16.3.2.хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэр;

16.3.3.үйл ажиллагаа эхлэх хугацаа, эзэмшилд байх газрын зааг.

16.4.Төрийн захиргааны төв байгууллага өргөдлийг хүлээн авч дараахь нөхцөл байдлыг шалгана:

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.4.1.төмөр замын тухай хууль тогтоомж, стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн хэрэгжилт, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан эсэх;

16.4.2.дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, зааврын бүрдлийг хангасан эсэх;

16.4.3.тусгай зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадвартай эсэх.

16.5.Суурь бүтэц барих, ашиглах тусгай зөвшөөрлийг хянан шийдвэрлэх үед холбогдох төрийн захиргааны төв байгууллага дараахь нөхцөл байдлыг шалгаж, дүгнэлт гаргана:

16.5.1.улс орныг батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, нийтийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолд харшлах нөхцөл байдал байгаа эсэх;

16.5.2.эзэмшилд олгох газар нь улсын тусгай хэрэгцээний буюу бусдын эзэмшлийн газартай давхцаж байгаа эсэх;

16.5.3.байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах эсэх;

16.5.4.Засгийн газрын үүрэг болгосон холбогдох бусад асуудал.

16.6.Өргөдөл гаргагч өргөдөл гаргасны дараа тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлэх, баримт бичгийн иж бүрдлийг хангах болон бусад асуудлаар өргөдөл хянан үзэх ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 16.9-д заасан хугацааг баримт бичгийн иж бүрдлийг хангасан үеэс эхлэн тоолно.

16.7.Төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нягтлан шалгаад дүгнэлт, суурь бүтэц ашиглах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэж тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзсан тухай шийдвэрийн аль нэгийг нь гаргана.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.8.Төрийн захиргааны төв байгууллага нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох баримтыг 14 хоногийн дотор хянаж, дүгнэлтийн хамт эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан, 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.9.Эрх бүхий байгууллага нь суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 45 хоногийн дотор, суурь бүтэц ашиглах, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох асуудлыг 21 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

16.10.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 21 хоногийн өмнө гаргаж, эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлыг 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

16.11.Тусгай зөвшөөрөл олгох, эсхүл олгохоос татгалзсан шийдвэрийг хуульд заасан хугацаанд багтаан бичгээр хариу өгнө.

Хэвлэх

17 дугаар зүйл. Төмөр замын тээврийн салбар дахь стандартчилал

17.1.Төмөр замын тээврийн салбарт баримтлах стандартыг энэ хууль болон стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль тогтоомжийн дагуу боловсруулан баталж, мөрдүүлнэ.

17.2.Хууль тогтоомж, үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн эрх ашигт харшлахгүй, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулахгүй бол төрийн захиргааны төв байгууллага нь олон улс, гадаад улсын дэвшилттэй стандартыг эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр хэрэглэж болно.

 /Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, иргэн, тэдгээрийн эрх, үүрэг

18 дугаар зүйл. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч байгууллага, иргэн

18.1.“Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч” гэдэгт төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасны дагуу тээвэрлэлтийг зохион байгуулах үүрэг бүхий суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хамаарна.

18.2.Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллагатай энэ хуулийн 15.1.15-д заасан загвараар гэрээ байгуулж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасны дагуу үүрэг, үйл ажиллагаа явуулах хүрээг зааглан тодорхойлох арга хэмжээ авна.

18.3.Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч дор дурдсан нийтлэг эрхтэй байна:

18.3.1.төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан шийдвэрийн дагуу төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;

18.3.2.хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм, бусад дүрэм, стандартыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд дотооддоо үйлчлэх техник, технологийн дүрэм, журам, зааврыг баталж, мөрдүүлэх;

18.3.3.төмөр замын тээврийн үйлчилгээний үнэ, тарифыг улс орны эдийн засгийн тогтвортой хөгжил, хэрэглэгчийн ашиг сонирхлыг харгалзан энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу тогтоож, мөрдөх;

18.3.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.

18.4.Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч нь дор дурдсан нийтлэг үүрэгтэй байна:

18.4.1.тусгай зөвшөөрөл, гэрчилгээтэй байх;

18.4.2.төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай мэргэжлийн ажилтантай байх;

18.4.3.төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм болон холбогдох бусад дүрэм, стандартыг дагаж мөрдөх;

18.4.4.төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагатай холбоотой захирамжлалыг биелүүлэх;

18.4.5.эзэмшиж буй төмөр замын объектын тасралтгүй, хэвийн ажиллагааг хангах, тэдгээрийн бүртгэлийг хөтөлж, тогтоосон журам, технологийн дагуу үзлэг, үйлчилгээ хийх;

18.4.6.үйл ажиллагааны орлогын тодорхой хэсгийг төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангахад зарцуулах;

18.4.7.төмөр замын тээвэртэй холбоотой үйл ажиллагааны талаар төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдээ, тайлан гаргаж өгөх;

18.4.8.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

18.5.Тээвэрлэлтэд оролцогчийн тээвэрлэлтийн үйл ажиллагаатай холбоо-той харилцааг Иргэний хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм болон холбогдох бусад эрх зүйн актаар зохицуулна.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Суурь бүтэц эзэмшигчийн эрх, үүрэг

19.1.Суурь бүтэц эзэмшигч нь дараахь эрхтэй:

19.1.1.суурь бүтцийг өөрөө ашиглах буюу гэрээний үндсэн дээр тээвэрлэгчид ашиглуулах;

19.1.2.суурь бүтэц ашиглуулсны төлбөр болон гэрээнд заасан бусад засвар, үйлчилгээний хөлс авах;

19.1.3.суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийг тогтоосон журмаар батлах, хөдөлгөөний нэгдсэн зурмагт санал өгөх;

19.1.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.

19.2.Суурь бүтэц эзэмшигч нь дараахь үүрэгтэй:

19.2.1.өөрийн эзэмшлийн суурь бүтцийн техникийн аюулгүй байдлыг хангаж, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

19.2.2.хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагийн дагуу өөрийн эзэмшлийн суурь бүтцийн үйлчилгээний хүрээнд галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах, хөдөлгөөний удирдлагыг хэрэгжүүлэх;

19.2.3.суурь бүтцийн нэвтрүүлэх хүчин чадлыг харгалзан тээвэрлэгч, түүний дотор өөрийн харъяаллын буюу өөрийн хөрөнгө оруулалттай тээвэрлэгчтэй суурь бүтэц ашиглалтын гэрээг ижил нөхцөлөөр байгуулж, тээвэрлэлт хийх нөхцөлийг бүрдүүлэх;

19.2.4.суурь бүтцийн үйлчлэлийн хүрээнд дагнасан хэрэглээний зам эзэмшигчидтэй гэрээ байгуулж, галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэмжээ авах;

19.2.5.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

19.3.Суурь бүтэц эзэмшигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд суурь бүтэц болон тээвэрлэлтийн үйл ажиллагааны санхүүгийн тооцоо тусдаа байна.

19.4.Суурь бүтэц эзэмшигч нь төмөр замын объект, тээвэрлэж байгаа ачаа, тээш, ачаан тээшийг гэмт халдлагаас хамгаалах үүрэг бүхий харуул хамгаалалтын болон хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийн биелэлт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий дотоод хяналтын албатай байна.

Хэвлэх

20 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх, үүрэг

20.1.Тээвэрлэгч дараахь эрхтэй:

20.1.1.гэрээний дагуу суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглах;

20.1.2.захиалга, гэрээний дагуу өөрөө буюу бусад тээвэрлэгчээр дамжуулан тээвэрлэлтийг хэрэгжүүлэх;

20.1.3.гэрээгээр тохирсон үйлчилгээний хөлс авах;

20.1.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.

20.2.Тээвэрлэгч дараахь үүрэгтэй:

20.2.1.шударга бус өрсөлдөөн гаргахгүй байх зорилгоор тээвэрлүүлэгчдэд, тэдгээрийн дотор өөрийн шууд харъяаллын байгууллагад тээвэрлэлтийн илүү хөнгөлттэй нөхцөл олгохгүй байх;

20.2.2.эзэмшилдээ байгаа хөдлөх бүрэлдэхүүний техникийн болон ашиглалтын аюулгүй байдлыг хангах;

20.2.3.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

20.3.Тээвэрлэгч нь хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэмд зааснаас бусад үндэслэлээр үйлчилгээ үзүүлэхээс татгалзахыг хориглоно.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч

21.1.Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч болон дайвар үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж өөрийн зам, талбайд ачаа, ачаан тээш, вагон, чингэлгийг тээвэрлэлтэд бэлтгэх, ачих, буулгах, хадгалах үйлчилгээ үзүүлнэ.

21.2.Нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбайг ашиглахтай холбоотой харилцааг төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр зохицуулна.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Төмөр замын объект

22 дугаар зүйл. Төмөр замын объектод тавигдах үндсэн шаардлага

22.1.Суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой бусад төхөөрөмж, байгууламж нь төмөр замын хөдөлгөөний болон техникийн аюулгүй ажиллагаа, технологийн горим, стандарт, шаардлагад нийцсэн байна.

Хэвлэх

23 дугаар зүйл. Суурь бүтцийг барьж байгуулах, шинэчлэх

23.1.Суурь бүтцийг барих, сайжруулах үйл ажиллагааг суурь бүтэц эзэмшигчийн болон улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, түүнчлэн хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

23.2.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотуудыг холбосон төмөр замын шугам шинээр барихад улсын буюу тухайн орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж болно.

23.3.Энэ хуулийн 23.2-т заасан төмөр замын шугам барих үйл ажиллагаанд Засгийн газар, тухайн орон нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, түүнчлэн холбогдох бусад байгууллага бүх талаар дэмжлэг үзүүлнэ.

23.4.Энэ хуулийн 23.2, 23.3-т заасан хөрөнгө оруулалтын болон эрх бүхий байгууллагын дэмжлэг авахдаа шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийг баримтална.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын үндсэн шаардлага

24 дүгээр зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа

24.1.Төмөр замын тээврийн аюулгүй байдал нь төмөр замын болон бусад байгууллага, иргэдийн дараахь үйл ажиллагаагаар хангагдана:

24.1.1.зорчигчийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх;

24.1.2.хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;

24.1.3.ачаа, тээш, ачаан тээшийг бүрэн бүтэн тээвэрлэх;

24.1.4.төмөр замын байгууллагын ажилтанд тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах;

24.1.5.хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх.

Хэвлэх

25 дугаар зүйл. Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах ажлын зохион байгуулалт

25.1.Төмөр замын байгууллага, түүний салбар нэгж, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний технологийн хэвийн ажиллагааг хөдөлгөөний нэгдсэн зурмаг, суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмагаар зохицуулах бөгөөд тэдгээрийг энэ хуульд нийцүүлэн тогтоосон журмын дагуу эрх бүхий байгууллагын дарга батална.

25.2.Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс нийлүүлэгч нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой суурь бүтцийн эрчим хүчний хангалтыг тасалдуулахгүй байх арга хэмжээ авна.

25.3.Зорчигч, тээш тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн галт тэргийг өртөө, зөрлөгт зөвхөн зориулалтын замаар хүлээн авч явуулах бөгөөд зорчигчийн галт тэргийг хүлээн авах, явуулах зориулалтын зам нь стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр тогтоосон хэмжээний гэрэлтүүлэг, тавцан, талбайтай байна.

25.4.Төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь тэмдэг, дугаар бүхий хатуу тооцоот багаж, хэрэгсэлтэй байх бөгөөд түүний жагсаалт, ашиглах болон хүлээлцэх журмыг төрийн захиргааны төв байгууллага тогтоож, жагсаалтыг Тагнуулын ерөнхий газарт бүртгүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

25.5.Суурь бүтэц эзэмшигч нь байгалийн гамшиг, гал түймэр, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах зориулалтын техник хэрэгсэл бүхий сэргээн босгох болон гал унтраах галт тэрэгтэй байх бөгөөд тэдгээрийг байнгын бэлэн байдалтай байлгах үүрэгтэй.

25.6.Төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд саад учруулах байгалийн гамшиг, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах талаар шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй.

25.7.Хүний амь нас, эрүүл мэнд, ачаа, тээш, ачаан тээш, хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлын үр дагаврыг арилгахад холбогдох төрийн захиргааны болон орон нутгийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж, иргэн туслах үүрэгтэй.

25.8.Төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон байгалийн гамшиг, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах үүрэгтэй холбогдох төрийн захиргааны байгууллагаас бусад байгууллага, иргэн энэ хуулийн 25.7-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд гаргасан зардал, хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу төмөр замын байгууллагаас нөхөн гаргуулах эрхтэй.

Хэвлэх

26 дугаар зүйл. Аюултай ачааны тээвэрлэлт, аюултай байгууламжийн ашиглалт, хамгаалалт

26.1.Аюултай ачааны үйлдвэрлэл, хадгалалт, ачилт, буулгалт, дамжуулалт хийж байгаа газрын барилга байгууламжууд /цаашид “аюултай байгууламжууд” гэх/ нь суурь бүтцээс аюулгүй ажиллагааг хангахуйц зайд байрлах бөгөөд аюултай байгууламж байрлуулах зай, огтлолцлын болон байршлын нөхцөлийг тодорхойлох журмыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

26.2.Аюултай байгууламж эзэмшигч нь түүний аюулгүй ажиллагааг хариуцаж, аюултай байгууламжтай холбоотой осол, гэмтэл гарсан тохиолдолд суурь бүтэц эзэмшигчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

26.3.Аюултай ачааг төмөр замаар тээвэрлэхэд бэлтгэх, ачих, буулгах үеийн аюулгүй байдлыг ачаа илгээгч болон ачаа хүлээн авагч хангана.

26.4.Аюултай ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны үед гарсан осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгахад суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь өөрийн галын болон сэргээн босголтын хэрэгслийг ашиглан оролцох үүрэгтэй.

Хэвлэх

27 дугаар зүйл. Төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүс тэдгээрийн дэглэм

27.1.Төмөр замын зурвас газрын хэмжээг энэ хууль болон газрын тухай хууль тогтоомжийг үндэслэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, төслийн баримт бичгийг харгалзан тодорхойлно.

27.2.Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм, хэмжээг хот байгуулалт, төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл шаардлагыг харгалзан Засгийн газар тогтооно.

27.3.Төмөр замын зурвас газрыг суурь бүтэц эзэмшигч тодорхой нөхцөл, хугацаа, төлбөртэйгээр ашиглана.

27.4.Төмөр замын зурвас газарт байгаа мод, бут, өвс, ургамал нь тээврийн аюулгүй байдалд саад учруулахаар бол төмөр замын байгууллага тэдгээрийг шилжүүлэн суулгах, тайрах, огтлох, хадах, түймэр гаргахгүйгээр шатаах зэргээр аюулгүй байдлын нөхцөлийг хангана.

27.5.Төмөр замын зурвас газар, аюултай бүсэд төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон дайвар үйлчлүүлэгч хаалт, хамгаалалт хийнэ.

27.6.Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно.

27.7.Төмөр замын байгууллага нь төмөр замын зурвас газарт хамаарах сул, чөлөөтэй газрыг газар тариалан, зорчигч үйлчилгээ, шатамхай болон аюултай ачаанаас бусад ачааг хадгалах, буулгах, үйлчилгээ эрхлэх болон бусад зориулалтаар төмөр замын тээврийн аюулгүй байдлын шаардлагад чанд нийцүүлэн иргэн, хуулийн этгээдэд түрээслүүлэн ашиглуулж болно.

27.8.Аюултай бүсийн дэглэмийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

27.9.Төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүс нь бусад тусгай дэглэм бүхий газруудтай давхардаж байгаа бол тухайн газарт тэдгээрийн талаар тогтоосон хамгийн хатуу дэглэм үйлчилнэ.

27.10.Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

28 дугаар зүйл. Төмөр замын гармыг ашиглах дэглэм

28.1.Төмөр замын гармыг нээх, ашиглах, хаах, хамгаалалтын дохио, тэмдэг, төхөөрөмжөөр тоноглох, засварлах, түүнчлэн төмөр замын гармын зэрэглэл тогтоох журмыг төрийн захиргааны төв байгууллага цагдаагийн байгууллагатай зөвшилцөн батална.

28.2.Төмөр замын гармын байршлыг тогтоохдоо нутгийн өөрөө удирдах байгууллага болон төмөр замын байгууллагын саналыг харгалзана.

28.3.Төмөр замын гармын хэвийн ажиллагаа, ашиглалт, үйлчилгээ, аюулгүй байдлыг суурь бүтэц эзэмшигч хариуцна.

28.4.Гинжит машин механизм, овортой ачаа бүхий авто тээврийн хэрэгслийг төмөр замын гармаар гаргахдаа тухайн гармыг хариуцсан суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр түүний томилсон ажилтны хяналтын дор гүйцэтгэнэ.

28.5.Төмөр замыг төмөр замын бусад шугам болон авто замтай ижил бус түвшинд огтлолцуулах шаардлагатай бол ийнхүү ижил бус түвшинд огтлолцуулах үүргийг шинээр буюу сүүлд зам тавьж байгаа этгээд хүлээнэ.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөр зохицуулалт, нийгмийн баталгаа

29 дүгээр зүйл. Төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөрийн нөхцөл

29.1.Төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөр зохицуулалт, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг энэ хууль, Хөдөлмөрийн тухай хууль5, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

29.2.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн зохион байгуулагч, тээвэрлэлтийн үйлчилгээний ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ дүрэмт хувцас хэрэглэнэ.

29.3.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилд зохих сургалтад хамрагдаж, тухайн ажлыг гүйцэтгэх эрх авсан, эрүүл мэндийн хувьд тэнцсэн, 18 насанд хүрсэн иргэнийг ажиллуулна.

29.4.Эрүүл мэндийн үзлэг хийх хугацаа, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

29.5.Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой, аюултай бүсэд ажиллаж, галт тэргэнд хяналт, шалгалт хийж байгаа төмөр замын техник хэрэгслийг турших ажилд оролцогч ажилтан нь ажил олгогчийн зардлаар гэнэтийн ослын даатгалд заавал хамрагдана.

29.6.Энэ хуулийн 29.5-д заасан гэнэтийн ослын даатгалд хамрагдаагүйгээс учирсан хохирлыг ажил олгогч хариуцна.

Хэвлэх

30 дугаар зүйл. Төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөрийн сахилга

30.1.Төмөр замын байгууллагын ажилтны хөдөлмөрийн сахилгыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.

30.2.Төмөр замын байгууллагын захиргаа хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд дараахь сахилгын шийтгэл ногдуулна:

30.2.1.сануулах;

30.2.2.үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

30.2.3.төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх;

30.2.4.ажлаас халах.

Хэвлэх

31 дүгээр зүйл. Төмөр замын байгууллагын ажилтны нийгмийн баталгаа

31.1.Төмөр замын байгууллагын ажилтан дор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

31.1.1.төмөр замын байгууллагад тасралтгүй 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй, 20-иос доошгүй жил ажилласан эмэгтэй төмөр замын байгууллагаас тэтгэвэр тогтоолгосон бол зургаан сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж авах;

31.1.2.Монгол Улсын нутаг дэвсгэрийн дотор төмөр замаар аялах тохиолдолд жилд хийх нэг удаагийн аяллын ирэх, очих замд галт тэргээр үнэгүй зорчих.

31.2.Төмөр замын байгууллагын ажилтан хууль тогтоомжид заасан нийгмийн бусад баталгааг эдэлнэ.

31.3.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасны дагуу нөхөн төлбөр олгоно.

31.4.Энэ хуулийн 31.1, 31.3-т заасан нийгмийн баталгаатай холбогдон гарах зардлыг төмөр замын байгууллага хариуцна.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
Төмөр замын тээврийн зохион байгуулалтын бусад асуудал

32 дугаар зүйл. Төмөр замын тээвэр дэх даатгал

32.1.Зорчигч галт тэргээр явахдаа гэнэтийн ослын даатгалд хамрагдах үүрэгтэй.

32.2.Төмөр замын объект, төмөр замаар тээвэрлэх ачаа, тээш, ачаан тээшийг хууль тогтоомжид заасан журмаар даатгалд хамруулж болно.

Хэвлэх

33 дугаар зүйл. Төмөр замын тээвэрт хэрэглэх хэл

33.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төмөр замын байгууллага нь өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх, албан хэрэг хөтлөхдөө төрийн албан ёсны хэлийг хэрэглэнэ.

33.2.Төмөр замын өртөө, буудал, бусад газарт зорчигч болон ачаа илгээгч, хүлээн авагчид шаардлагатай мэдээллийг төрийн албан ёсны хэлнээс гадна өөр хэлээр хүргэж болно.

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
Төмөр замын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

34 дүгээр зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

34.1.Төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

34.1.1.төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, төмөр замын тээврийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийг 10.000-30.000 төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг 5.000-10.000 төгрөгөөр торгох;

34.1.2.төмөр замын осол, сүйрэл, гологдлоос сэргийлэх арга хэмжээг зохих ёсоор аваагүй, төмөр замын ажилтанд зааварчилгааг тогтоосон журмын дагуу өгөөгүй бол төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийг 20.000-50.000 төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг 5.000-15.000 төгрөгөөр торгох;

34.1.3.энэ хуулийн 34.1.1, 34.1.2-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан, төмөр замын тээврийн аюулгүй байдлын журмыг ноцтой зөрчиж, хүний амь нас эрсэдсэн осол, төмөр замын хэвийн үйл ажиллагааг удаан хугацаагаар алдагдуулсан сүйрэл гарахад хүргэсэн төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийн тусгай зөвшөөрөл, гэрчилгээг хүчингүй болгох, эсхүл хүчингүй болгохгүйгээр 50.000-250.000 төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг 10.000-50.000 төгрөгөөр торгох;

34.1.4.төмөр замын зурвас газрын дэглэм зөрчсөн бол аж ахуйн нэгж, байгууллагыг 50.000-150.000, иргэнийг 10.000-30.000 төгрөгөөр торгох;

34.1.5.төмөр замын аюултай бүсийн хамгаалалтыг хэрэгжүүлээгүй бол төмөр замын байгууллагыг 10.000-30.000 төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг 5.000-15.000 төгрөгөөр торгох;

34.1.6.төмөр замын аюултай бүсийн хамгаалалтын арга хэмжээг зохих ёсоор аваагүйгээс осол, гологдол гаргасан бол төмөр замын байгууллагыг 100.000-250.000 төгрөгөөр, буруутай албан тушаалтан, ажилтныг 20.000-50.000 төгрөгөөр торгох;

34.1.7.төмөр замын аюулгүйн бүсийн дэглэм зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-100.000 төгрөгөөр, иргэнийг 10.000-30.000 төгрөгөөр торгох;

34.1.8.энэ хууль, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр тодорхойлсон тээвэр, үйлчилгээний журам зөрчсөн төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигчийг 50.000-100.000 төгрөгөөр, албан тушаалтныг 10.000-25.000 төгрөгөөр торгох;

34.1.9.энэ хуулийн 18, 19, 20, 21 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй төмөр замын байгууллага, нийтийн болон дагнасан хэрэглээний зам, талбай эзэмшигч болон төмөр замын тээврийн үйлчилгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, техникийн стандарт шаардлагатай холбоотой хууль тогтоомж зөрчсөн төмөр замын бус байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-100.000 төгрөгөөр, тэдгээрийн буруутай албан тушаалтныг 10.000-50.000 төгрөгөөр, иргэнийг 2.000-5.000 төгрөгөөр торгох;

34.1.10.энэ хуулийн 34.1.9-д заасан зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл ноцтой зөрчил гаргасан бол аж ахуйн нэгж, байгууллагыг 150.000-250.000 төгрөгөөр, тэдгээрийн буруутай албан тушаалтан, ажилтныг 30.000-50.000 төгрөгөөр, иргэнийг 10.000-30.000 төгрөгөөр торгох.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих