Хэвлэх DOC Татаж авах
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1999 оны 7 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот

ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын тагнуулын байгууллага /цаашид “тагнуулын байгууллага” гэх/-ын тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тодорхойлж, тагнуулын алба хаах журам, тагнуулын ажилтны эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж

2.1.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“гадаад тагнуулын үйл ажиллагаа” гэж гадаад улс, түүний байгууллагын Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн бодлого, үйл ажиллагаа, чадавхийн талаар мэдээ олох, цуглуулах, дүн шинжилгээ хийж мэдээлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тодорхой асуудлаар төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх цогц арга хэмжээг;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.2.”сөрөх тагнуулын үйл ажиллагаа” гэж Монгол Улсын эсрэг гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэдээс явуулж буй тагнах болон бусад үйл ажиллагаа, Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх ажиллагааг;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.1.3.“гадаадын тусгай алба” гэж тагнуулын үйл ажиллагаа, эсхүл тагнуулын үйл ажиллагааны тодорхой чиг үүргийг хэрэгжүүлдэг гадаад улсын байгууллага, түүний салбар, нэгжийг;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.4.”тагнуулын арга” гэж үүрэг зорилтоо хэрэгжүүлэхэд ач холбогдол бүхий нууц болон бусад мэдээ, баримт, сэлтийг олох зорилгоор тусгай албаны ашиглаж буй арга хэмжээний цогцыг;

3.1.5.”тагнуулын мэдээ” гэж тусгай алба үндсэн үүрэг зорилтынхоо дагуу нууц арга, хэрэгслээ ашиглан олж буй мэдээ, баримт сэлтийг;

3.1.6.”нууц арга, хэрэгсэл” гэж мэдээ, баримт сэлт нууцаар олоход зориулагдсан арга хэрэгслийг;

3.1.7.”халхавчлах” гэж тагнуулын ажлын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөр байгууллага, хүн, өөр үйл ажиллагаа, баримт бичиг болон бусад зүйл ашиглан далдлахыг;

3.1.8.”нууц гүйцэтгэх ажилтан” гэж өөр байгууллагад халхавчийн дор ажиллаж байгаа тусгай албаны ажилтныг;

3.1.9.”туслагч” гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг;

3.1.10.”туслах ажилтан” гэж гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагатай тодорхой гэрээ, урамшууллын үндсэн дээр нууцаар хамтран ажиллаж байгаа хүнийг.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Тагнуулын байгууллага

4.1.Тагнуулын байгууллага гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг тагнуулын арга замаар хангах зорилго бүхий байгууллагуудын тогтолцоог хэлнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим

5.1.Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, нууцлалыг хангах, үйл ажиллагааны ил болон нууц арга, хэрэгслийг хослуулах, байгууллага, иргэний туслалцаа, дэмжлэгт тулгуурлах, харилцан ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг удирдлага болгоно.

5.2.Энэ хуулийн 5.1-д заасан үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг доор дурдсан утгаар ойлгоно:

5.2.1.тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах;

5.2.2.тагнуулын байгууллага тагнуулын мэдээ олох, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаандаа шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологийн дэвшилтэт ололт, шийдлийг ашиглах;

5.2.3.тагнуулын байгууллага чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх хэмжээнд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, мэдээлэл, өгөгдлийн сан, тэдгээртэй холбоотой засвар-үйлдвэрлэл, үйлчилгээ, инженерийн дэд бүтцээр хангагдах.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

6 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг хангах

6.1.Тагнуулын байгууллага нь хуульд зааснаас бусад тохиолдолд хүний эрх, эрх чөлөөнд халдах, хязгаарлахыг хориглоно.

6.2.Иргэн, хуулийн этгээд өөрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тагнуулын ажилтан хууль бусаар зөрчсөн гэж үзвэл тухайн ажилтныг шууд харьяалах дээд албан тушаалтан, байгууллагад гомдол гаргах эрхтэй.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.3.Иргэн, хуулийн этгээдээс тагнуулын байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.4.Тагнуулын байгууллагын албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн бол тагнуулын байгууллага өөрөө, эсхүл прокурор, шүүх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, эрх чөлөөг сэргээж, учруулсан хохирлыг арилгах, гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Тагнуулын үйл ажиллагааны явцад тодорхой болсон иргэний нэр төр, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох хувийн амьдралтай нь холбоотой мэдээ, мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гагцхүү уг хүний зөвшөөрснөөр ил болгож болно.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

7 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын төсөв

7.1.Тагнуулын байгууллагыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана. Тагнуулын байгууллагын төсөв нь үүрэг, зорилтоо бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.2.Тагнуулын байгууллагын төсвийг Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооноос хянаж санал болгосноор Улсын Их Хурал тусгай зүйл болгон батална.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.3.Тагнуулын байгууллагын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.4.Цэргийн болон хилийн тагнуулын газрын үйл ажиллагааны зардлыг тагнуулын байгууллагын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

8 дугаар зүйл.Тагнуулын байгууллагад туслалцаа үзүүлэх

8.1.Тагнуулын байгууллага, түүний ажилтнаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн шаардлагатай туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Ийнхүү туслалцаа үзүүлснээс гарсан зардал, учирсан эд хөрөнгийн хохирлыг тагнуулын байгууллага хариуцаж нөхөн төлнө.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хууль, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

81 дүгээр зүйл.Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцан ажиллах

81.1.Төрийн байгууллага, албан тушаалтан нь үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар мэдээ, мэдээлэл солилцож, дэмжлэг үзүүлэх талаар тагнуулын байгууллагатай харилцан ажиллана.

81.2.Төрийн байгууллага нь тагнуулын байгууллагад шаардлагатай мэдээллийг саадгүй гаргаж өгөх, өөрийн мэдээлэл, өгөгдлийн санг үнэ төлбөргүй ашиглуулах үүрэгтэй.

81.3.Төрийн байгууллага, албан тушаалтан нь албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн тагнуулын байгууллага, ажилтны болон халхавчлах үйл ажиллагаатай холбоотой аливаа мэдээллийг задруулахыг хориглоно.

81.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

81.5.Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудлын талаар Тагнуулын ерөнхий газарт урьдчилан мэдэгдэж, санал авсан байна.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ЧИГ ҮҮРЭГ, ЭРХ ХЭМЖЭЭ

9 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тогтолцоо

9.1.Тагнуулын байгууллага нь тагнуулын төв байгууллага /цаашид “Тагнуулын ерөнхий газар” гэх/, түүний төв болон орон нутаг дахь салбар, нэгжээс бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Хэвлэх

10 дугаар зүйл. Тагнуулын ерөнхий газар, түүний чиг үүрэг

10.1.Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг мөн.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.Тагнуулын ерөнхий газрыг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэж, дүрмийг нь Засгийн газар батална.

10.3.Тагнуулын ерөнхий газрын харьяа тагнуулын салбар, нэгжийг Засгийн газрын шийдвэрээр нутаг дэвсгэрийн болон чиг үүргийн зарчмаар байгуулна.

10.4.Тагнуулын ерөнхий газар нь гадаад тагнуул, сөрөх тагнуул, цэрэг-стратегийн тагнуул, хилийн тагнуул, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, мэдээллийн дүн шинжилгээ хийх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөрдөн байцаах, дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах болон захиргаа, удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх үндсэн бүтэцтэй байна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.5.Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээгээр хангах чиг үүргийг Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар хэрэгжүүлэх бөгөөд тус газрын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай хамтран батална.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.6.Хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаарх тагнуулын мэдээгээр хангах чиг үүргийг Тагнуулын ерөнхий газрын хилийн тагнуулын газар хэрэгжүүлэх бөгөөд тус газрын дүрэм, ажиллах журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга, хил хамгаалах байгууллагын даргатай хамтран батална.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.7.Тагнуулын ерөнхий газрын харьяанд сургууль, сургалт, эрдэм шинжилгээ, төрөлжсөн архив, аж ахуй, хангалт үйлчилгээний байгууллага, харуул хамгаалалтын болон тусгай бэлтгэл, зориулалт бүхий нэгж, тусгай сургалтын болон спорт-нөхөн сэргээх төв байгуулж болно.

/Энэ хэсэгт болон дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

10.8.Тагнуулын ерөнхий газар бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Тагнуулын ерөнхий газрын дарга батална.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.9.Тагнуулын ерөнхий газар тогтоосон журмаар үйдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.10.Тагнуулын ерөнхий газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.10.1.гадаад тагнуулын ажиллагаа явуулах;

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.10.2.сөрөх тагнуулын ажиллагаа явуулах;

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.10.3.хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх;

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.10.4.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар мэдээлэл боловсруулж холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулах;

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.10.5.цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.10.6.терроризмтой тэмцэх;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.10.7.хуульд заасан бусад чиг үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

11 дүгээр зүйл.Тагнуулын ерөнхий газрын үүрэг

11.1.Тагнуулын ерөнхий газар дараахь үүрэг гүйцэтгэнэ:

11.1.1.Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асуудлаар тагнуулын мэдээ олох, цуглуулах, задлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган Монгол Улсын Ерөнхий сайд болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бусад гишүүд, энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх, төрийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.1.2.гадаад улсын тусгай алба, байгууллага, иргэн, тэдгээрийн төлөөний этгээдийн тагнах болон бусад үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.3.улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох;

11.1.4.Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон уул гэмт хэрэг үйлдсэн буюу сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжлах;

11.1.5.Монгол Улсын хил, Зэвсэгт хүчин, бусад цэргийн аюулгүй байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд гүйцэтгэх ажлын шугамаар хамгаалах; 

11.1.6.төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх;

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.1.7.хилийн чанадад байгаа Монгол Улсын байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг гадаадын тусгай албаны ажиллагаанд өртөхөөс сэргийлэх;

11.1.8.улсын эдийн засагт онцгой ач холбогдол бүхий объектод ноцтой осол сүйрэл гарахаас сэргийлэх, хүн, мал ургамлын гоц халдварт өвчин болон томоохон осол, сүйрлийн шалтгааныг тогтоох ажлыг холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хийх;

11.1.9.гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;

11.1.10.үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.11.төрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ заалтын “төрийн нууцыг” гэснийг “төрийн болон албаны нууцыг” гэж өөрчлөхөөр заасан бөгөөд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

11.1.12.хуульд заасан арга хэрэгслээр гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг сахиулах;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.13.Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 9.1.2-9.1.6-д заасан байгууллагаас ирүүлсэн харилцаа холбооны сүлжээнд хяналт тавих, хуулийн дагуу тавьсан хүсэлтийг гүйцэтгэх техникийн нөхцөлийг бүрдүүлэх;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.1.14.олон улсын болон бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал, үүсч болзошгүй цэргийн аюул заналыг судалж, учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үүнтэй холбогдох мэдээллээр төрийн болон зэвсэгт хүчний дээд удирдлагыг хангах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

11.1.15.хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаарх тагнуулын мэдээгээр хангах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

11.1.16.төрийн шифр харилцаа, криптологийн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, түүнд хяналт тавих, Монгол Улсын нутаг дэвсгэрт болон хилийн чанадад төрийн шифр харилцааг эрхлэн явуулах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

11.1.17.хуульд заасан бусад үүрэг.

/Энэ заалтын дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

12 дугаар зүйл.Тагнуулын ерөнхий газрын эрх

12.1.Тагнуулын ерөнхий газар дараахь эрх эдэлнэ:

12.1.1.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд нууцаар ажиглах, үзлэг хийх, шуудан харилцаа хянах, харилцаа холбооны болон мэдээллийн бусад сүлжээнд нэвтрэх, гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл, полиграф болон бусад арга хэрэгсэл ашиглах;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.2.хуульд заасан үүргээ биелүүлэхэд шаардлагатай мэдээ, баримт сэлтийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс гаргуулан авах;

12.1.3.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах зөвшөөрөл олгох. Хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан, иргэний хувийн зорилгоор хэрэглэсэн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг тэмдэглэл үйлдэн хураан авч, улсын орлого болгох, шилжүүлэх, устгах;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.1.4.хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгууллага, аж ахуйн нэгж, иргэний орон байранд нэвтрэх, албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, биеийн байцаалтыг нь шалгах, бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх, Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчилд холбогдох бүхий баримт сэлт, эд зүйлийг уул асуудлыг шийдэгдэх хүртэл түр хураах;

12.1.5.Тагнуулын ерөнхий газарт хуулиар харьяалуулсан гэмт хэргийн сэжиг бүхий этгээдийг түр албадан саатуулах, шалгах;

12.1.6.халхавчийн байгууллага, аж ахуйн нэгж байгуулан ажиллуулах;

12.1.7.тагнуулын байгууллагын объект, эсхүл тодорхой үйл ажиллагааг нууцлахын тулд өөр байгууллагын хаяг, баримт бичиг, албаны дүрэмт хувцас болон бусад зүйлийг халхавч болгон ашиглах;

12.1.8.судалгаа, шинжилгээ хийх, энэ ажилд мэргэжлийн байгууллага, хүний туслалцаа авах, татан оролцуулах;

12.1.9.хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй хордуулах, мансууруулах бодис болон галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалж хамгаалах, ашиглах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

12.1.10.байгууллага, ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;

12.1.11.эрх тэгш байх, харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох зарчмын үндсэн дээр гадаад улсын тусгай алба, байгууллагатай хамтран ажиллах;

12.1.12.өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

/Энэ заалтад 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./

12.1.13.тагнуулын байгууллагын чиг үүрэгт холбогдох асуудлаар мэдээ, мэдээлэл худалдан авах;

12.1.14.үндэсний аюулгүй байдлыг хангах талаархи хууль тогтоомжийн холбогдох заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдох зааврыг эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн батлах;

12.1.15.хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, тэдгээрийг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид заавал биелүүлэх шаардлага, иргэнд сэрэмжлүүлэг өгөх;

12.1.16.терроризмтой тэмцэхэд чиглэсэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.1.17.Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харш үйлдэл хийсэн гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах тухай саналаа эрх бүхий байгууллагад гаргах;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.1.18.хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.1.19.Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал, гарах шийдвэр нь үндэсний аюулгүй байдлыг хөндөж байгаа бол тухайн асуудлаар санал, дүгнэлт өгөх;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.1.20.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах эрх ашгийн үүднээс гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан тайлбар, нотлох баримт гаргаж өгөхгүй байх;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

12.1.21.хуульд заасан бусад эрх.

/Энэ заалтын дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

13 дугаар зүйл.Цэргийн тагнуулын байгууллага

13.1.Цэргийн тагнуулын байгууллага нь Монгол Улсын Зэвсэгт хүчний дээд удирдлагыг цэрэг-улс төрийн болон цэрэг-стратегийн тагнуулын мэдээллээр хангах үндсэн чиг үүрэг бүхий цэргийн байгууллага мөн.

13.2.Цэргийн тагнуулын байгууллагыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газар байгуулж, өөрчилж, татан буулгана.

13.3.Цэргийн тагнуулын байгууллагын дүрмийг Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.

13.4.Цэргийн тагнуулын байгууллага үйл ажиллагаагаа явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

131 дүгээр зүйл.Хилийн тагнуулын алба

131.1.Хилийн тагнуулын алба нь хил хамгаалах байгууллагын дээд удирдлагыг хил орчмын нөхцөл байдлын талаархи тагнуулын мэдээгээр хангах үндсэн чиг үүрэг гүйцэтгэнэ.

131.2.Хилийн тагнуулын албаны бүтэц, орон тоог хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 131.3.Хилийн тагнуулын албаны дүрмийг хил хамгаалах байгууллагын дарга болон Тагнуулын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар батална.

131.4.Хилийн тагнуулын алба үйл ажиллагаагаа явуулахдаа энэ хуулийн холбогдох зүйлийг дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

14 дүгээр зүйл.Тагнуулын ерөнхий газрын удирдлага

14.1.Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хууль, 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

14.2.Тагнуулын ерөнхий газрыг түүний дарга нэгдмэл захирамжийн зарчмаар удирдах бөгөөд даргын дэргэд зөвлөх эрх бүхий зөвлөл ажиллана.

14.3.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

14.3.1.өөрөө хүсэлт гаргасан;

14.3.2.биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

14.3.3.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.4.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно.

/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.5.Хуульд зааснаас бусад үндэслэлээр Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглоно.

/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.6.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол тэдгээрийн бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 14.1, 15.2-т заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ.

/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.7.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 24.4-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Засгийн газарт оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

15 дугаар зүйл.Тагнуулын ерөнхий газрын даргын бүрэн эрх

15.1.Тагнуулын ерөнхий газрын дарга Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.төв байгууллагыг шуурхай, орон нутгийн салбар, нэгжүүдийг нэгдсэн удирдлагаар хангах;

15.1.2.баталсан төсөвт багтаан байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, цалингийн сан, ажилтны цалингийн сүлжээ, хэмжээг тогтоож, төсвийг захиран зарцуулах;

15.1.3.тагнуулын болон гүйцэтгэх ажилд дагаж мөрдөх зааврыг хуульд нийцүүлэн гаргах, биелэлтэд нь хяналт тавих ажлыг зохион байгуулах;

15.1.4.Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу нууц арга хүч, хэрэгсэл ашиглах зөвшөөрөл олгох;

15.1.5.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, шийдвэр гаргах;

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.1.6.үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг мэдээллээр хангах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн болон Засгийн газрын хуралдаанд оролцож тагнуулын төв байгууллагын байр суурийг илэрхийлэх, зөвлөх эрхтэйгээр оролцох, мэдээлэл өгөх;

/Энэ заалтад 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15.1.7.Тагнуулын ерөнхий газар, түүний ажилтны үйл ажиллагаанд хяналт тавьж, тэдгээрийн хэвийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

15.1.8.Тагнуулын ерөнхий газрыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;

15.1.9.тагнуулын албан хаагчийг томилох, чөлөөлөх, түүнд цэргийн цол олгох;

15.1.10.халхавчийн байгууллага байгуулах, татан буулгах шийдвэр гаргах, үйл ажиллагаанд нь хяналт тавьж чиглүүлэх;

15.1.11.төрийн байгууллагад байх халхавчийн орон тооны талаар Засгийн газарт санал оруулах;

15.1.12.Тагнуулын ерөнхий газрын дотоод асуудлаар тушаал, заавар гаргах;

15.1.13.гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн батлах;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтад 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.14.тагнуулын байгууллагын тусгай мэргэжил, мэдлэг, чадвар, туршлага шаардсан ажил, албан тушаалд Монгол Улсын иргэнийг гэрээгээр ажиллуулах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.15.тагнуулын байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургах, мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.16.тагнуулын байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөж, хангалтыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.17.цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.18.хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

15.1.19.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ заалтын дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Тагнуулын ерөнхий газрын даргын түр эзгүйд түүний бүрэн эрхийг дэд дарга хэрэгжүүлнэ. Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, гүйцэтгэх ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө.

/Энэ заалтад 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

16 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

16.1.Улсын Их Хурал бүтцийнхээ зохих хэсгээр дамжуулан тагнуулын байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомжийг хэрхэн сахин биелүүлж байгааг хянан шалгаж, тагнуулын байгууллагын даргын илтгэл, мэдээллийг сонсоно.

16.2.Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь шаардлагатай гэж үзвэл тагнуулын байгууллагын даргын илтгэл, мэдээллийг сонсож, тэдгээртэй холбоотой үйл ажиллагаатай танилцаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн тогтсоны үндсэн дээр үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудлаар даалгавар өгнө.

16.3.Монгол Улсын Ерөнхий сайд Тагнуулын ерөнхий газрын даргын мэдээллийг сонсож, тус байгууллагаас үндэсний аюулгүй байдлыг хангах талаар тухайн төсвийн жилд анхаарч ажиллах чиглэлийг тогтоож, төрийн бодлого боловсруулахад ач холбогдол бүхий мэдээ, баримт сэлт олох, хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх талаар даалгавар өгнө.

16.4.Тагнуулын ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж нь тагнуулын байгууллагын албан хаагчийг гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын болон ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын байдалд хяналт тавих үүргийг хэрэгжүүлнэ.

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

17 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын албан хаагч

17.1.Энэ хуульд заасан тангараг өргөж, тагнан турших болон түүнтэй адилтгах ажил эрхэлж буй төрийн тусгай албан хаагчийг тагнуулын ажилтан гэнэ.

17.2.Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан иргэнийг тагнуулын байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар томилно.

/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн, 2007 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.2.Тагнуулын ажилтны албан тушаалд иргэнийг судлах, сонгон шалгаруулах, туршилтын хугацаагаар ажиллуулах журмыг Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд батална.

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

17.3.Тагнуулын ажилтанд тавих ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг тагнуулын байгууллагын дарга тогтооно.

/Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хориг тавьсан бөгөөд 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийн дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

17.4.Тагнуулын ажилтан цэргийн цол, дүрэмт хувцас хэрэглэнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

17.5.Тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.

/Энэ хэсгийн дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

17.6.Тагнан турших болон түүнтэй адилтгах ажил эрхэлсэн хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд тооцно. Ийнхүү тооцох болзол, журмыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

17.7.Тагнан турших ажилтай адилтгах ажил, албан тушаалын жагсаалтыг Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийн дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

17.8.Тагнуулын байгууллагын захиргаа, үйлчилгээний ажилтны эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хууль, хууль тогтоомжийн бусад актаар зохицуулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

Хэвлэх

171 дүгээр зүйл.Тагнуулын ажилтны эрх, үүрэг

171.1.Тагнуулын ажилтан доор дурдсан үүрэгтэй:

171.1.1.шууд удирдах албан тушаалтны өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэх, хууль бус үүрэг, даалгаврыг биелүүлэхээс татгалзах;

171.1.2.хууль тогтоомж, холбогдох заавар, журмын дагуу тагнуулын арга хэмжээ, ажиллагааг хэрэгжүүлэх;

171.1.3.туслагч, туслах ажилтан шаардлагатай тохиолдолд түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг зохион байгуулах;

171.1.4.албан үүргээ гүйцэтгэх явцад мэдсэн буюу тодорхой болсон мэдээ, баримтыг хувийн болон улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;

171.1.5.тагнуулын арга хэмжээ, ажиллагааг явуулахдаа бусдыг өдөөн хатгаж гэмт хэрэгт турхирахгүй байх;

171.1.6.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах;

171.1.7.хуульд заасан бусад үүрэг.

171.2.Тагнуулын ажилтан доор дурдсан эрх эдэлнэ:

171.2.1.албан үүргээ гүйцэтгэх явцад байгууллага, хувь хүний барилга байгууламж, эзэмшил газар, хилийн боомт, зурвас, гаалийн болон тусгай хамгаалалттай бусад бүсэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу саадгүй нэвтрэх;

171.2.2.хуульд заасан үндэслэл, журмын дагуу байгууллага, иргэний орон байранд нэвтрэх, албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, хувийн байдлыг нь тогтоох, бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх, хуулиар харьяалуулсан гэмт хэрэг, зөрчилд холбогдох баримт сэлт, эд зүйлийг уг асуудлыг шийдэгдэх хүртэл хугацаанд түр хураах;

171.2.3.ажлын зайлшгүй шаардлагатай үед агаарын болон төмөр замын тээврийн хэрэгслийн тасалбарыг дараалал харгалзахгүй авах, тасалбар дууссан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр зорчих хүсэлтийг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;

171.2.4.өөрийн болон туслагч, туслах ажилтан, тэдгээрийн үйл ажиллагааг далдлах зорилгоор халхавчийн баримт бичиг, бусад зүйл ашиглах;

171.2.5.өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, аюулгүй байдалд аюул учрах нөхцөл үүссэн, эсхүл үүсч болзошгүй тохиолдолд шууд харьяалах дээд шатны албан тушаалтанд мэдэгдэж, хамгаалуулах;

171.2.6.ажил үүргээ гүйцэтгэж байхдаа галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүчийг тогтоосон үндэслэл, журмын дагуу хэрэглэх;

171.2.7.хуульд заасан бусад эрх.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

18 дугаар зүйл.Тагнуулын ажилтны тангараг

18.1.Монгол Улсын иргэн тагнуулын албанд орохдоо:

"Монгол Улсын иргэн Би улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө амь бие хайргүй зүтгэж, төрийн хуулийг дээдлэн сахиж, төрийн болон албаны нууцыг чандлан хамгаалж, тагнуулын ажилтны үүрэг, ёс зүйн хэм хэмжээг чин шударгаар сахин биелүүлэхээ батлан тангараглая.

Би энэ тангаргаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" хэмээн тагнуулын ажилтны тангараг өргөнө.

18.2.Тагнуулын ажилтны тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Тагнуулын ажилтанд тавих ёс зүйн тусгай шаардлага

19.1.Тагнуулын байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрийг бусад албан хаагч биелүүлэх үүрэгтэй. Удирдах албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж болон энэ хуулийн 19.2-т нийцсэн байна.

19.2.Тагнуулын ажилтанд Төрийн албаны тухай хууль болон Авилгалын эсрэг хуульд1 зааснаас гадна дараахь зүйлийг хориглоно:

19.2.1.хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах, эрхийг нь хязгаарлах;

19.2.2.албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулахыг эрмэлзэх, далайлган сүрдүүлэх;

19.2.3.албан тушаалаа болон захирагдагчаа хувийн зорилгоор ашиглах;

19.2.4.удирдлагын тусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлынхаа талаар нийтэд болон бусдад мэдээлэх, мэдээлэл дамжуулах;

19.2.5.хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хавсран гүйцэтгэж цалин хөлс авах;

19.2.6.ажил хаях, тагнуулын байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;

19.2.7.ажиллаж байх хугацаандаа болон ажлаас халагдсан, чөлөөлөгдсөний дараа 2 жилийн хугацаанд тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй гадаадад зорчих;

19.2.8.төрийн албан хаагчид хуулиар хориглосон бусад зүйл.

Хэвлэх

20 дугаар зүйл.Тагнуулын ажилтанд хүлээлгэх хариуцлага

20.1.Тагнуулын ажилтан нь хууль болон ёс зүйн шаардлагыг зөрчсөн бол энэ хууль, бусад хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Тагнуулын ажилтанд хүлээлгэх сахилгын шийтгэл

21.1.Сахилгын зөрчил гаргасан тагнуулын ажилтанд дор дурдсан сахилгын шийтгэл оногдуулна:

21.1.1.сануулах;

21.1.2.албан тушаалын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар, 20 хүртэл хувиар бууруулах;

21.1.3.цэргийн цолыг бууруулах буюу хасах;

21.1.4.албан тушаал бууруулах;

21.1.5.тагнуулын албанаас халах.

21.2.Тагнуулын ажилтны сахилгын дүрмийг Засгийн газар батална.

Хэвлэх

22 дугаар зүйл.Тагнуулын ажилтны цалин

22.1.Тагнуулын ажилтны цалин нь Төрийн албаны тухай хуулийн 28.2.3-т заасан цалин, нэмэгдлээс бүрдэнэ.

22.2.Тагнуулын ажилтны албан тушаалын цалин дээр нэмж олгох албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг Засгийн газар тогтооно.

22.3.Тагнуулын байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн жишгийг Тагнуулын ерөнхий газрын даргын санал болгосноор Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

23 дугаар зүйл.Тагнуулын ажилтны амралт

23.1.Тагнуулын ажилтанд жил бүр ажлын 15 өдрийн амралт олгоно.

23.2.Тагнуулын ажилтанд төрийн алба хаасан 5 жил тутамд ажлын 2 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Тагнуулын ажилтны үүргээ биелүүлэх баталгаа

24.1.Тагнуулын ажилтнаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил гүйцэтгүүлэхийг хориглоно.

24.2.Тагнуулын ажилтны эрх хэмжээнийхээ хүрээнд тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.

24.3.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхий сайдын, тагнуулын ажилтныг Тагнуулын ерөнхий газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.4.Тагнуулын ерөнхий газрын дарга, дэд даргыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Монгол Улсын Ерөнхий сайдад, бусад ажилтныг Тагнуулын ерөнхий газрын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.5.Тагнуулын ажилтан гэрч, хохирогчийн хувиар ажил үүрэгтэй холбоотой нууцад хамаарах асуудлаар мэдүүлэг өгөх тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.6.Үүргээ ёсчлон биелүүлснээс тагнуулын ажилтанд учирсан, мөн гүйцэтгэх ажлын арга хэмжээ зохиох, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тагнуулын ажилтны буруутай үйл ажиллагаанаас бусдад учирсан хохирлыг төр хариуцна.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.7.Эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг тагнуулын ажилтан ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.8.Хуулиар эрх олгогдоогүй байгууллага, албан тушаалтан тагнуулын ажилтны албаны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

/Энэ хэсэгт болон дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.9.Орон нутагт томилогдон ажиллаж байгаа тагнуулын байгууллагын албан хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, уналга, холбооны техник хэрэгсэл, албаны орон байраар хангана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.10.Тагнуулын ажилтан албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.11.Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан тагнуулын ажилтан, түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд тагнуулын байгууллага аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.12.Тагнуулын байгууллага нь аюулгүй байдлаа өөрөө хамгаалах бөгөөд төв, орон нутаг дахь салбар, нэгжийн байр нь төрийн хамгаалалтад байна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.13.Тагнуулын ажилтныг гурван жил тутам мэргэшүүлэх сургалтад хамруулна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн./

24.14.Тагнуулын ажилтан нь хуульд заасан бусад баталгаагаар хангагдана.

/Энэ хэсгийн дугаарт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

25 дугаар зүйл.Тагнуулын ажилтанд үзүүлэх хөнгөлөлт, нөхөх төлбөр

25.1.Улсын хил дээр ажиллаж байгаа тагнуулын ажилтанд Хилийн тухай хуулийн1 36.4, 36.6-д заасан нь нэгэн адил хамаарна.

25.2.Албан үүргээ гүйцэтгэж яваад илчлэгдсэн буюу хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тагнуулын байгууллагад цаашид ажиллах боломжгүй болсон тагнуулын ажилтныг өөр ажлаар хангах буюу эсхүл мэргэжил эзэмших, шинээр оршин суух газартаа төвхнөхөд тагнуулын байгууллага туслалцаа үзүүлж холбогдох зардлыг төр хариуцна.

25.3.Өндөржүүлсэн бэлэн байдал, ажлын бус цагаар болон шөнийн ээлжинд ажиллах үед хоол, унааны зардал, сургалт, дадлагын үед хүнсний болон эдийн хангалтыг тагнуулын байгууллага хариуцах бөгөөд шаардлагатай тохиолдолд амраах, нөхөн сэргээх, эмчлүүлэх боломжоор хангана.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

25.4.Албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон тохиолдолд гарсан зардлыг тагнуулын байгууллага хариуцна.

25.5. Байгууллагынхаа шийдвэрээр өөр газарт шилжин ажиллах болсноос түүний эхнэр /нөхөр/ нь эрхэлж буй ажил, хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнд тагнуулын ажилтны нэг сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тагнуулын байгууллага олгоно.

25.6.Ээлжийн амралтаараа хөдөө орон нутаг явах бол түүний болон эхнэр /нөхөр/-ийн ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгоно.

25.7.Гадаадын тусгай алба, байгууллага, гэмт бүлэглэлд нэвтрэн тусгай үүрэг гүйцэтгэсэн, ажиглалтын албанд болон техникийн албаны тусгай нэгжид ажилласан нэг жилийг 1 жил 4 сартай дүйцүүлэн тооцно.

/Энэ хэсгийг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.8.Тагнуулын байгууллагын албан хаагч нь хуульд заасан бусад хөнгөлөлт, нөхөн төлбөр эдэлнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

Хэвлэх

26 дугаар зүйл.Тагнуулын ажилтны тэтгэвэр, тэтгэмж, тусламж

26.1.Тагнуулын ажилтны тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль тогтоомжид зааснаар зохицуулна.

26.2.Гадаадын тусгай алба, байгууллага болон гэмт хэрэг үйлдэхээр зохион байгуулагдсан бүлэглэлд нэвтрэн тусгай үүрэг гүйцэтгэж байгаа тагнуулын ажилтанд тэтгэмж олгох журмыг Засгийн газар тогтооно.

26.3.Тагнуулын ажилтан нь хууль тогтоомжид заасан бусад тусламж авах эрхтэй.

Хэвлэх

27 дугаар зүйл.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх

27.1.Тагнуулын байгууллагын албан хаагч нь энэ хуульд заасан тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэнэ.

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.2.Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Тагнуулын ерөнхий газрын дарга батална.

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.3.Тагнуулын ажилтан нь гэмт үйлдэл, эрх зүйн бусад зөрчлийг таслан зогсоох, түүнийг өдүүлсэн этгээдийг баривчлан албадан саатуулах үүргээ өөр аргаар биелүүлэх боломжгүй бол биеийн хүч, гардан тулааны мэх хэрэглэж болно.

27.4.Тагнуулын байгууллагын албан хаагч нь хуулиар харьяалуулсан гэмт хэрэгтэй тэмцэх, харуул хамгаалалтын үүргээ биелүүлэхэд дор дурдсан тусгай хэрэгсэл ашиглана:

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.4.1.нэг бүрийн тусгай хэрэгсэл;

27.4.2.тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;

27.4.3.хамгаалах тусгай хэрэгсэл.

27.4.4.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.4.5.албаны нохой.

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.5.Тагнуулын байгууллагын албан хаагч нь гэмт үйлдлийг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

/Энэ хэсэгт 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.5.1.бусад этгээд өөрийн нь буюу туслагч, туслах ажилтны амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

27.5.2.тагнуулын байгууллагын тусгай хамгаалалттай объектод нэвтрэх зорилгоор зэвсэг хэрэглэж буюу бүлэглэн халдсан;

27.5.3.тагнуулын байгууллагад хуулиар харьяалуулсан хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугатсан.

27.5.4.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцож байгаа.

/Энэ заалтыг 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

27.6.Бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан анхааруулна.

27.7.Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь үрэгдсэн, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн тагнуулын ажилтан эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч, захирах даргадаа, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

27.8.Тагнуулын байгууллагад хэрэглэх галт зэвсэг, хамгаалах тусгай хэрэгслийн жагсаалтыг Тагнуулын ерөнхий газрын дарга батална.

Хэвлэх

28 дугаар зүйл.Тагнуулын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцох

28.1.Тагнуулын ажилтан албан үүргээ биечлэн гүйцэтгэж байгаагаас гадна ажилдаа ирэх, ажлаас харих замд явсныг албан үүргээ гүйцэтгэж байгаатай нэгэн адил тооцно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

29 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчсөн, тагнуулын байгууллага, ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд нь саад учруулсан, санаатай худал мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн албан тушаалтны үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Тагнуулын ерөнхий газрын дарга дараах хариуцлага хүлээлгүүлэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

29.1.1.энэ хуулийн 24.3, 24.8-д заасныг зөрчсөн, мөн хуулийн 81.2, 24.2-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

29.1.2.энэ хуулийн 24.3, 24.8-д заасныг удаа дараа болон 81.3-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 24.2-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, төрийн албанаас халах.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан тохиолдолд тухайн албан тушаалтан холбогдох албан тушаалтандаа хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор Тагнуулын ерөнхий газрын даргад хариу мэдэгдэнэ.

29.3.Энэ хуулийн 29.2-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг Тагнуулын ерөнхий газрын дарга түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

29.4.Тагнуулын ерөнхий газраас хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шаардлага, шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, иргэн түүний дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй.

29.5.Энэ хуулийн 29.4-т заасныг зөрчсөн этгээдийг шүүгч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

29.6.Тагнуулын байгууллагын тухай хууль тогтоомж зөрчсөн бусад этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх