Хэвлэх DOC Татаж авах
ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад терроризмтой тэмцэх эрх зүй, зохион байгуулалтын үндсийг тогтоож, энэ чиглэлээр төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдээс хүлээх үүрэг, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Терроризмтой тэмцэх тухай хууль тогтоомж

2.1.Терроризмтой тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг баримтална.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“терроризм” гэж хууль бус зэвсэгт бүлэглэл, террорист этгээд өөрийн улс төр, шашин, үзэл суртлын зорилгодоо хүрэхийн тулд нийгмийг, эсхүл түүний тодорхой хэсгийг айдаст автуулахаар иргэдийн амь нас, эрүүл мэндийн эсрэг үйлдэж буй харгис хүчирхийлэл, хүчирхийлэхээр заналхийлэх, гамшгийн нөхцөлийг бүрдүүлэх ажиллагааг;

3.1.2.“олон улсын терроризм” гэж олон улсын харилцаа, улс орнуудын төрийн хяналт, удирдлагад нөлөөлөх зорилго бүхий улс дамжсан терроризмыг;

3.1.3.“террор ажиллагаа” гэж

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.3.1.террорист үйлдэл хийх, түүнд оролцох зорилгоор террорист бүлэг байгуулах;

3.1.3.2.террорист үйлдлийг бэлтгэх, зохион байгуулах;

3.1.3.3.террорист үйлдэлд бүрэн буюу хэсэгчлэн ашиглуулах зорилгоор өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эд хөрөнгө, мөнгийг террорист байгууллага болон түүнийг дэмжигч хуулийн этгээдэд шууд болон шууд бусаар, эсхүл санаатайгаар өгөх, хуримтлуулах;

3.1.3.4.терроризмын зорилгоор мэдээллийн цахим сүлжээнд халдах;

3.1.3.5.терроризмын зорилгоор иргэнийг элсүүлэх, түүнийг зэвсэглэх, сургах;

3.1.3.6.террорист үйлдэлд байгууллага, иргэнийг өдөөн хатгах, албадах, эсхүл өдөөн хатгах, албадахыг оролдох;

3.1.3.7.терроризмын үзэл санааг дэлгэрүүлэхийг;

3.1.4.“тeррорист үйлдэл” гэж хүн амд айдас төрүүлэх, эсхүл энэ зорилгоор иргэнийг төрийн байгууллага, олон улсын байгууллагаас аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардах, эсхүл зэвсэгт мөргөлдөөний нөхцөлд сөргөлдөгч аль нэг талд идэвхтэй оролцоогүй иргэний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулах санаатай үйлдлийг;

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.5.“террорист хүн” гэж хууль бусаар болон зориудаар, шууд болон шууд бусаар террорист үйлдлийг үйлдсэн, эсхүл үйлдэхийг завдсан, террорист үйлдэлд хамтрагчаар оролцсон, бусад этгээдийн террорист үйлдэл үйлдэхийг зохион байгуулсан, удирдсан, эсхүл бүлэг этгээдийн террорист үйлдэл үйлдэх санаа зорилгыг мэдэж байсан, террорист үйлдлийг үргэлжлүүлэх зорилгоор санаатайгаар дэмжсэн хүнийг;

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.1.6.“террорист бүлэг” гэж террор ажиллагаа, террорист үйлдэл явуулах зорилгоор нэгдсэн бүлэг этгээдийг; 

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.7.“террорист байгууллага” гэж хууль бусаар болон зориудаар, шууд болон шууд бусаар террор ажиллагаа үйлдсэн, эсхүл үйлдэхийг завдсан, террор ажиллагаанд хамтрагчаар оролцсон, террорист ажиллагаа үйлдэх бүлгийг санаатайгаар дэмжсэн террорист бүлгийг;

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.8.“терроризмоос сэргийлэх” гэж улс орондоо терроризм үүсэх шалтгаан, нөхцөл бүрдэхээс болон иргэдийн аюулгүй байдлыг террор ажиллагаа, террорист үйлдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор төр, түүний байгууллага, иргэн, хуулийн этгээдээс авч хэрэгжүүлж буй улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.9.“террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа” гэж террор ажиллагаа, террорист үйлдлийг илрүүлэн таслан зогсоох, террорист этгээдийг аюулгүй болгох, баривчлах зорилгоор цагдаа, тагнуулын болон цэргийн салбар, байгууллагын хүч хэрэгслээр нэгдмэл бодлого, төлөвлөгөө, нэгэн удирдлагаар гүйцэтгэх ажиллагааг;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.10.“терроризмтой тэмцэх” гэж терроризмоос сэргийлэх ажиллагаа, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны нэгдлийг;

3.1.11.“террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүс” гэж террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулахаар энэ хуулийн дагуу тогтоосон нутаг дэвсгэр, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, түүнтэй хиллэсэн дэвсгэр газрыг.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Терроризмтой тэмцэх үндсэн зарчмууд

4.1.Терроризмтой тэмцэхэд дараахь зарчмыг удирдлага болгоно:

4.1.1.хууль дээдлэх;

4.1.2.терроризмоос сэргийлэх арга хэмжээг урьтал болгох;

4.1.3.терроризмоос сэргийлэх улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, ухуулга, сурталчилгааны арга хэмжээг цогцолбороор хэрэгжүүлэх;

4.1.4.терроризмын аюулд өртсөн иргэдийн амь нас, эрүүл мэндийг эрхэмлэн дээдлэх, аргагүй нөхцөлд учирч болох хор уршиг, хохирлыг аль болох багасгах;

4.1.5.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага нэгдмэл байх.

ХОЁРДУГААР БYЛЭГ

ТЕРРОРИЗМООС СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮНДЭС

Хэвлэх

5 дугаар зүйл. Терроризмоос сэргийлэх арга хэмжээний үндсэн чиглэл

5.1.Терроризмоос сэргийлэх арга хэмжээг дор дурдсан чиглэлээр хэрэгжүүлнэ:

5.1.1.улс орондоо террорист байгууллага, бүлэг үүсэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэхээс сэргийлэх улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулах;

5.1.2.иргэдэд терроризмыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх;

5.1.3.газар нутагтаа олон улсын терроризм, террорист этгээд үл нэвтрэх, үл орогнох, үл нутагших орчин, нөхцөлийг бүрдүүлэх;

5.1.4.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох цэрэг, тагнуул, цагдаагийн салбар, нэгжийг тусгайлан байгуулах, эсхүл томилох, тэдгээрийн үүрэг гүйцэтгэх бэлтгэл, чадавхи, бэлэн байдлыг хангах;

5.1.5.иргэдийн аюулгүй байдал, эд хөрөнгийг болзошгүй террорист үйлдлээс сэргийлэх, хамгаалах;

5.1.6.галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими, биологи /бактериологи/-ийн болон хүчтэй үйлчлэх хорт бодисыг террорист үйлдэлд ашиглахаас сэргийлэх;

5.1.7.төрийн байгууллага, эдийн засгийн дэд бүтцийн барилга, байгууламж болон соёл, олон нийтийн үйлчилгээний чухал газруудыг террорист үйлдлээс сэргийлэн хамгаалах;

5.1.8.террорист үйлдэлд өртөх эрсдэлийг бууруулах, үүдэн гарах хор уршиг, хохирлыг багасгахад чиглэгдсэн арга хэмжээг урьдчилан авах;

5.1.9.бусад улс, тэдний хууль сахиулах байгууллага, тусгай албад, олон улсын холбогдох байгууллагатай терроризмоос сэргийлэх, террорист үйлдлээс сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах.

Хэвлэх

6 дугаар зүйл. Терроризмоос сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх үүрэг

6.1.Терроризмоос сэргийлэх талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан терроризмоос сэргийлэх үндсэн арга хэмжээг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах;

6.1.2.терроризмоос сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;

6.1.3.террорист үйлдлийн улмаас онц байдал тогтоох нөхцөл байдал үүссэн тохиолдолд онц байдал тогтоох асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлүүлэх;

6.1.4.энэ хуулийн 7.1.7, 8.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор террорист этгээдийн жагсаалт батлах, жагсаалтаас гаргах, түүнийг хянах, жагсаалтад орсон этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, жагсаалтад алдаатай нэрс оруулснаас үүсэх хохирлыг шийдвэрлэх, гэм буруугүй этгээдийн хөрөнгийг гэм буруутай этгээдийн хөрөнгөөс тусгаарлахтай холбоотой журмыг эрх бүхий хууль сахиулах болон терроризмтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн батлах.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

6.2.Төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд терроризмоос сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөний дагуу терроризмоос сэргийлэх төлөвлөгөөг баталж, мөрдөж ажиллана.

6.3.Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын терроризмоос сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/-ийг тагнуулын төв байгууллагын даргаар ахлуулан байгуулж ажиллуулна.

6.4.Зохицуулах зөвлөл нь дор дурдсан чиг үүрэг хүлээнэ:

6.4.1.терроризмоос сэргийлэх арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүлэх;

6.4.2.терроризмын талаарх мэдээ, мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийж, Засгийн газрыг шуурхай мэдээллээр хангах, санал оруулах;

6.4.3.терроризмоос сэргийлэх талаар төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах;

6.4.4.террорист үйлдлээс сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдэд үүрэг өгч, түүнийхээ хэрэгжилтийг хангуулах.

6.5.Зохицуулах зөвлөлийн дүрэм, ажиллах журмыг Засгийн газар тогтоож, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд томилно.

6.6.Терроризмоос сэргийлэх талаар төрийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавина.

Хэвлэх

7 дугаар зүйл. Терроризмоос сэргийлэх талаар хуулийн этгээдийн хүлээх үүрэг

7.1.Терроризмоос сэргийлэх талаар хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:

7.1.1.терроризмоос сэргийлэх арга хэмжээг үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн төлөвлөж, хэрэгжүүлэх;

7.1.2.Зохицуулах зөвлөлөөс терроризмоос сэрэмжлүүлж өгсөн үүргийг хугацаанд нь бүрэн биелүүлэх;

7.1.3.терроризмоос сэргийлэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг явуулахад төрийн байгууллагад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

7.1.4.терроризмоос сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээ, мэдээллийг төрийн байгууллагад нэн даруй хүргэх;

7.1.5.террорист үйлдлийн эсрэг гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий төрийн байгууллагад мэдээлэл олзлох боломжийг бүрдүүлэх;

7.1.6.терроризмын сурталчилгаа явуулахгүй байх;

7.1.7.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас гаргасан жагсаалтад орсон террорист үйлдэл, террорист хүн, террорист байгууллага, тэдгээрийг санхүүжүүлдэг этгээд болон тэдгээртэй хамаарал бүхий хувь хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогыг нэн даруй зогсоож холбогдох эрх бүхий байгууллагад 48 цагийн дотор мэдэгдэх.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

8 дугаар зүйл. Терроризмоос сэргийлэх талаар иргэний хүлээх үүрэг

8.1.Терроризмоос сэргийлэх талаар иргэн дараахь үүрэг хүлээнэ:

8.1.1.терроризмоос сэргийлэхтэй холбогдсон аливаа мэдээллийг төрийн холбогдох байгууллагад нэн даруй өгөх;

8.1.2.террор ажиллагаа, үйлдэлд өдөөн хатгасан аливаа явуулгад автахгүй байх;

/Энэ заалтад2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

8.1.3.терроризмоос сэргийлэх арга хэмжээ, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

8.1.4.терроризмын сурталчилгаа явуулахгүй байх.

8.2.Энэ хуулийн 7.1.7-д заасан жагсаалтад орсон этгээд, эсхүл түүний удирдлагад хамаарах этгээд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс зөвшөөрөгдөөгүй этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БYЛЭГ

ТЕРРОРИСТ ҮЙЛДЛИЙН СӨРӨГ ТУСГАЙ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ҮНДЭС

Хэвлэх

9 дүгээр зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа

9.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах байгууллагын болон цэргийн хамтарсан хүч хэрэгслээр тусгайлан хэрэгжүүлэх дараахь ажиллагаа хамаарна:

9.1.1.террор ажиллагаа, террорист үйлдлийг илрүүлэх, түүнээс иргэн, байгууллагыг сэрэмжлүүлэх, хамгаалах;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орууласан/

9.1.2.террорист үйлдэлд өртсөн иргэн, эд хөрөнгийг аврах, хамгаалах;

9.1.3.террор ажиллагаа, террорист үйлдэлд хүргэж буй шалтгаан нөхцөлийг арилгах;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.4.террорист үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах;

9.1.5.террорист этгээдийг баривчлах, аюулгүй болгох;

9.1.6.террор ажиллагаа, террорист үйлдэлд ашиглаж байгаа буюу ашиглахад зориулсан эд хөрөнгө, мөнгө, террорист ажиллагаа, террорист үйлдлээс олсон орлогыг илрүүлэх, хураах;

/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.1.7.тухайн нөхцөл байдлаас шалтгаалан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр бэлтгэж явуулах хууль тогтоомжид заасан бусад тусгай ажиллагаа.

Хэвлэх

10 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох байгууллагын хүч хэрэгсэл

10.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд дор дурдсан байгууллагын хүч хэрэгсэл оролцоно:

10.1.1.цагдаагийн төв, орон нутгийн байгууллага;

10.1.2.тагнуулын төв, орон нутгийн байгууллага;

10.1.3.улсын хил хамгаалах байгууллагын гүйцэтгэх ажил эрхлэх салбар, нэгж;

/Энэ заалтыг 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.4.дотоодын цэргийн томилогдсон салбар, нэгж;

/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

10.1.5.дотоод цэргийн томилгоот салбар, нэгж.

/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

10.2.Шаардлагатай тохиолдолд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрлөөр Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн томилогдсон анги, салбарыг террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд татан оролцуулна.

10.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд гадаадын цэрэг, цагдаагийн тусгай хүчний салбар, нэгжийг Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хуульд заасны дагуу оролцуулж болно.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг удирдах

11.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг шуурхай штаб удирдана.

11.2.Шуурхай штабыг террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны зорилго, агуулга, далайцад нийцүүлэн Зохицуулах зөвлөл тухай бүр байгуулж ажиллуулна.

11.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцож байгаа салбар, нэгж, бие бүрэлдэхүүн тусгай ажиллагаа үргэлжлэх хугацаанд шуурхай штабын даргад шууд захирагдана.

11.4.Шуурхай штабын хүсэлт, шаардлагыг төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нэн даруй биелүүлж, түүнд бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх үүрэг хүлээнэ.

Хэвлэх

12 дугаар зүйл. Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах журам

12.1.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааг энэ хууль болон холбогдох бусад хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн гаргасан дүрмийн дагуу явуулна.

12.2.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

12.3.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаа явуулах дүрмийн нууцын зэрэглэлийг Төрийн нууцын тухай хуульд нийцүүлэн тогтооно.

/2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар энэ хэсгийн “Төрийн нууцын тухай” гэснийг “Төрийн болон албаны нууцын тухай” гэж өөрчлөхөөр заасан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

12.4.Террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны бүсийг шуурхай штабын дарга тогтоож, Цагдаагийн албаны тухай хуулийн 4, 5 дугаар бүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хойшлуулшгүй ажиллагааг явуулж болно.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

13 дугаар зүйл. Террорист үйлдлийн хор уршиг, хохирлыг арилгах

13.1.Хүн ам, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд террорист үйлдлээс үүсэх гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар зохион байгуулна.

13.2.Террорист үйлдлийн хохирлыг арилгах арга хэмжээг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлнэ.

ДӨРӨВДYГЭЭР БYЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

Хэвлэх

14 дүгээр зүйл. Террорист ажиллагаа, террорист үйлдэлд оролцсон этгээдэд хүлээлгэх хариуцлага

14.1.Террор ажиллагаа, террорист үйлдэлд оролцсон этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

15 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

15.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ж.БЯМБАДОРЖ