A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1996 оны 11 сарын 28-ны өдөр

Дугаар 286

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлээ үр ашигтай хөтлөн явуулах ур чадвараа дээшлүүлэхэд нь тодорхой гэрээний үндсэн дээр мэргэжил, арга зүйн зөвлөлгөө үзүүлж туслах, энэ чиглэлээр зуучлалын үйл ажиллагаа эрхлэх үүрэг бүхий Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв зохион байгуулж ажиллуулахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбууд зөвшөөрсүгэй.

2. Тус төвийг орлогоороо зарлагынхаа зохих хэсгийг нөхөх зарчимд үе шаттайгаар шилжүүлэх арга хэмжээ авахыг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Сангийн сайд П.Цагаан нарт тус тус зөвшөөрсүгэй. /1998 оны 162 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав/

З.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвөөс аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үзүүлэх үйлчилгээний хөлсний жишгийг энэ оны 12 дугаар сард багтаан тогтоож өгөхийг Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.Нямсамбуу, Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

4.Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийг зохион байгуулж ажиллуулахад эн тэргүүнд зайлшгүй шаардлагатай компьютер, хувилагч, бичгийн машин зэргийг худалдан авахад нэг удаагийн арга хэмжээ болгож 4 (дөрвөн) сая төгрөгийг улсын төвлөрсөн төсвөөс олгохыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.

5.Тус тусын бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх үүргийг хөдөө аж ахуйн бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд нэмэгдэл орон тоо, зардал гаргахгүйгээр хариуцуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Л.НЯМСАМБУУ

/1998 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 62 дугаар тогтоолын өөрчлөлтийг тусгав./