A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

ХАЛДВАРТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Монгол Улсад мөрдөх заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг 2 дугаар /2-р хавсралтыг 2006 оны 75-р хүчингүй болгосон/ хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны тодорхой хэсгийн хэрэгжилтэд олон улсын байгууллага, хандивлагчдын зээл, тусламжийг чиглүүлэх, дотоод эх үүсвэрээс шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Зохих бэлтгэлийг хангаж Монгол Улсад мөрдөх заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг 2003 оноос мөрдөхөөр тогтоосугай.

4. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд хариуцан зохион байгуулж хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дархлалын үндэсний хөтөлбөр, вакцинжуулалтын товлолын тухай" Засгийн газрын 1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоол, "Хүн, мал, амьтны бруцеллёз өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 119 дүгээр тогтоол, "Тогтоолын заалтад зарим өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 7 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА