Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 6 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоотой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Улсын бүртгэлийн хууль тогтоомж

2.1.Улсын бүртгэлийн хууль тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Статистикийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Улсын бүртгэлийн зарчим

3.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:

3.1.1.нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх;

3.1.2.төвлөрсөн удирдлагатай байх;

3.1.3.хараат бус байх;

3.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;

3.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;

3.1.6.иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, нууцыг чанд хадгалах.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Улсын бүртгэл, түүний нэгдсэн тогтолцоо

4.1.Эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг улсын бүртгэл гэнэ.

4.2.Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо дараахь хэсгээс бүрдэнэ:

4.2.1.иргэний улсын бүртгэл;

4.2.2.хуулийн этгээдийн улсын бүртгэл;

4.2.3.эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл.

4.3.Иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг иргэний улсын бүртгэл гэнэ.

4.4.Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн этгээдийн улсын бүртгэл гэнэ.

4.5.өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл гэнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл.Улсын бүртгэлийг хөтлөх

5.1.Улсын бүртгэлийг энэ хуулийн 5.3-5.5-д заасан мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн хөтөлнө.

5.2.Улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө.

5.3.Иргэний улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:

5.3.1.төрсний;

5.3.2.гэрлэсний;

5.3.3.гэрлэлт цуцлуулсны;

5.3.4.гэрлэлт сэргээсний;

5.3.5.эцэг тогтоосны;

5.3.6.үрчилсний;

5.3.7.овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний;

5.3.8.нас барсны;

5.3.9.иргэний үнэмлэхийн;

5.3.10.гадаадад зорчих эрхийн;

5.3.11.биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/;

5.3.12.иргэний байнгын оршин суугаа газрын;

5.3.13.шилжилт хөдөлгөөний;

5.3.14.Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсний.

5.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:

5.4.1.хуулийн этгээдийн нэр, төрөл, хэлбэр;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.4.2.хуулийн этгээдийг байгуулсан тухай /шинээр, эсхүл өөрчлөн байгуулсан/;

5.4.3.хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийн;

5.4.4.хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох тухай /өөрчлөн байгуулах, татан буулгах/;

5.4.5.өөрчлөн байгуулах замаар шинээр үүссэн болон үйл ажиллагаа нь зогссон хуулийн этгээд тус бүрийн эрх залгамжлалын;

5.4.6.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаарын;

5.4.7.хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.4.8.тухайн хуулийн этгээд салбар, төлөөлөгчийн газартай бол түүний оршин байгаа газрын хууль ёсны хаягийн;

5.4.9.компани бол түүний хувьцааг эзэмшиж байгаа этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, хаяг, эзэмшиж байгаа хувьцааны хэмжээ, түүнд орсон өөрчлөлтийн;

5.4.10.компанийн хувьд үүсгэн байгуулах баримт бичигт заасан өөрийн хөрөнгийн хэмжээний;

5.4.11.хуулийн этгээдийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийн;

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.4.12.хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог, эцэг /эх/-ийн нэр, нэр, албан тушаал, иргэний үнэмлэх, бичиг баримт болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;

5.4.13.жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний.

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна:

5.5.1.эд хөрөнгө өмчлөх эрхийн;

5.5.2.эд хөрөнгө эзэмших эрхийн;

5.5.3.эд хөрөнгө ашиглах эрхийн;

5.5.4.барьцааны;

5.5.5.батлан даалтын;

5.5.6.түрээсийн;

5.5.7.сервитутын;

5.5.8.узуфруктын;

5.5.9.бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн;

5.5.10.санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээний эрхийн.

Хэвлэх

6 дугаар зүйл.Улсын бүртгэлийн журам

6.1.Энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар тогтооно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ

7 дугаар зүйл. Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо

7.1.Монгол Улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь салбар, нэгж, ажилтнаас бүрдэх бөгөөд хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

7.2.Улсын бүртгэлийн байгууллага нь нэгдмэл тогтолцоо, төвлөрсөн удирдлагатай байна.

7.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүрмийг Засгийн газар батална.

7.4.Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь уг байгууллага үүрэг, зорилтоо бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.

7.5.Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгж, ажилтны бүртгэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

8.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.улсын бүртгэлийн хууль тогтоомжийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээ авах;

8.1.2.бүх шатны бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгчийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллах;

8.1.3.улсын бүртгэлийн эх нотлох баримтын архив болон цахим мэдээллийн санг үүсгэх, хөтлөх, төрөлжүүлэн хадгалах, тэдгээрийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах;

8.1.4.улсын бүртгэлийн үйл ажиллагааны талаар гадаад улс, олон улсын бүртгэлийн болон төрөлжсөн бусад байгууллагатай Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;

8.1.5.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, тэдгээрийн харьяа байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх;

8.1.6.салбарын хэмжээний мэргэжлийн боловсон хүчний чадавхи, техник технологи, программ хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх;

8.1.7.улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах;

8.1.8.улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг улсын хэмжээнд нэгтгэн гаргах, хуулийн дагуу мэдээлэх, үйл ажиллагааны мэдээ, тайланд дүн шинжилгээ, судалгаа хийх;

8.1.9.улсын бүртгэгчийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалт зохион байгуулах;

8.1.10.улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх баримт бичгийн загвар, маягт, холбогдох заавар, журмыг хуульд заасан журмын дагуу баталж мөрдүүлэх;

8.1.11.улсын бүртгэлийн аргачлал, арга зүйг олон улсын ангилал, стандартын жишигт нийцүүлэн боловсруулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр гаргаж мөрдүүлэх;

8.1.12.улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хуульд заасан бусад чиг үүрэг.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх 

9.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах;

9.1.2.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах;

9.1.3.улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдүүлэх;

9.1.4.улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар, нэгжийн дарга, улсын бүртгэгчийг томилж, чөлөөлөх;

9.1.5.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

9.1.6.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;

9.1.7.улсын бүртгэлийн байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах;

9.1.8.улсын бүртгэлийн байгууллага, албан хаагч, бусад ажилтны аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;

9.1.9.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

10 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих

10.1.Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлт, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан нэгж нь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагчаас бүрдэнэ.

10.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Ерөнхий байцаагч байна.

10.4.Ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагчийн эрхийг Ерөнхий байцаагч олгоно.

10.5.Хяналтын улсын ахлах байцаагч болон хяналтын улсын байцаагч нь Засгийн газрын баталсан Улсын бүртгэлийн хяналтын дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

10.6.Улсын байцаагч нь улсын бүртгэгчийн эрхтэй байна.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Улсын бүртгэгч, түүний эрх, үүрэг

11.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй. 

11.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад Улсын ерөнхий бүртгэгч, улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч, орон нутаг дахь салбар, нэгжид улсын ахлах бүртгэгч, улсын бүртгэгч ажиллана.

11.3.Дээд боловсролтой, улсын бүртгэгч бэлтгэх сургалтад хамрагдсан Монгол Улсын иргэнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын бүртгэгчээр томилж, чөлөөлнө.

11.4.Улсын бүртгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг хэрэглэнэ.

11.5.Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна:

11.5.1.улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;

11.5.2.энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;

11.5.3.энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;

11.5.4.тухайн улсын бүртгэлтэй холбоотой албан бичиг, өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэмдэглэлийг эх нотлох баримт болгон авч улсын бүртгэлийн архивын хувийн хэрэгт хавсарган баяжилт, бүртгэл хийх;

11.5.5.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн талаар шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу улсын бүртгэлд өөрчлөлт, тэмдэглэл хийж, шийдвэрийг бүртгэлийн хувийн хэрэгт хавсарган хадгалж, баяжилт хийх;

11.5.6.улсын бүртгэлийн талаархи цахим мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, түүний хамгаалалт, найдвартай байдлыг хангах;

11.5.7.улсын бүртгэлийн талаархи мэдээлэл, лавлагааг иргэн, хуулийн этгээдэд хуульд заасны дагуу гаргаж өгөх;

11.5.8.улсын бүртгэлийн хувийн хэргийг хөтлөх;

11.5.9.шүүх, цагдаа, прокурор зэрэг эрх бүхий бусад байгууллагад зохих журмын дагуу лавлагаа өгөх, улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар туслалцаа үзүүлэх, мэргэжлийн дүгнэлт гаргах;

11.5.10.улсын бүртгэлийн үйл ажиллагааны тайлан мэдээг гаргах, хуулийн дагуу мэдээлэх;

11.5.11.улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх;

11.5.12.өөрийн гүйцэтгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийн нотлох баримтын бүрдэл болон түүний үнэн зөвийг хуулийн өмнө хариуцах;

11.5.13.улсын бүртгэлтэй холбоотой төр, хувь хүн, байгууллагын нууцыг хадгалах:

11.5.14.шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах;

11.5.15.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН

12 дугаар зүйл.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан

12.1.Монгол Улс бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сантай байх бөгөөд уг сан нь төрийн өмч байна.

12.2.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.

12.3.Улсын бүртгэлийн нэгдсэн ангилал, код, регистрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, үндэсний статистикийн хороо хамтран батална.

12.4.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэл улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн суурь мэдээлэл болох бөгөөд бичгэн хэлбэрийн мэдээлэл нь эх сурвалж болно.

12.5.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалагдсан байх бөгөөд улсын онцгой объектын зэрэглэлтэй байна.

12.6.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох баримтын хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон түүний харьяа салбар, нэгж хүлээнэ.

12.7.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагдаж байгаа мэдээлэлд тухай бүр баяжилт хийнэ.

12.8.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл нь үндэсний дата төвд хадгалагдах бөгөөд үндэсний дата төвийн болон улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг Засгийн газар батална.

12.9.Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ажлын шаардлагаар ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой нууцыг хадгалах үүрэгтэй.

12.10.Лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр олгож болно.

Хэвлэх

13 дугаар зүйл.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив

13.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийг бүртгэж баталгаажуулахад ач холбогдолтой эх нотлох баримт бичгийн төрөлжсөн архивыг улсын хэмжээнд үүсгэн нөхөн бүрдүүлэлт, баяжилт хийж, түүний хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана.

13.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримтыг архивт хадгалах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

13.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлийн хувийн хэргийн нөхөн бүрдүүлэлт, баяжилтын болон хаасан улсын бүртгэлийн хувийн хэргийн мэдээг сар, улирал, жилээр улсын хэмжээнд нэгтгэн гаргана.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан

14.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулж, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангана.

14.2.Цахим мэдээллийн сан дахь мэдээллийг хуулбарлан, технологийн дагуу хадгална.

14.3.Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ

15 дугаар зүйл.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэдээлэл өгөх

15.1.Хуулиар хориглосноос бусад улсын бүртгэлийн мэдээлэл нээлттэй байна.

15.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан лавлагаа, мэдээлэл авах тухай хүсэлт, мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэж хариу өгнө.

15.3.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгж, ажилтан улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас өгсөн лавлагаа, мэдээлэлд байгууллагын тэмдэг дарж, архивын эх нотлох баримт бичгийн хуулбарт "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж тус тус баталгаажуулсан байна.

15.4.Улсын бүртгэлийн талаар лавлагаа, мэдээлэл, хуулбар авсан этгээд уг мэдээллийг ашиглан тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

15.5.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд дор дурдсан тохиолдолд улсын бүртгэлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг гаргаж өгнө:

15.5.1.тухайн мэдээлэлд холбогдох этгээд өөрөө бичгээр зөвшөөрсөн.

Энэ заалт эд хөрөнгө, хуулийн этгээдийн мэдээлэлд хамаарахгүй;

/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

15.5.2.хууль хяналтын болон тусгайлан эрх олгогдсон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтны албан ёсны хүсэлтийг үндэслэн тухайн байгууллагын чиг үүрэгт хамааралтай лавлагаа, мэдээллийг өгч болно.

15.6.Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 15.5.2-т заасан байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хуульд заасан журмын дагуу үнэ төлбөргүй лавлагаа, мэдээлэл өгнө.

15.7.Эрүү, иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтнаар дамжуулан авна.

15.8.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага улсын бүртгэлийн тоон мэдээг үндэсний статистикийн хороо, Төв банк, Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад улирал бүр гаргаж өгнө.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

16 дугаар зүйл.Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн байгууллагатай харилцах

16.1.Бүх шатны төрийн байгууллага улсын бүртгэлийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хуульд заасны дагуу хамтран ажиллах үүрэгтэй.

16.2.Улсын бүртгэлийн байгууллагад хууль хяналтын байгууллага, татварын албанаас мэдээлэл ирүүлэх журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

16.3.Хууль хяналтын байгууллага улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар гаргасан шийдвэрээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа салбар, нэгжид ажлын 3 өдрийн дотор ирүүлнэ.

16.4.Улсын бүртгэлийн байгууллагын архивын хувийн хэрэг, эх баримтаас нотлох баримтад шинжилгээ хийх эрх бүхий этгээд зөвхөн архивт ирж үзлэг, шинжилгээ хийнэ.

Хэвлэх

17 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн үүрэг

17.1.Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй.

17.2.Иргэн, хуулийн этгээд улсын бүртгэлийн байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

17.3.Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө.

Хэвлэх

18 дугаар зүйл.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл

18.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:

18.1.1.улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах;

18.1.2.өөрийн чиг үүрэгт хамааралгүй мэдээллийг цуглуулах, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас авч үзэх;

18.1.3.хүлээж авсан хүсэлт, эх нотлох баримт болон эрхийн улсын бүртгэлийн хувийн хэргийн бичилтэд засвар хийх, гэмтээх, устгах, үрэгдүүлэх, нотлох баримтыг хууль бусаар нэмэх, хасах;

18.1.4.улсын бүртгэлийн байгууллагын тооцоолох машины зөөгч болон санах байгууламжид хадгалсан тооллого, түүвэр судалгаа, мэдээллийн боловсруулалтын дэлгэрэнгүй материалыг тогтоосон хугацаанаас өмнө устгах, бусдад дамжуулах, худалдах;

18.1.5.улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох;

18.1.6.лавлагааны дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгох;

18.1.7.улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, лавлагааны бичилтийг засварлах, улсын бүртгэл хийсэн он, сар, өдөр, цагийг буруу бичих;

18.1.8.улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох;

18.1.9.улсын бүртгэгч өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг хууль бус үйлдэлд хэрэглэх, бусдад ашиглуулах, өөр бүртгэгчийн тэмдгийг ашиглах;

18.1.10.улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;

18.1.11.улсын бүртгэгч үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авах;

18.1.12.лавлагаа, мэдээллийг энэ хуулийн 15.2, 15.3, 15.5-д зааснаас бусад байдлаар өгөх, эсхүл нотлох баримтаас зөрүүтэй, хуурамчаар гаргаж өгөх;

18.1.13.улсын бүртгэлийн дүн мэдээг дур мэдэн өөрчлөх.

18.2.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бүхий архивын хувийн хэрэгтэй улсын бүртгэгч, улсын ахлах бүртгэгч, Улсын ерөнхий бүртгэгчээс бусад этгээд танилцах, түүнд өөрчлөлт, баяжилт хийхийг хориглоно.

18.3.Улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг бүхий архивын хувийн хэргийг байгууллагын байрнаас гаргахыг хориглоно.

18.4.Улсын бүртгэлийн байгууллагаас бусад иргэн, хуулийн этгээд энэ хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлс

19.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, лавлагаа, мэдээлэл өгөхөд үйлчилгээний хөлс төлнө.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

20 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

20.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан улсын бүртгэлтэй холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Энэ хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол бүртгэлийн хяналтын улсын байцаагч Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулна.

Хэвлэх

21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

21.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

21.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ