Хэвлэх DOC Татаж авах
УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

УЛСЫН НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь улсын агаарын хөлгөөр нислэг үйлдэх, улсын нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Улсын нисэхийн тухай хууль тогтоомж

2.1.Улсын нисэхийн тухай хууль тогтоомж нь энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар улсын нисэхийн үйл ажиллагааг зохицуулна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”аюул тулгарсан агаарын хөлөг” гэж агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, түүнийг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүйд хүрсэн, эсхүл агаарын хөлөг холбоогүй буюу байрлал нь тодорхой бус болсон;

4.1.2.”аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг” гэж явгалалт, хөөрөлт, буулт, нислэгийн үед гэмтэж аргагүйдсэн буулт үйлдсэн, эсхүл бүрэн эвдэрсэн;

4.1.3.”улсын нисэх” гэж улсын агаарын хөлгөөр үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдсон цогцолбор ойлголтыг;

4.1.4.”улсын агаарын хөлөг” гэж цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын агаарын хөлгийг;

4.1.5.”байлдааны агаарын хөлөг” гэж байлдаанд ашиглах зориулалтаар зэвсэг, галт хэрэгсэл, тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон агаарын хөлгийг.

4.2.Энэ хуульд заасан бусад нэр томъёог Иргэний нисэхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан нэр томъёотой нэгэн адил утгаар ойлгоно.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТӨРӨӨС ЗОХИЦУУЛАХ

5 дугаар зүйл.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

5.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.улсын нисэхийн нислэгийн үйл ажиллагааны журмыг холбогдох байгууллагатай зөвшилцөж батлах;

5.1.2.улсын нисэхийн бүтэц, зохион байгуулалтыг батлах;

5.1.3.улсын нисэхийн багц дүрмийг батлах.

5.1.4.улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох, улсын нисэхийн нислэг-техникийн шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах.

/Энэ заалтыг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх

6 дугаар зүйл.Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын чиг үүрэг

6.1.Улсын нисэхийн үйл ажиллагаа цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын хяналтанд байна.

6.2.Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага энэ хуулийн хэрэгжилтэнд мэргэжлийн хяналт тавьж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.2.1.улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулах арга хэмжээг зохион байгуулах;

6.2.2.улсын нисэхийн дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих;

6.2.3.тогтоосон агаарын хаалгаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох.

Хэвлэх

7 дугаар зүйл.Улсын нисэхийн багц дүрэм

/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

7.1.Улсын нисэхийн багц дүрмээр дараахь харилцааг зохицуулна:

7.1.1.улсын агаарын хөлгийг бүртгэх, гэрчилгээ олгох;

7.1.2.байлдааны агаарын хөлгөөс бусад улсын агаарын хөлгийн нисэх баг, инженер техникийн бүрэлдэхүүнд мэргэжлийн үнэмлэх олгох;

7.1.3.улсын нисэхийн аэродромын бүсэд нислэг үйлдэх болон аэродромыг ашиглах;

7.1.4.улсын агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт тавих;

7.1.5.улсын агаарын хөлгийн нислэгийн хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах;

7.1.6.эрэн хайх, авран туслах ажиллагааг гүйцэтгэх;

7.1.7.улсын нисэхийн агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах;

7.1.8.хууль тогтоомжид заасан бусад харилцаа.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНИЙ НИСЛЭГ

8 дугаар зүйл.Улсын агаарын хөлгийг бүртгэх

8.1.Улсын агаарын хөлгийг бүртгэх, бүртгэлээс хасах, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох бүрэн эрхийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хэрэгжүүлнэ.

Хэвлэх

9 дүгээр зүйл.Улсын агаарын хөлгийн дарга, нисэх баг

9.1.Улсын агаарын хөлгийн багийн дарга, нисэх багийг уг агаарын хөлгийг ашиглагч эрх бүхий байгууллага томилно.

9.2.Байлдааны агаарын хөлгөөс бусад улсын агаарын хөлгийн нисэх багийн гишүүд цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагаас олгосон мэргэжлийн, хүчин төгөлдөр үнэмлэхтэй байна.

/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Улсын агаарын хөлгийн дарга нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1.байлдааны үүргийн нислэг гүйцэтгэхээс бусад тохиолдолд Иргэний нисэхийн тухай хуулийн 18.2-т заасан бүрэн эрх;

9.3.2.байлдааны үүргийн нислэг гүйцэтгэж байгаа үедээ командлалаас өгсөн үүргийг биелүүлэх зорилгоор энэ хуульд заасан дүрэм, журамд зааснаас өөр шийдвэр гаргах.

Хэвлэх

10 дугаар зүйл.Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилал

/Энэ зүйлийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.1.Улсын агаарын хөлгийн нислэг дараахь ангилалтай байна:

10.1.1.байлдааны үүргийн нислэг;

10.1.2.онцгой үүргийн нислэг;

10.1.3.тусгай үүргийн нислэг;

10.1.4.арилжааны нислэг;

10.1.5.сургууль-байлдааны нислэг;

10.1.6.шалгалт, туршилтын нислэг.

10.2.Байлдааны үүргийн нислэгт байлдааны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон бүх төрлийн нислэг хамаарна.

10.3.Онцгой үүргийн нислэгт Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг хамаарна.

10.4.Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон нислэг, гамшиг, аюулт үзэгдэлтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, спортын арга хэмжээ болон төрийн чиг үүргийг гүйцэтгэх байгууллагуудын ажил, үүргийг гүйцэтгэх зорилгоор үйлдэх нислэг хамаарах ба нислэг, түүнтэй холбогдон гарах зардлыг захиалагч байгууллага хариуцна.

10.5.Улсын агаарын хөлгөөр арилжааны нислэг үйлдэх бол Иргэний нисэхийн тухай хуулийг баримтална.

10.6.Сургууль-байлдааны нислэгт бүх төрлийн дадлага сургалт, эрх олгох, бөмбөгдөлт, пуужингийн харвалт, буудлагатай нислэг хамаарна.

10.7.Шалгалт, туршилтын нислэгт шинэ төрлийн агаарын хөлгийг агаарт шалгах, засвар, техникийн үйлчилгээ, шинээр тоног төхөөрөмж суурилуулсны дараа хийх нислэг хамаарна.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Улсын агаарын хөлгийн нислэгийн зохицуулалт

11.1.Улсын агаарын хөлгийн байлдааны үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын шийдвэрээр Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

11.2.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан журмаар хэрэгжүүлнэ.

11.3.Энэ хуулийн 10.1.5, 10.1.6-д заасан нислэгийн хөдөлгөөний зохицуулалтыг зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал хэрэгжүүлнэ.

 /Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН АЭРОДРОМЫН АШИГЛАЛТ

12 дугаар зүйл.Улсын агаарын хөлөг байрлах аэродром

12.1.Улсын нисэхийн аэродром байгуулах, түүний бэлэн байдал, түүнд тавигдах шаардлагыг Улсын нисэхийн багц дүрмээр тогтооно.

12.2.Цэргийн зориулалттай нисэхийн аэродром байгуулах, түүний бэлэн байдал, түүнд тавигдах шаардлагыг тогтоох асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн Засгийн газар шийдвэрлэнэ.

12.3.Улсын нисэхийн аэродромын бүртгэлийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага эрхэлнэ.

12.4.Улсын нисэхийн аэродромын орчмын нутаг дэвсгэрийн гадна барилга байгууламж барих, холбооны болон өндөр хүчдэлийн шугам тавих асуудлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай урьдчилан тохиролцож шийдвэрлэнэ.

Хэвлэх

13 дугаар зүйл. Аэродромыг хамтран ашиглах

13.1.Улсын болон иргэний агаарын хөлгүүд хамтран ашиглах аэродром нь иргэний нисэхийн аэродромд тавигддаг бүх шаардлагыг хангасан байна.

13.2.Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журмыг батлан хамгаалах болон иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

14 дүгээр зүйл.Улсын нисэхийн аюулгүй ажиллагааг хангах

14.1.Улсын агаарын хөлгийг бүртгэх, нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, инженер, техникийн бүрэлдэхүүнийг батламжлах зэрэг журмыг Улсын нисэхийн багц дүрмээр тогтооно.

14.2.Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол зорчигчдын бие болон гар тээшинд агаарын хөлгийг эзэмшигч болон холбогдох мэргэжлийн байгууллага зохих зааврын дагуу үзлэг хийх эрхтэй.

14.3.Энэ хуулийн 14.2-т заасан үзлэгээс татгалзсан үйлчлүүлэгчийг тээвэрлэхийг хориглох ба шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.

14.4.Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх зөвшөөрлийг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага хил хамгаалах байгууллагыг удирдах байгууллагатай хамтран олгоно.

14.5.Улсын нисэхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нисэх багийн бүрэлдэхүүнд хамгаалалтын ажилтныг ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

14.6.Улсын нисэхийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүднээс улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болно.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмсэн./

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ АЖИЛ

15 дугаар зүйл.Эрэн хайх, авран туслах ажлыг зохион байгуулах

15.1.Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, түүний нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, тусламж үзүүлэх, тэдгээрийг ослын газраас шилжүүлэн зөөвөрлөх ажиллагааг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

Хэвлэх

16 дугаар зүйл.Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа

16.1.Аюул тулгарсан болон аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага тухайн агаарын хөлөг эзэмшигчтэй хамтран тусгайлан бэлтгэгдсэн бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл ашиглан гүйцэтгэнэ.

16.2.Эрэн хайх, авран туслах нислэгийг улсын болон иргэний нисэхийн байгууллагууд хамтран гүйцэтгэж болно.

16.3.Орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлгийн талаар өөрт мэдэгдсэн мэдээллийг зохих байгууллагад нэн даруй мэдэгдэх, нисэх баг, зорчигчдын амь насыг аврах, тэдэнд эмнэлгийн болон бусад зайлшгүй тусламж үзүүлэх, түүнчлэн агаарын хөлөг, түүний баримт бичгийг хамгаалалтад авах үүрэгтэй.

Хэвлэх

17 дугаар зүйл.Аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх ажлыг зогсоох

17.1.Аюулд нэрвэгдсэн улсын агаарын хөлөг, нисэх баг, зорчигчдыг эрэн хайх бүх арга хэмжээ үр дүнгүй болсон тохиолдолд эрлийн ажлыг зогсоох шийдвэрийг уг агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
УЛСЫН НИСЭХИЙН НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ

18 дугаар зүйл.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах

18.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээч нь улсын нисэхийн нислэг-техникийн шинжлэн шалгах комисс томилуулах тухай саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, батлуулна.

/Энэ хэсгийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18.2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс нь гарсан осол зөрчлийн нөхцөл, шалтгааныг тогтоож, цаашид уг осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

18.3.Сургууль-байлдааны нислэгээс бусад тохиолдолд улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийн шалтгааныг тогтоох, шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай гэж үзвэл иргэний нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны болон гадаадын мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, хамтарсан комисс томилон шалгаж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Хэвлэх

19 дүгээр зүйл.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шалгах шинжээчийн бүрэн эрх

19.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шалгах шинжээч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.улсын нисэхийн үйл ажиллагаатай холбоотой газруудад саадгүй нэвтрэх;

19.1.2.улсын нисэхийн багц дүрэмд өөрчлөлт оруулах санал гаргах;

19.1.3.улсын нисэхийн анги, байгууллагын нислэгийн бэлтгэл, гүйцэтгэлд үнэлэлт өгөх;

19.1.4.улсын нисэхийн техникийн ашиглалтын горимд хяналт тавьж дүгнэлт гаргахад зөвлөмж өгөх;

19.1.5.улсын агаарын хөлгийн нислэг-техникийн осол зөрчлийн шалтгааныг үнэн зөв тогтоох, шаардлагатай мэдээ, судалгаа, бусад баримт бичгийг холбогдох этгээдээс шаардан гаргуулж авах.

Хэвлэх


НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

20 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

20.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 

20.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР