Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
 Төрийн ордон, Улаанбаатар хот

      ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ

       ТАТУУРГЫН АШИГЛАЛТЫН ТУХАЙ

      /Шинэчилсэн найруулга/



      НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
  НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын  ашиглалтын тухай хууль тогтоомж

2.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль[1], Иргэний хууль[2], энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Цэвэр усыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахтай холбогдсон харилцааг Усны тухай хуулиар[3] зохицуулна.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“төвлөрсөн ус хангамж” гэж ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламжийг ашиглан хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;

3.1.2.“төвлөрсөн бус ус хангамж” гэж гүний худгаас болон ус түгээх байрнаас усыг зөөвөрлөн түгээж, хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах үйл ажиллагааг;

3.1.3.“ариутгах татуурга” гэж хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж, бохир усны цооногийг;

3.1.4.“ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж” гэж гүний болон гадаргын ус ашиглан ус олборлох, цэвэршүүлэх, цуглуулах шугам сүлжээ, усан сан, шахуургын станцыг;

3.1.5.“шугам сүлжээ” гэж цэвэр ус дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах байгууламжийг;

3. 1.6.“цэвэр ус дамжуулах шугам” гэж ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг;

3.1.7.“цэвэр ус түгээх шугам” гэж ус дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалтаас хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг;

3.1.8.“бохир усны гаргалгааны шугам” гэж хэрэглэгчийн сантехникийн хэрэгслээс барилгын гадна талын эхний худаг хүртэлх шугам сүлжээг;

3.1.9.“бохир ус цуглуулах шугам” гэж барилгын гадна талын эхний худгаас бохир ус татан зайлуулах шугамд холбогдож байгаа худаг хүртэлх шугам сүлжээг;

3.1.10.“бохир ус татан зайлуулах шугам” гэж бохир ус цуглуулах шугамд холбогдож байгаа эхний худгаас бохир ус цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сан хүртэлх шугам сүлжээг;

3.1.11.“цэвэрлэх байгууламж” гэж бохир ус татан зайлуулах шугамаас бохир усыг хүлээн авч цэвэрлэх цогц байгууламжийг;

3.1.12.“хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс” гэж Усны тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д заасныг;

3.1.13.“хэрэглэгч” гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг;

3.1.14.“хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг;

3.1.15.“техникийн нөхцөл” гэж шинээр барих, өргөтгөх барилга байгууламжийг ус хангамжийн болон ариутгах татуургын шугам сүлжээнд холбоход тавигдах шаардлага, нөхцөлийг тусгасан техникийн баримт бичгийг;

3.1.16.“цэвэр усны үйлчилгээний төлбөр” гэж усыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

3.1.17.“бохир усны үйлчилгээний төлбөр” гэж хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг;

3.1.18.“тариф” гэж цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, эсхүл эдгээрийн аль нэгийг багтаан хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталж нийтэлсэн үнийг;

                        3.1.19.“саарал ус” гэж  ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ТАЛААРХ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

4.1.Засгийн газар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.хот, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн ундны болон ахуйн хэрэглээний цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэршүүлэх үүрэг хүлээж, ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих;

4.1.2.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын  ашиглалт, үйлчилгээг  зохицуулах үүрэгтэй зохицуулах зөвлөлийн дүрмийг батлах;

4.1.3.усны болон хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

4.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

5 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

5.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын норм, дүрэм, нийтлэг мөрдөх журам, заавар батлах, стандартыг хянах;

5.1.2.Усны тухай хуулийн 10.1.4-т заасны дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд батлагдсан гадаргын болон гүний усны экологи, эдийн засгийн үнэлгээг мөрдүүлэх;

5.1.3.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын төрийн өмчийн барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай хууль[4] болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хэрэгжүүлэх;

                        5.1.4.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн бодлогыг усны хэрэглээний хандлага, усны нөөц, ашиглаж болох боломжит нөөц, усны менежментийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулах;

                        5.1.5.байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй бусад нөхцөл байдал үүссэн тохиолдолд ус хангамжийн талаар мөрдөх журам батлах;

5.1.6.үйлдвэрийн газрын технологийн хэрэглээний усыг дахин ашиглахтай холбогдсон норм, дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;

5.1.7.аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын хэрэглээний халуун, хүйтэн ус, ариутгах татуургын норм, дүрэм, журмыг баталж мөрдүүлэх;

5.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

6 дугаар зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

6.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж болон дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх;

6.1.2.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг сайжруулах, техник, технологийг шинэчлэх, өргөтгөх, төсөл, хөтөлбөрийн санал боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.1.3.орон нутгийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

6.1.4.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан байгуулах, түүний байнгын ажиллагааг эрхлэх, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;

                        6.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

7 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

7.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ус хангамж, ариутгах татуургыг хөгжүүлэх бодлого боловсруулан, биелэлтэд хяналт тавих, энэ талаар Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх; 

7.1.2.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох;

7.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх

8 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

8.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

8.1.2.нутаг дэвсгэрийнхээ ус хангамж, ариутгах татуургын талаар төсөл, хөтөлбөр боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах;

8.1.3.ус хангамж, ариутгах татуургын орон нутгийн өмчийн барилга байгууламжийн захиалагчийн үүргийг Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх;

8.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН

АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

9 дүгээр зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн бүтэц

9.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /цаашид “Зохицуулах зөвлөл” гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна.

9.2.Зохицуулах зөвлөл нь дарга, дараах орон тооны бус дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байна:

9.2.1.хэрэглэгчийн төлөөлөл хоёр хүн;

9.2.2.салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагаас хоёр хүн.

9.3.Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Ерөнхий сайд томилно.

9.4.Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байх бөгөөд Зохицуулах зөвлөлийн гишүүдийн анхны томилгоог 2, 4, 6 жилээр хийж, цаашид 6 жилийн хугацаагаар томилох бөгөөд томилолтын хугацааг нэг удаа сунгаж болно.

9.5.Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүнээр ус, дулаан хангамж, ариутгах татуургын инженер, хот төлөвлөлтийн эдийн засагч, барилгын эдийн засагч мэргэжлийн аль нэгийг эзэмшсэн, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно.

9.6.Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн нь хот, суурины ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдтэй нэгдмэл сонирхолтой байж болохгүй. 

9.7.Зохицуулах зөвлөл ажлын албатай байна.

9.8.Зохицуулах зөвлөл энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын болон үнэ, тарифыг хянан баталгаажуулах үйлчилгээний хураамж, сургалт, сурталчилгааны, мэдээллийн орлого зэргээс санхүүжинэ.

9.9.Зохицуулах зөвлөлийн ажиллах дотоод журмыг Зохицуулах зөвлөлийн дарга батална.

9.10.Зохицуулах зөвлөл нь үйл ажиллагааны төсвөө Засгийн газраар батлуулж, ажлын тайлан, төсвийн гүйцэтгэлийг жил бүр тайлагнана. 

9.11.Зохицуулах зөвлөл нь санхүүгийн тайлангаа жил бүр аудитаар баталгаажуулж, нийтэд мэдээлнэ.

9.12.Дор дурдсан тохиолдолд Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрх энэ хуулийн 9.4-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

9.12.1.нас барсан;

                        9.12.2.чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан;

                        9.12.3.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажилд томилсон буюу сонгогдсон;

                        9.12.4.нэг жилээс дээш хугацааны сургалтад хамрагдсан болон биеийн эрүүл мэндийн байдлын улмаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон;

                        9.12.5.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

9.12.6.хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;

9.12.7.хуульд заасан бусад үндэслэлээр.

           

9.13.Зохицуулах зөвлөл нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах зөвлөлийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна.

9.14.Зохицуулах зөвлөлийн шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө.      

Хэвлэх

10 дугаар зүйл.Зохицуулах зөвлөлийн бүрэн эрх

10.1.Зохицуулах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг хянаж батлах, нийтлэх;

10.1.2.энэ хуулийн 15.1.11-д заасан үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн хэмжээг тогтоох;

10.1.3.энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

10.1.4.тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах;

                       

10.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;

                        10.1.6.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, эд хөрөнгөө барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;

                        10.1.7.тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, хүний нөөц, техник технологи, эдийн засгийн үзүүлэлтийн талаар мэдээллийн нэгдсэн сан бий болгох, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс холбогдох мэдээллийг гаргуулах;

                        10.1.8.аж ахуйн харилцааны дүрэм батлах;

                        10.1.9.техникийн нөхцөл олгох журам батлах.

10.2.Зохицуулах зөвлөл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үзүүлэх үйлчилгээний тарифыг хянан батлахдаа дараах зарчмыг баримтална:

10.2.1.цэвэр ус олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, зөөвөрлөн түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаанд техник, технологийн найдвартай ажиллагааны шаардлагад нийцүүлэн хамгийн бага өртгийн зарчмыг мөрдөх;

                        10.2.2.тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардал болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон байх;

                        10.2.3.тарифын бүтэц хэрэглэгчид ойлгомжтой, энгийн байх;

                        10.2.4.Өрсөлдөөний тухай[5] хуулийн 5 дугаар зүйл, 6.1-д заасны дагуу үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах.

10.3.Тухайн хот, суурин газарт хүн амыг цэвэр усаар хангах үйлчилгээний тарифыг ижил түвшинд хүргэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

11 дүгээр зүйл.Техникийн нөхцөл

11.1.Техникийн нөхцөлд дараах шаардлагыг тусгасан байна:

                        11.1.1.тухайн барилга байгууламжийг холбох цэгийн шугам сүлжээний голчийн хэмжээ, хоолойн суултын гүн, усны даралтын хэмжээ; 

11.1.2.цэвэр, бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ, тэдгээрийг шугам сүлжээнд нийлүүлэх нөхцөл;

11.1.3.цэвэр ус хэмнэлттэй зарцуулах, бусад хэрэглэгчийг холбох боломж;

11.1.4.шинээр баригдах барилга байгууламжийн зураг төсөлд саарал усыг цуглуулах, хуримтлуулах, цэвэрлэх, дахин ашиглах боломж.

11.2.Захиалагч, хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай[6] хуулийн 6.5-д заасны дагуу батлуулсан стандартын дагуу техникийн нөхцөлийг хангагч олгоно.

11.3.Техникийн нөхцөл өөрчлөгдвөл хангагч нь захиалагч, хөрөнгө оруулагчид мэдэгдэж техникийн нөхцөлд өөрчлөлт оруулах буюу шинээр олгоно.

11.4.Техникийн нөхцөлд тусгагдсан шаардлагыг зөрчихийг хориглоно.

11.5.Техникийн нөхцөлд хэрэглэгчийг холбох цэгийн шугам хоолойн өмчлөгч, эзэмшигчийг  заасан байна.

Хэвлэх

12 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл, түүний ангилал

12.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг шинээр барьж байгуулах болон түүний ашиглалт, засвар, үйлчилгээг Зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай  зөвшөөрөл  бүхий хуулийн этгээд эрхлэн гүйцэтгэнэ.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан дараах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгоно:

                        12.2.1.хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.2.ус олборлох, цэвэршүүлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.3.цэвэр ус дамжуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.4.цэвэр ус түгээх  шугам сүлжээний  ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.5.орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.6.ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

12.2.7.бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.8.бохир ус цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.9.бохир ус татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.10.бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.11.ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээ;

                        12.2.12.хот, суурины ус түгээх байрны ашиглалт, засвар, үйлчилгээ;

                        12.2.13.зөөврийн ус хангамжийн үйлчилгээ;

                        12.2.14.бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ.

12.3.Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай[7] хуульд заасны дагуу зохицуулна.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
ХАНГАГЧ, ХЭРЭГЛЭГЧИЙН ХАРИЛЦАА

13 дугаар зүйл.Гэрээ

13.1.Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна.

13.2.Хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна.

13.3.Энэ хуулийн 13.2-т заасан гэрээнд нийлүүлэх цэвэр ус болон татан зайлуулах бохир усны хэмжээ, чанар, найрлага, гэрээг дүгнэх хугацаа, төлбөр тооцооны арга, талуудын эрх, үүрэг, хариуцлага, хохирол тооцох журам болон шаардлагатай бусад зүйлийг тусгана.

13.4.Тарифт орох өөрчлөлтийн талаар түүнийг мөрдөж эхлэхээс 30 хоногийн өмнө, төлөвлөгөөт засвар хийх үед цэвэр усаар хангах үйл ажиллагааг түр зогсоох тухай хэрэглэгчид урьдчилан  мэдэгдэх буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.

13.5.Хангагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ байгуулахаас татгалзах эрхгүй.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Хангагчийн эрх, үүрэг

14.1.Хангагч  дараах эрхтэй:

14.1.1.хэрэглэгчийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид үзлэг, шалгалт хийж заавар, зөвлөгөө өгөх;

14.1.2.хэрэглэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг шаардах.

14.2.Хангагч дараах үүрэгтэй:

14.2.1.гэрээний нөхцөлд тохирсон тоо, хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэх, чанар, аюулгүй байдлын шаардлагад хяналт тавих;

14.2.2.хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулахад зориулсан тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга хийж, аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөгөөр хангах;

14.2.3.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх;

14.2.4.өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар, үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх;

14.2.5.гэнэтийн осол, аваар гарсан болон зайлшгүй урьдчилан сэргийлэх, засвар, үйлчилгээ хийх үед энэ тухай хэрэглэгчид мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах;

14.2.6.үйлчилгээний тарифын хэмжээ тогтоох саналыг боловсруулж, Зохицуулах зөвлөлөөр батлуулж, мөрдөх.

14.3.Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно.

14.4.Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн  хүчин чадлыг үндэслэн олгоно.

14.5.Хангагч нь үйлдвэрлэлийн осол, аваар гаргасан, эд хөрөнгийн хохирол учруулсан, техникийн гэмтэл гарсан тохиолдолд зөрчлийг арилгахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээ авна.

Хэвлэх

15 дугаар зүйл.Хэрэглэгчийн эрх, үүрэг

15.1.Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй:

15.1.1.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан гэрээний дагуу цэвэр усаар хангуулах, хэрэглээнээс гарсан бохир усаа хангагчийн шугам сүлжээнд нийлүүлэх, саарал усыг ашиглах;

15.1.2.цэвэр усаар хангуулах болон хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах талаар гэрээнд заасан нөхцөлийг биелүүлэх;

15.1.3.цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх;

15.1.4.хангагч үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үйлчилгээний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг нь төлөхөөс татгалзах, хохирлоо нөхөн төлүүлэхээр хангагчаас нэхэмжлэх;

15.1.5.ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, техникийн болон аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх;

15.1.6.хангагчийн төлөөлөгчийг энэ хуулийн 14.1.1-д заасан үйл ажиллагаагаа явуулах нөхцөлөөр хангах;

15.1.7.хангагчаас цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах, саарал усыг ашиглах техникийн нөхцөл авах;

15.1.8.өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх;

15.1.9.өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээнд гэмтэл учруулсан бол шаардагдах засварыг өөрөө, бололцоогүй бол хангагчаар хийлгэж, гарсан зардлыг төлөх;

15.1.10.хангагчаас олгосон техникийн нөхцөл, зөвшөөрөл, батлагдсан зураг төслийн дагуу өөрийн эзэмшлийн шугамаас бусад хэрэглэгчийг холбуулах;

15.1.11.энэ хуулийн 15.1.10-т заасны дагуу бусдад цэвэр ус түгээх, тэдгээрийн хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах нөхцөлд хангагч байгууллагаас үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийг Зохицуулах зөвлөлийн баталсан хэмжээнд авах;

15.1.12.өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарсан болон гарч болох осол, гэмтлийн талаар хангагчид мэдээлэх, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, усны хэмжих, хянах хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах;

           

                        15.1.13.усны хэрэглээний төлбөрөө тоолуурын заалтаар тооцож төлөх.

Хэвлэх

16 дугаар зүйл.Цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох нөхцөл

16.1.Хангагч дор дурдсан нөхцөлд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэхгүйгээр цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагаанд хязгаарлалт хийж болно:

16.1.1.ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжид эрчим хүчний гэнэтийн тасалдал гарсан;

            16.1.2.гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэний улмаас усны хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай болсон;

16.1.3.ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжид ноцтой гэмтэл гарсан.

16.2.Хангагч дор дурдсан нөхцөлд хэрэглэгчид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр цэвэр усны хэрэглээ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйл ажиллагааг хязгаарлах буюу зогсоох хүртэл арга хэмжээ авна:

16.2.1.хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюултай нөхцөл байдал үүссэн;

16.2.2.ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд төлөвлөгөөт урсгал болон их засвар хийх болсон;

16.2.3.цэвэр усны алдагдал, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн гэмтлийг тогтоосон хугацаанд засварлаагүй;

16.2.4.ус хангамжийн байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээнд хангагчийн зөвшөөрөлгүйгээр холбосон;

16.2.5.усны тоолуурын битүүмжлэл, байрлал, холболтыг дураараа өөрчилсөн;         

16.2.6.энэ хуулийн 18.1-д заасны дагуу тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг хангаагүй бохир ус нийлүүлсэн.

Хэвлэх


  ЗУРГАДУГААР БҮЛЭГ
УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТ, ӨМЧЛӨЛ

17 дугаар зүйл.Ус хангамж, ариутгах татуурга

17.1.Улсын онц чухал объектод хамаарах ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтыг цагдаагийн байгууллага гүйцэтгэж, бусад ус хангамжийн эх үүсвэр нь энгийн харуул хамгаалалттай байна.

/Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.2.Төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр нь хамгаалалтын болон эрүүл ахуйн бүстэй байх бөгөөд тэдгээрийн дэглэмийг Усны тухай хуулийн 31.3, 31.4-т заасны дагуу тогтооно.

17.3.Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

17.4.Энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах байдлаар тогтоож, хэрэгжилтийг хангуулна:

17.4.1.хот, суурины төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метр, хамгаалалтын бүсийг 200 метрээс багагүй зайд;

17.4.2.төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн энгийн хамгаалалтын бүс,  эрүүл ахуйн бүсийг Усны тухай хуулийн 31.3-т заасны дагуу;

17.4.3.төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт урсгал уснаас шууд тэжээгдэх худгийн усыг ашиглахдаа хамгаалалтын бүсийг мэргэжлийн хяналтын байгууллагын хот, суурины ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн  дүгнэлтийг үндэслэн 500 метрээс багагүй зайд;

17.4.4.урсгал усыг төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа тохиолдолд тухайн газрын хөрс, чулуулгийн тогтолцоо, голын урсацыг харгалзан хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг Усны тухай хуулийн 31.4-т заасны дагуу.

17.5.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тухайн усны эх үүсвэрийн тэжээлийн бүс болон түүнтэй гидравлик холбоотой гол, нуурын ус хуримтлуулах талбайг хамруулан тогтоож болно.

17.6.Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно.

17.7.Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна.

17.8.Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг  хориглоно:

17.8.1.газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах, боловсруулах, үйлдвэрлэх;

17.8.2.байгаль орчин, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөөгүй бордоо ашиглан таримал ургамал тарих, бодис, арга технологи хэрэглэн хөнөөлт шавж, мэрэгчийг устгах;

17.8.3.унд, ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;

17.8.4.газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох.

17.9.Усны чанарын шинжилгээний дээж авах цэг, давтамжийг эрүүл мэндийн хяналтын байгууллагаас тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

17.10.Ус хангамжийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс, эх үүсвэрийн барилга байгууламжид хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглоно.

17.11.Иргэн хувийн хэрэгцээндээ зориулж гаргасан усны эх үүсвэрийг ашиглах болон бусад хэрэглэгчийг усаар хангах нөхцөлд хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөнө.

17.12.Шинээр төлөвлөж байгаа барилга байгууламжийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэршүүлэн ашиглах асуудлыг батлагдсан стандарт, норм, дүрмийн дагуу хэрэгжүүлнэ.

17.13.Уул уурхай, эрчим хүчний үйлдвэр нь технологийн хэрэглээний усаа эргүүлэн ашиглана.

17.14.Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно.

Хэвлэх

18 дугаар зүйл.Цэвэрлэх байгууламж

18.1.Технологийн хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх байгууламжид нийлүүлэхдээ байгаль орчин, эрүүл мэнд, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагуудын хамтран тогтоосон бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээг баримтална.

18.2.Цэвэрлэх байгууламжийн байршлыг дараах зүйлийг харгалзан тогтооно:

18.2.1.хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө;

18.2.2.байгалийн гэнэтийн аюул /усны үер, гал түймэр, газар хөдлөлт г.м/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө;

18.2.3.цэвэрлэх байгууламжийг өргөтгөх боломж;

18.2.4.хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоох талбай;

18.2.5.ажиллагсдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын болон аюулгүй ажиллагааны нөхцөл.

18.3.Цэвэрлэх байгууламж нь саарал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологи бүхий тоног төхөөрөмжтэй байна.

18.4.Цэвэрлэсэн бохир усны найрлагад эрүүл мэнд, байгаль орчны хяналтын алба, технологийн горимд дэд бүтцийн хяналтын алба тус тус хяналт тавина.

18.5.Үйлдвэрийн хэрэглээнээс гарсан бохир усыг урьдчилан цэвэрлэх байгууламжаар зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл цэвэрлэсний дараа татан зайлуулах шугам сүлжээнд нийлүүлэх, технологийн хэрэглээндээ эргүүлэн ашиглана.

18.6.Улсын чанартай авто замын дагуу байрлах зорчигч үйлчилгээний болон шатахуун түгээх газар нь ариутгах татуургын шугам сүлжээ бүхий ариун цэврийн өрөөтэй байх бөгөөд энэхүү арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Хэвлэх

19 дүгээр зүйл.Барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөл

19.1.Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан барилга байгууламж, шугам сүлжээ, байгууламжийн ашиглалт, үйлчилгээг зохих тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болно.  

19.3.Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам сүлжээний өмчлөх эрх өөрчлөгдөх нь эдгээр барилга байгууламж, шугам сүлжээний үйл ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй.

Хэвлэх

20 дугаар зүйл.Цэвэр, бохир усны хэмжээ тогтоох

20.1.Хэрэглэгчийн хэрэглэсэн цэвэр усны хэмжээг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу байгуулсан гэрээ, эрх бүхий байгууллагаар баталгаажсан усны тоолуурын заалтыг үндэслэн тооцно.

20.2.Усны тоолуургүй хэрэглэгчийн хэрэглэсэн унд, ахуйн ус, хэрэглээнээс гарсан бохир усны хэмжээг байгаль орчин, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон хэрэглээний жишиг, нормыг үндэслэн тодорхойлно.

20.3.Тооцооны хэмжих хэрэгслийн гэмтэл, эвдрэл нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, эсхүл тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлах, баталгаажуулах зорилгоор шугамаас салгасан бол өмнөх 3 сард хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны хэмжээний дунджаар тооцно.

Хэвлэх


ДОЛДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА

21 дүгээр зүйл.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлт, түүнд тавих хяналт

21.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомжийн биелэлтэд холбогдох мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

21.2.Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, цэвэр усны мөрдөж байгаа үнэ, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийн үндэслэлд олон нийтийн хяналт тавина.

Хэвлэх

22 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх

22.1.Хангагч болон хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах зөвлөл шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Хэвлэх

23 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ус ашиглалт, ариутгах татуургын улсын байцаагч дараах захиргааны шийтгэл ногдуулна:

23.1.1.энэ хуулийн 11.2, 11.4-т заасныг зөрчсөн бол буруутай иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

23.1.2.энэ хуулийн 14.2.3, 15.1.5-д заасныг зөрчсөн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, буруутай иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

23.1.3.энэ хуулийн 14.5-д заасныг зөрчсөн бол зөрчлийг арилгуулан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, буруутай иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг  нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

23.1.4.энэ хуулийн 16.2.4, 16.2.5-д заасныг зөрчсөн бол зөрчлийг арилгуулан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, буруутай иргэнийг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

23.1.5.энэ хуулийн 16.2.6, 17.14-т заасныг зөрчсөн бол үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

23.1.6.энэ хуулийн 17.8.1-17.8.3, 17.10-т заасныг зөрчсөн бол зөрчлийг арилгуулан, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, буруутай иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

23.1.7.энэ хуулийн 17.8.4-т заасныг зөрчсөн бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

Хэвлэх

24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Д.ДЭМБЭРЭЛ


[1] Монгол Улсын Үндсэн хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

[2] Иргэний хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

[3] Усны тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2004 оны 18 дугаарт нийтлэгдсэн.

[4] Барилгын тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 19 дугаарт нийтлэгдсэн.

[5] Өрсөлдөөний тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2010 оны 28 дугаарт нийтлэгдсэн.

[6] Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 21 дугаарт нийтлэгдсэн.

[7] Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2001 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

[8] Дотоодын цэргийн тухай хууль - “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 12 дугаарт нийтлэгдсэн.

Хэвлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих