A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Хүнсний аюулгүй байдал)

                  (Энэ тогтоолын хавсралтад 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хүнсний аюулгүй байдал" үндэсний хөтөлбөрийг хавсралтын ёсоор баталсугай.

(Энэ зүйлд 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг жил бүр батлан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.

3. Нийслэл, аймаг бүр "Хүнсний аюулгүй байдал" дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, дүнг жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

(Энэ зүйлд 2011-04-13-ны 114-р тогтоолоор өөрчлөлт орсон)

4. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах, зээл, тусламж, төсөлд хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

5. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хүнс,хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ