A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 138

Улаанбаатар хот

ХҮНСНИЙ ГОЛ НЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хүнсний тухай хуулийн 5.1, 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Махны үнийн хэт өсөлтийг сааруулах зорилгоор Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас мах нийлүүлэх арга хэмжээг яаралтай зохион байгуулж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, дээрх аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Махны яармаг худалдааг Улаанбаатар хотод 2010 оны 6 дугаар сараас эхлэн хаврын улиралд сард 4 удаа, зун, намар, өвлийн улиралд сард 2-оос доошгүй удаа тус тус зохион байгуулан, махны эрэлт, нийлүүлэлтэд судалгаа хийж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

3. Махны яармаг худалдааны үеэр эрүүл ахуй, ариун цэврийн хяналт, шалгалт, зөвшөөрлийн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байхыг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Я.Содбаатар нарт үүрэг болгосугай.

4. 2011 оноос эхлэн Улаанбаатар хотод 12.0 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотод тус бүр 1.0 мянган тонн, бусад аймгийн төвүүдэд 100 тонноос доошгүй хэмжээний мах нөөцлөн, жил бүрийн хаврын улиралд борлуулах ажлыг зохион байгуулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Хаврын улиралд борлуулах нөөц махны урамшуулалд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд С.Баярцогт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

6. Мах бэлтгэн хадгалж, хаврын улиралд борлуулах шаардлага хангаж байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл олгон дэмжих ажлыг зохион байгуулахыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөсүгэй.

7. Өвс, тэжээл бэлтгэн нөөцлөх тогтолцоог боловсронгуй болгох, аймаг, сумын түвшинд тэжээлийн нөөц сан бий болгох талаар санал боловсруулж энэ оны III улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

8. Дараахь ажлыг зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай:

8.1. хүнсний зориулалттай буудайн чанарыг сайжруулах зорилгоор үрийн тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж хамтран ажиллах;

8.2. тариалангийн үйлдвэр эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн буудайд олгох мөнгөн урамшууллыг бүс, чанарын зэрэглэлээр ялгавартай тогтоон олгох талаар санал боловсруулж энэ оны 6 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах;

8.3. элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны түүхий эдийг дотооддоо тариалах талаар хийж байгаа ажлыг эрчимжүүлэх, гадаад оронд газар түрээслэн авч эдгээр бүтээгдэхүүний тариалах асуудлыг хувийн хэвшилтэй хамтран зохион байгуулах талаар тодорхой санал боловсруулж Засгийн газарт танилцуулах;

8.4. гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох мах, гурил, элсэн чихэр, цагаан будаа, ургамлын тосны бөөний худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд байгаа үлдэгдэл нөөцийн хэмжээг сар бүр нэгтгэн судалж, зохицуулж байх.

9. Мах, төмс, хүнсний ногооны зоорь, агуулахын аж ахуй эрхлэгчдийг урт хугацаатай, бага хүүтэй гадаадын зээл, тусламжид хамруулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

10. Сумдад ашиглаж байгаа агропаркийн ашиглалтыг сайжруулан, хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

11. Цагаан будаа, элсэн чихрийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар нийлүүлэгч аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт зохион байгуулж, зохицуулалтын арга хэмжээг тогтмол авч ажиллахыг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт даалгасугай.

12. Цагаан будааны нийлүүлэлтийн тогтолцоог найдвартай болгох зорилгоор томоохон экспортлогч орнуудын холбогдох байгууллагад энэ төрлийн бүтээгдэхүүн импортлох квот авах асуудлыг тавьж шийдвэрлүүлэхийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.

13. Мах, сүү, төмс, хүнсний ногооны нийлүүлэлт, борлуулалтын тогтолцоог зах зээлийн харилцаанд нийцүүлэн боловсронгуй болгох, орчин үеийн төрөлжсөн бөөний худалдааны төв, агуулах байгуулах, энэ төрлийн төслийг гадаадын зээл, тусламжид хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт тус тус даалгасугай.

14. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар Засгийн газарт сар бүр танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ