A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Ойн)

Ойн тухай хуулийн 11.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 248 дугаар тогтоолоор баталсан "Ойн тухай үндэсний хөтөлбөр"-т дараахь нэмэлт оруулсугай:

"Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт

Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

1. Ойн тухай хууль тогтоомж, стандарт, ойн менежментийн төлөвлөгөө болон энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар холбогдох байгууллага, иргэний нийгэм, эрдэмтэд, шинжээчийн хөндлөнгийн үнэлгээ;

2. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, мод, түүний дагалт баялгийг ашиглах чиглэлээр шинэ техник технологи нутагшуулан нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, нөхөрлөлийн тоо, тэдгээрийн эдийн засгийн үр дүн;

3. Ойжуулах ажил, ойн зам байгуулах арга хэмжээ болон техник технологийн шинэчлэлтэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний өсөлт;

4. Мод, сөөгний үрийн улсын нөөц болон иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийн бэлтгэсэн мод, сөөгний үрийн нөөцийн хэмжээ, түүний өсөлт;

5. Шинээр байгуулсан мод үржүүлгийн газрын тоо, нэмэгдсэн ажлын байр, жил бүрийн ойжуулсан талбайн хэмжээ, түүний дотор хөнөөлт шавьж, өвчинд өртсөн болон түймэрт нэрвэгдсэн талбайн ойжуулалтын хэмжээ, нийт тарьсан мод, түүний ургалтын хувь, улсын ойн санд хүлээлгэн өгсөн таримал ойн хэмжээ (га);

6. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгж, иргэний өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулсан талбай, тавьсан ойн замын тухай үзүүлэлтүүд;

7. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, ойн түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах болон мод тарих ажилд орон нутгийн иргэдийн оролцооны хувь, иргэдийн орлогын өсөлт;

8. Мод бэлтгэлийн аж ахуйн нэгж, мод боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын үзүүлэлтүүд, модны ашиглалтын түвшний хувь;

9. Олзворлож боловсруулсан ойн дагалт баялгийн нэр төрөл, тоо хэмжээ;

10. Модон бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээний хангалтын хувь."

2. "Ойн тухай үндэсний хөтөлбөр"-ийн "Хөтөлбөрийн зорилго, зорилт" гэсэн Хоёрдугаар зүйлийн "Хоёр"-ыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"Хоёр. 1. Ойн аж ахуйн арга хэмжээг менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, ой, ойн дагалт баялгийг зохистой ашиглах, ойн нөөц бүхий зарим бүс нутагт ойн төв зам байгуулах;

Хоёр. 2. Мод боловсруулах үйлдвэрүүдэд орчин үеийн техник технологийг нэвтрүүлэн нутагшуулж, модны ашиглалтын түвшинг дээшлүүлэн уламжлалт болон шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх."

3. "Ойн тухай үндэсний хөтөлбөр"-ийн "Хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл" гэсэн Дөрөвдүгээр зүйлийн "Хоёрдугаар зорилтын хүрээнд" гэснийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

"Хоёрдугаар зорилтын 1-ийн хүрээнд:

1. Ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхдээ улс, аймаг, нийслэл, сум, дүүрэг болон мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, нөхөрлөл бүр ойн менежментийн төлөвлөгөөний дагуу ажиллаж хэвших;

2. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийг техник технологио бие дааж шинэчлэх чадвар бүхий төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж болгон бүсчлэн байгуулж ажиллуулах; 3. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, мэргэжлийн байгууллагад ойн санг гэрээгээр эзэмшүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах;

4. Мод, модон материалын биржийг нийслэл хот болон ойн нөөц бүхий зарим бүс нутагт зохион байгуулж ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах;

5. Модон зүсмэл материал бэлтгэхэд зөөврийн болон суурин ажиллагаатай зүсвэрийн туузан хөрөөг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;

6. Ашиглах боломжтой ойн дагалт баялгийн нэр төрөл, нөөцийг тогтоож, тэдгээрийн байршил, түүж ашиглах хугацааг бүс нутгаар гаргаж мөрдүүлэх;

7. Самар, жимс, мөөг, эмийн ургамал зэрэг ойн дагалт баялгийг бэлтгэж ашиглах заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж мөрдүүлэх;

8. Ойн хортон шавьжинд нэрвэгдсэн, түймэрт өртсөн, өтлөн хуурайшиж хатсан мод, унанги болон бэлтгэсэн модны үзүүр, ёзоор, тайрдас, хаягдлыг дахин боловсруулж, цэвэр модон материал орлох төрөл бүрийн хавтан, наамал дүнз, дүнзэнцэр үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэр эрхлэх аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих;

9. Төмөр замын дэрийг модноос өөр материалаар орлуулах арга хэмжээг зохион байгуулах;

10. Модны шилмүүснээс эфирийн тос, витаминт нунтаг, эмчилгээний ханд болон шинэс, нарс модноос давирхай олборлон канифол, скипидар, хус модноос нүүрс гарган авах үйлдвэрлэлийг ой модны үйлдвэрүүдийг түшиглэн байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх арга хэмжээг дэс дараалалтай авч хэрэгжүүлэх;

11. Ойн дагалт баялгийг бэлтгэж, боловсруулах ажлыг өргөжүүлэх, нэр төрлийг олшруулах замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

12. Ойн дагалт баялаг болох зэрлэг жимс, самар, мөөг, хүнсний болон эмийн ургамлыг бэлтгэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

13. Ойн төв зам байгуулах бүс, нутаг дэвсгэрийг тогтоох судалгаа хийж, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлох;

14. Ойн нөөц бүхий зарим аймагт улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хөрөнгөөр ойн төв зам шинээр байгуулж эхлэх.

Хоёрдугаар зорилтын 2-ын хүрээнд:

1. Импортын мод, модон материалыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судалж хуулийн төсөл боловсруулах;

2. Төрөл бүрийн модлог хавтан, фанер, барилгын хаалга, цонх, паркетан шал зэрэг зарим нэрийн бүтээгдэхүүний дотоод зах зээлийг хамгаалах асуудлыг судалж санал боловсруулах;

3. Төсвийн байгууллагын захиалгат мебель болон модон тавилгыг үндэсний үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж үйлдвэрлүүлэх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулах;

4. ОХУ-аас бөөрөнхий мод, зүсмэл материал хөнгөлөлттэй нөхцөлөөр импортлох, тус улсад ойн сан гэрээгээр эзэмших чиглэлээр холбогдох талтай хэлэлцээ хийх санал тавих, хамтран ажиллах;

5. Ахуйн хэрэглээний болон барилгын зориулалттай модон бүтээгдэхүүний стандартыг шинэчлэх, шинээр боловсруулж батлуулах замаар бүтээгдэхүүний чанарыг олон улсын жишигт хүргэх ажлыг зохион байгуулах;

6. Модон материалыг хаягдалгүй иж бүрэн ашиглах техник технологийг нутагшуулах үйлдвэрүүдийг хөрөнгө оруулалтын болон санхүүгийн түрээсийн зээлд хамруулах ажлыг зохион байгуулах;

7. Малчид, хөдөөгийн иргэдийн өргөн хэрэгцээний модон эдлэл, гэрийн мод үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүдийг Архангай, Булган, Дорнод, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, төв суурин газруудад байгуулах төслийг хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дэмжиж хэрэгжүүлж эхлэх;

8. Үйлдвэр технологийн паркийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шинэ дэвшилтэт техник технологи бүхий "Барилгын модон хийцийн цогцолбор үйлдвэр"-ийг байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

9. Олон улсын стандарт, чанарын шаардлага хангасан модон материал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, модон бүтээгдэхүүний импортын хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах арга хэмжээ авах;

10. Ойн нөөцгүй бүс нутгийн мод боловсруулах жижиг үйлдвэрүүдийг модон материал, бэлдэцээр хангах арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах;

11. Наамал, матмал модон эдлэл, фанер, мебелийн хуулга үйлдвэрлэх дэвшилтэт технологи бүхий жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулахад дэмжлэг үзүүлэх;

12. Дотоодын үйлдвэрүүдийн модон бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн, худалдаанд салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг зохион байгуулалттай оролцуулах;

13. Ойгоос бэлтгэн ашиглаж байгаа нэг шоометр модны ашиглалтыг 60-аас доошгүй хувьд хүргэх арга хэмжээг дэс дараатай авч хэрэгжүүлэх."

4. Хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2011 оны II улиралд багтаан баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах санхүүжилтийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин, аялал,жуулчлалын сайд Л.ГАНСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ