A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1998 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг 2020 оны 4 дүгээр сарын 24 өдөр батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсон.

АРХИВЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн, төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Архивын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Архивын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Архивын баримт, түүний ангилал

Хэвлэх

3.1.Архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төр, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримтыг архивын баримт гэнэ.

3.2.Архивын баримтыг хосгүй үнэт, үнэт, ердийн гэж ангилна.

3.3.Архивын баримтын хосгүй үнэт, үнэт гэж тогтоох шалгуур үзүүлэлтийг Үндэсний архивын газар тогтооно.

4 дүгээр зүйл.Архивын хөмрөг

Хэвлэх

4.1.Өөр хоорондоо гарал үүсэл, учир зүйн холбоотой, энэ шинжээрээ нэгэн цогц болж хадгалагдаж байгаа архивын баримтуудыг архивын хөмрөг гэнэ.

5 дугаар зүйл.Архив

Хэвлэх

5.1.Архивын баримтыг энэ хуульд заасан журмын дагуу хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгжийг архив гэнэ.

6 дугаар зүйл.Үндэсний архивын сан хөмрөг, түүний бүрэлдэхүүн

Хэвлэх

6.1.Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрдэнэ. Тухайн баримтад сонголт хийх үндсэн дээр үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамааруулах эсэхийг төрийн архив судалж, шийдвэрлэнэ.

6.2.Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь үүссэн эх сурвалж, салбарын хамаарал, мэдээлэл тээгчийн төрөл, хадгалж байгаа байршил, өмчийн хэлбэрээс үл шалтгаалан төрийн хамгаалалтад байна.

6.3.Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөг нь төрийн ба төрийн бус гэсэн 2 хэсэгт хуваагдана.

6.4.Төрийн архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:

6.4.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл, Улсын Их Хурал, түүнд ажлаа тайлагнадаг байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргаа, өөрөө удирдах байгууллагын архивын баримт;

6.4.2.Үндсэн хуулийн цэц, шүүх, прокурорын байгууллагын архивын баримт;

6.4.3.төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагын архивын баримт;

6.4.4.Улсын Их Хуралд суудалтай улс төрийн нам, эвслийн бүлгийн архивын баримт;

6.4.5.төрийн архивт шилжүүлсэн нам, төрийн бус болон шашны байгууллагын архивын баримт;

6.4.6.төрийн архивт шилжүүлсэн хувийн гаралтай баримт;

6.4.7.төр өөрийн төсөв, хөрөнгөөр бүтээж бий болгосон, худалдан авсан болон гадаад, дотоодын байгууллага, иргэдээс шилжүүлсэн, бэлэглэсэн хадгалагдаж байгаа архивын баримт;

6.4.8.эх баримтад тооцогдох төрийн архивын баримтын хуулбар.

6.5.Төрийн бус архивын сан хөмрөг нь дараахь баримтаас бүрдэнэ:

6.5.1.төрийн бус байгууллагын архивын баримт;

6.5.2.улс төрийн нам, шашны байгууллагын архивын баримт;

6.5.3.хувийн өмчийн аж ахуйн нэгжийн архивын баримт;

6.5.4.гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагын баримт;

6.5.5.хувь хүний баримт.

7 дугаар зүйл.Архивын баримтыг өмчлөх эрх

Хэвлэх

7.1.Архивын баримтыг өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.

7.2.Төрийн архивын сан хөмрөгийн баримт нь төрийн өмч байна.

7.3.Төрийн бус архивын сан хөмрөгийн баримт нь энэ хуулийн 6.5-д заасан этгээдийн өмч байна.

7.4.Төрийн бус архивын сан хөмрөг нь өмчлөгч байгууллагын үйл ажиллагаа дуусгавар болсон буюу иргэн нас барсан тохиолдолд хууль ёсны болон гэрээслэлээр өв залгамжлагч байхгүй бол тэдгээрийн архивын баримтыг төрийн өмчид хамааруулж, холбогдох төрийн архивт шилжүүлэн хадгалуулна.

7.5.Архивын хосгүй үнэт, үнэт баримт гэмтэх, устаж үрэгдэж болох нөхцөлд байгаа, эсхүл өмчлөгч нь сайн дураар шилжүүлэхээс татгалзсан, бусдын өмчлөлд байгаа архивын баримтыг нөхөх олговортойгоор төрийн мэдэлд шилжүүлэх асуудлыг төрийн архивын хүсэлтээр шүүх шийдвэрлэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн архивын үйл ажиллагааны зарчим, удирдлага тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, бүрэн эрх

8 дугаар зүйл.Төрийн архивын үйл ажиллагааны нийтлэг зарчим

Хэвлэх

8.1.Төрийн архив нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:

8.1.1.олон нийтэд нээлттэй байх;

8.1.2.нэгдмэл, төвлөрсөн байх;

8.1.3.улс төрөөс хараат бус байх;

9 дүгээр зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

9.1.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

9.1.2.төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх.

9.2.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1.архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;

9.2.2.архив, албан хэрэг хөтлөлт, түүнд хяналт тавих, тусгай тээгчид хадгалсан буюу санамжинд байгаа баримт, мэдээллийг хадгалах, боловсруулах, ашиглахтай холбогдсон нийтлэг журмыг хуульд нийцүүлэн тогтоох;

9.2.3.архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, төрийн албан хэрэг хөтлөлтийг сайжруулах талаар нэгдсэн арга хэмжээ авах, санхүүжүүлэх;

9.2.4.төрийн архивын сан хөмрөгийн баримтыг гадаадад түр гаргах зөвшөөрөл олгох.

9.3.Архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.3.1.архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

9.3.2./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

9.3.3.архив, албан хэрэг хөтлөлтийн улсын хяналтын албаны ахлах байцаагч, байцаагч нарыг томилж, чөлөөлөх.

9.4.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар Агентлаг дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.4.1.архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг харьяалсан салбартаа зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

9.4.2.төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын бүрэлдэхүүн, өөрчлөлт хөдөлгөөний талаархи мэдээ тайланг жил бүр гаргах;

9.4.3.төрийн ба төрийн бус архивын баримтад улсын нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлэх.

9.5.Архив, албан хэрэг хөтлөлтийн талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.5.1.архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих;

9.5.2.төрийн ба төрийн бус архивын баримтад нэгдсэн тоо бүртгэл явуулахад дэмжлэг үзүүлж, зохион байгуулах, холбогдох мэдээ тайланг гаргах.

10 дугаар зүйл.Төрийн архивын удирдлага

Хэвлэх

10.1.Төрөөс архивын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, архивын үйл ажиллагааг улсын хэмжээнд мэргэжлийн талаар удирдан зохицуулах чиг үүргийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлаг-Үндэсний архивын газар /цаашид "Үндэсний архивын газар" гэх/ хэрэгжүүлнэ.

10.2.Агентлаг нь үйл ажиллагаандаа энэ хууль болон холбогдох бусад хуулийг удирдлага болгоно.

10.3.Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11 дүгээр зүйл.Үндэсний архивын газрын чиг үүрэг

Хэвлэх

11.1.Үндэсний архивын газар нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

11.1.1.Монгол Улс дахь үндэсний архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалтын талаар арга зүйн нэгдсэн зарчим, хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх;

11.1.2.архив, албан хэрэг хөтлөлтийн талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

11.1.3.төрийн архивын ажлын журмыг баталж, мөрдүүлэх;

11.1.4.төрийн бүх шатны байгууллагын архивын баримтын хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг зохицуулж мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

11.1.5.төрийн архивыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, тэдгээрийг сургаж бэлтгэх, мэргэшүүлэх;

11.1.6.архивын сан хөмрөгийн баримтын улсын бүртгэл хөтөлж, тэдгээрийн агуулга, бүрэлдэхүүн, байршлын талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

11.1.7.төрийн архивын үйл ажиллагаа, материал хангамж, боловсон хүчний талаар нэгдмэл бодлого явуулах;

11.1.8.архивын асуудлаар гадаад орнууд, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

11.1.9.гадаад орнуудад байгаа Монгол улсын түүх, соёлд холбогдох архивын баримтыг олж илрүүлэх, хуулбарлах, худалдан авах ажлыг зохион байгуулах.

12 дугаар зүйл.Төрийн архивын тогтолцоо

Хэвлэх

12.1.Төрийн архивын тогтолцоо нь Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архиваас бүрдэнэ.

13 дугаар зүйл.Үндэсний төв архив

Хэвлэх

13.1.Үндэсний төв архив нь баримт бичгийн төрөл зүйл, салбарын хамаарлаас үл шалтгаалан, Монгол Улсын түүхэнд холбогдох баримт бичгийг улсын хэмжээнд төвлөрүүлэн байнга хадгалж, ашиглах эрх, үүрэг бүхий төрийн төв архив мөн.

14 дүгээр зүйл.Үндэсний төв архивын салбар

Хэвлэх

14.1.Үндэсний төв архив нь дараахь салбаруудтай байна;

14.1.1.Геологийн баримтын төв;

14.1.2.Геодези, зураг зүйн баримтын төв;

14.1.3.Иргэний баримтын төв;

14.1.4.Байгаль орчин, Ус цаг уурын мэдээллийн баримтын төв;

14.1.5.Бусад.

15 дугаар зүйл.Төрийн архивын эрх, үүрэг

Хэвлэх

15.1.Төрийн архив дараахь эрх, үүрэгтэй байна:

15.1.1.түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой архивын баримтыг цуглуулах, тэдгээрт сонголт, нягтлан шалгалт хийх;

15.1.2.сан хөмрөгөө нөхөн бүрдүүлэх;

15.1.3.архивын баримтыг зориулалтын байранд, зохих горимын дагуу хадгалах;

15.1.4.архивын баримтыг сэлбэн засах, сэргээн шинэтгэх;

15.1.5.хосгүй үнэт, үнэт баримтын нөөц хувьтай болох;

15.1.6.архивт хүлээн авсан баримтыг ангилах, төрөлжүүлэх, тэдгээрээр архивын хөмрөг байгуулах;

15.1.7.архивын баримтын тоо бүртгэл хөтлөх;

15.1.8.архивын баримтын агуулга, бүрэлдэхүүнийг нээн харуулсан мэдээлэл-лавлагааны сан бүрдүүлэх;

15.1.9.архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;

15.1.10.архивын баримтыг ашиглуулах;

15.1.11.архивын хөмрөг үүсгэгч байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, архивын хууль тогтоомжийн биелэлтийг шалгах;

15.1.12.архивын баримтыг тусгай тээгч буюу цахим тооцоолуурын санамжид буулгаж, хадгалах;

16 дугаар зүйл.Төрийн архивын удирдлагыг томилж, чөлөөлөх

Хэвлэх

16.1.Үндэсний төв архивын захирлыг эрхлэх асуудлын хүрээнд нь архивын байгууллага хамаарч байгаа Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн Үндэсний архивын газрын дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.2.Үндэсний төв архивын салбарын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргын саналаар Засгийн газрын холбогдох агентлагийнх нь дарга томилж, чөлөөлнө.

16.3.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг Үндэсний архивын газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө.

/Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хууль, 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөн найруулсан/

16.4.Аймаг, нийслэлийн архивын эрхлэгчийг архив, түүх, нийгмийн салбарын мэргэжилтэй, архивын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн, 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17 дугаар зүйл.Төрийн архивын санхүүжилт

Хэвлэх

17.1.Төрийн архивын үйл ажиллагааг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

17.2.Төрийн архивыг зориулалтын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, архивын хосгүй үнэт, үнэт баримтыг худалдан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгана.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18 дугаар зүйл.Төрийн бус архивт дэмжлэг үзүүлэх

Хэвлэх

18.1.Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах төрийн бус байгууллагын баримтыг хадгалах, нөхөн бүрдүүлэх, ашиглахад өмчлөгчийн хүсэлтээр төрийн архиваас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах зэрэг туслалцаа үзүүлнэ.

18.2.Төрийн бус архив эзэмшигч өөрийн хүсэлтээр баримтынхаа бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор төрийн архивт шилжүүлэн хадгалуулж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Архивын баримтын хамгаалалт, хадгалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалт

19 дүгээр зүйл.Архивын баримтын хамгаалалт

Хэвлэх

19.1.Үндэсний архивын сан хөмрөг нь гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс найдвартай хамгаалагдсан байхыг архивын аюулгүй байдлын баталгаа гэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.2.Үндэсний төв архивын байранд архивын үйлчилгээ эрхлэхээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.

19.3.Үндэсний архивын сан хөмрөгийн бүрэлдэхүүнд хамаарах баримтын бүрэн бүтэн байдлыг түүнийг өмчлөгч болон гэрээний дагуу хүлээн авсан эзэмшигч хариуцна.

19.4.Энэ хуулийн 6.4.1, 6.4.2, 6.4.3-т заасан байгууллагууд албан хэрэг хөтлөлтийн явцад үүсч бий болсон архивын баримтын эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, байнга хадгалах баримтыг энэ хуульд заасан хугацаанд төрийн архивт шилжүүлж байх үүрэгтэй.

19.5.Үндэсний төв архив нь төрийн хамгаалалтад байна.

19.6.Төрийн архивын сан хөмрөгийн галын аюулгүйн дүрмийг архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд нь Үндэсний архивын газар, Улсын гал түймэртэй тэмцэх газар хяналт тавина.

19.7.Төрийн архивын баримтыг зориулалтын байранд, тусгай тавиур, шүүгээнд хадгална.

19.8.Архивын хосгүй үнэт, үнэт баримтын хамгаалалтын хувь хийж, эх баримтаас тусад нь хадгална.

19.9.Үндэсний архивын сан хөмрөгт хамаарах хосгүй үнэт, үнэт баримтыг Үндэсний архивын газрын болон төрийн архивын зохих зөвшөөрөлгүйгээр бусдын эзэмшилд шилжүүлэх, устгахыг хориглоно.

19.10.Төрийн бус архивын сан хөмрөгийн баримтыг худалдах тохиолдолд тухайн баримт үндэсний эрх, ашиг сонирхлыг хөндөж байвал төрийн архив худалдан авна.

19.11.Төрийн өмчид хамаарах архивын эх баримтыг хувьчлах, бусдад худалдах буюу бэлэглэж болохгүй.

19.12.Төрийн архивт байнга хадгалахаар шилжүүлсэн эх баримтыг архивын байрнаас гадагш гаргахыг хориглоно.

20 дугаар зүйл.Архивын баримтын хадгалалт

Хэвлэх

20.1.Төрийн архивын сан хөмрөгийн баримтын нэгдмэл чанар, аюулгүй байдлыг хангах, үндэсний эрх ашигт нийцүүлэн ашиглах боломжоор хангахын тулд төвлөрсөн байдлаар, архивын сан, цуглуулга, хадгаламжийн нэгж болгон төрөлжүүлж, хадгална.

20.2.Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг зөвхөн Үндэсний төв архив болон аймаг, нийслэлийн архив байнга хадгалах эрхтэй байна.

20.3.Энэ хуулийн 6.4.1, 6.4.2, 6.4.3-т заасан байгууллага төрийн архивын сан хөмрөгийн баримтыг энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хугацаагаар хадгалах эрхтэй.

20.4.Төрийн албан хэрэг хөтлөлтийн явцад үүссэн баримтыг зохион байгуулалтын нэгжүүдээс хүлээн авах, бүртгэх, ангилж төрөлжүүлэх, бүрэн бүтэн байлгах, удирдлагын үйл ажиллагаанд ашиглуулах, байнга хадгалах баримтыг сонгон энэ хуульд заасан хугацааны дараа төрийн архивт шилжүүлэх, архив, албан хэрэг хөтлөх журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор байгууллага бүр өөрийн архивтай байна.

20.5.Үйл ажиллагааны онцлог, баримт бичгийн ач холбогдол, хэмжээ, бүрэлдэхүүнээс хамаарч, байгууллагын архив нь төрөлжсөн ба анхан шатны гэсэн зэрэглэлтэй байна.

20.6.Шүүх, прокурор, гадаад харилцаа, батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах болон цагдаагийн төв байгууллага нь шүүн таслах, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдалд холбогдох баримт бичиг, гэрээ, хэлэлцээрийн эхийг төвлөрүүлж хадгалах зорилгоор төрөлжсөн архивтай байж болно.

20.7.Төрөлжсөн архивт тухайн салбарын баримтыг төвлөрүүлэн энэ хуулийн 23.1.12-д заасан хугацаагаар хадгална. Төрөлжсөн архив нь төрийн архивын статустай байна.

20.8.Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын зааврыг Улсын Ерөнхий прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21 дүгээр зүйл.Архивын нөхөн бүрдүүлэлт

Хэвлэх

21.1.Энэ хуулийн 6.4 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлж, баяжуулна.

21.2.Аймаг, нийслэлийн архив нь тухайн нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн болон түүний оролцоотой хуулийн этгээдийн архивын баримтаар нөхөн бүрдүүлэлт хийнэ.

21.3.Төрийн төв архивт байнга хадгалах баримтын агуулга, бүрэлдэхүүн, нэр төрлийн үлгэрчилсэн жагсаалт, тэдгээрээр архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх журмыг Үндэсний архивын газар тогтооно.

21.4.Үндэсний ашиг сонирхлын үүднээс төрийн хамгаалалтад байх архивын баримтыг хувь хүн, хуулийн этгээд Үндэсний төв архивт хадгалуулахаар шилжүүлж болно.

21.5.Төрийн байгууллага, төрийн өмчийн үйлдвэрийн газар татан буугдах, өөрчлөн байгуулагдах, хувьчлагдах тохиолдолд тэдгээрийн баримтыг холбогдох төрийн архивт шилжүүлж хадгална.

21.6.Музей, номын сан болон төрийн бус байгууллагын архив төрийн архивын сан хөмрөгт хамаарах эх баримтаар нөхөн бүрдүүлэлт хийхийг хориглоно.

22 дугаар зүйл.Төрийн албан хэрэг хөтлөлт

Хэвлэх

22.1.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан хэрэг хөтлөлт хариуцсан албан тушаалтан доорхи үүргийг биелүүлнэ:

22.1.1.албан хэргийг журам, стандартын дагуу хөтлөхөд хяналт тавих;

22.1.2.баримт бичгийг найдвартай нөхцөлд хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах;

22.1.3.баримт бичгийг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу төрөлжүүлэн хэрэг бүрдүүлэх, албан хэрэгт хөтлөгдөх хугацаа дуусмагц зохих журмын дагуу цэгцэлж, бүрэн бүрдэлтэйгээр байгууллагын архивт шилжүүлэх.

22.2.Тусгай тээгчид хадгалсан буюу санамжид байгаа аливаа баримт мэдээлэл нь архивын эх баримтын адил хүчинтэй бөгөөд тэдгээрийг боловсруулах, хадгалах, ашиглах асуудлыг энэ хуульд нийцүүлэн Засгийн газраас баталж гаргасан журмаар зохицуулна.

23 дугаар зүйл.Төрийн архивын сан хөмрөгийн баримтыг байгууллагын архивт хадгалах хугацаа

Хэвлэх

23.1.Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ:

/Энэ хэсгийг 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

23.1.1.Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт-20 жил;

23.1.2.Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд-30 жил;

23.1.3.Улсын Их Хурал, түүний Тамгын газарт-20 жил;

23.1.4.Үндсэн хуулийн Цэцэд-20 жил;

23.1.5.Монгол Улсын Засгийн газар, түүний Хэрэг эрхлэх газарт-20 жил;

23.1.6.Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагуудад-15 жил;

23.1.7.яам, агентлагт-15 жил;

23.1.8.төрийн өмчийн болон төрийн өмч оролцсон хуулийн этгээд, улсын төсөвт байгууллагад-10 жил;

23.1.9.нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагад-8 жил;

23.1.10.зураг төслийн баримтыг үндсэн байгууллагад-20 жил;

23.1.11.шинжлэх ухаан, технологи, патентын холбогдолтой баримтыг үндсэн байгууллагад-15 жил;

23.1.12.байгууллагын төрөлжсөн архивт-40 жил.

23.2.Төсвийн хөрөнгөөр бүтээсэн кино, гэрэл зураг, дуу авиа, дүрс бичлэгийн баримтын эх хувийг 1 жилийн хугацаанд холбогдох төрийн архивт шилжүүлнэ.

24 дүгээр зүйл.Архивын баримтын тоо бүртгэл

Хэвлэх

24.1.Төрийн ба төрийн бус архивын бүх баримт улсын нэгдсэн тоо бүртгэлд хамрагдана. Үндэсний архивын сан хөмрөгийн баримтад нэгдсэн тоо бүртгэл хөтлөх журмыг Үндэсний архивын газар тогтооно.

24.2.Төрийн архивын сан хөмрөгт хамаарах баримтын нэгдсэн тооллогыг 4 жил тутам явуулж байна.

25 дугаар зүйл.Архивын баримтын ашиглалт

Хэвлэх

25.1.Төрийн архив өөрийн сан хөмрөгт байгаа баримтыг хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу ашиглуулна.

25.2.Иргэд, хуулийн этгээд архивын баримтыг дараахь хэлбэрээр ашиглах эрхтэй:

25.2.1.архивын баримтаас лавлагаа, хуулбар авах;

25.2.2.уншлагын танхимд үзэж судлах.

25.3.Архивын баримтыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр архив өөрөө санаачлан сурталчилж болно.

25.4.Иргэн, хуулийн этгээд төрийн архивын баримтыг ашиглахдаа Үндэсний архивын газраас тогтоосон журмын дагуу үйлчилгээний хөлс төлнө.

25.5.Төрийн архивт шилжүүлсэн баримтаа аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн үнэ төлбөргүй үзэж ашиглах эрхтэй.

25.6.Төрийн архив дахь хувийн гаралтай болон гэрээний дагуу хадгалуулсан баримтыг бусдад өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрлөөр ашиглуулна.

25.7.Архивт байгаа төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл, түүний тээгчийг Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу ил болгосны дараа нийтэд ашиглахыг зөвшөөрнө.

/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

25.8.Үндэсний аюулгүй байдал, улсын онц чухал эрх, ашиг сонирхолд хамаарах баримтыг 50 жил, иргэдийн хувийн амьдрал, эд хөрөнгийн байдалд холбогдолтой баримт бичгийг 70 жил өнгөрсний дараа нийтэд ашиглуулна.

25.9.Төрийн архивын баримтыг хувь хүн, байгууллага хэвлэн нийтлэх тохиолдолд архивт хадгалагдаж байгаа эх хувьтай нь тулгаж хянасан, энэ талаар төрийн архиваас зохих зөвшөөрөл авсан байна.

26 дугаар зүйл.Архивын баримтыг гадаадад гаргах

Хэвлэх

26.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол төрийн архивын сан, хөмрөгийн эх баримт, төрийн бус архивын сан, хөмрөгийн хосгүй үнэт, үнэт эх баримтыг гадаадад бүрмөсөн гаргахыг хориглоно.

26.2.Энэ хуулийн 3.2 дахь хэсэгт заасан баримтыг гадаадад түр хугацаагаар гаргах асуудлыг Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

27 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

27.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

27.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ