A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШУВУУНЫ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2006 оны 3 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 49

Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.1, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай:

а/шувууны аж ахуй эрхлэдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн дэлгэрэнгүй судалгаа гаргаж, шаардагдах вакцин нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, тэжээвэр шувууг вакцинжуулалтад бүрэн хамруулах арга хэмжээ авч, шувууны аж ахуй эрхлэгчдэд томуу өвчний талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллах;

б/шувууны томуу өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт хийсний дараахь дархлаа, түүний хүчдэл тодорхойлох шинжилгээ хийж, дүгнэлт гаргах ажлыг мал эмнэлгийн лабораториудаар хийлгэх ажлыг зохион байгуулах;

в/орон нутагт шувууны өвчлөл, үхэл гарсан тохиолдолд тухайн орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдээлж, өвчлөл гарсан газарт хорио цээр, хязгаарлалтын арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авах.

2. Шувууны томуугийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд даалгасугай:

а/шувууны томуу, томуугийн цар тахал өвчин гарсан үед ашиглах тусгаарлах эмнэлэг, хэрэглэх лабораторийн багаж, тоног хэрэгсэл, эм бэлдмэл, вакцин, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийг бий болгох;

б/энэ оны 3, 4 дүгээр сард багтаан эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, онцгой байдал, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд зэрэг өртөмтгий бүлгийн хүн амыг хүний томуугийн вакцинаар дархлаажуулах арга хэмжээ авах;

в/шувууны томуу өвчнөөс сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, аймаг, сумдын эмнэлгийн ажилтан, байгаль хамгаалагч нарт тусгайлан үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавьж, тогтмол хугацаанд дүгнэж ажиллах.

3. Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:

а/шувууны аж ахуй эрхлэдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн халдвар, хамгааллын дэглэмд тавих хяналтыг тогтмолжуулж, шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тэдэнд ухуулга сурталчилгаа хийх, гэрийн тэжээвэр шувууг зэрлэг шувуудын нүүдлийн замаас аль болох тусгаарлах, шувуу олноор цугларсан булаг шанд, нуур цөөрөм, тогтоол уснаас мал услахгүй байх, шувуу агнах ажлыг түр хориглож, зэрлэг шувууны махыг хоол хүнсэнд хэрэглэхгүй байх зэрэг тодорхой ажил зохион байгуулах;

б/нүүдлийн шувууд ирдэг гол, нуур, цөөрмийг бүртгэн хяналтдаа авч, шувууны нүүдэл, шувууны төрх, зан авир, үйл хөдөлгөөнд тандалт хийж, өвчлөл гарч болзошгүй газар нутагт айл буулгах, мал бэлчээрлүүлэхгүй байх зэрэг бүх талын арга хэмжээ авах;

в/аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт шувууны томуу өвчин гарсан тохиолдолд удирдлага, зохицуулалтаар ханган ажиллах чадвартай онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтэн болон хүн, малын эмч ажиллуулах, өвчний талаархи мэдээллийг зохих газарт үнэн зөв шуурхай ирүүлэх, мэргэжлийн байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулж ажиллах;

г/шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үед хэрэгжүүлэх бэлэн байдлын болон бусад мэргэжлийн албадтай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

4. Шувууны томуу өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, уг өвчинтэй тэмцэх ажлын бэлтгэл, бэлэн байдлыг орон нутагт шалгаж мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор Гамшгаас хамгаалах улсын албадын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг хилийн сум, боомт, томоохон нуур, өвчлөл гарч болзошгүй аймагт томилон ажиллуулж, тэдний хийсэн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга П.Дашид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА

Эрүүл мэндийн сайд Л.ГҮНДАЛАЙ