A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 204-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 8 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 188

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 106.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул, Булган аймаг дахь жирийн дэглэмтэй хорих ангийг онцгой дэглэмтэй хорих анги, Авдрант дахь онцгой дэглэмтэй хорих ангийг жирийн дэглэмтэй хорих анги, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эх дэх ялын дэглэм буурсан ялтнуудын ял эдлүүлэх тусгай хэсгийг жирийн дэглэмтэй төвлөрсөн хорих анги болгон тус тус өөрчлөн зохион байгуулсугай.

2. Зарим хорих ангийн дэглэмийг өөрчилсөнтэй холбогдуулан нүүлгэн шилжүүлэх арга хэмжээнд шаардагдах 28.0 (хорин найман) сая төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Төв аймгийн Баян сумын Мааньт дахь Албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын эмнэлгийг 350 ортой болгон өргөжүүлэхэд шаардагдах 192.5 (нэг зуун ерэн хоёр сая таван зуун мянга) сая төгрөг, нийт 220.5 (хоёр зуун хорин сая таван зуун мянга) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын ажлын ачааллын жишиг нормативыг батлан мөрдүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт зөвшөөрсүгэй.

4. Төв аймгийн Мааньт дахь 415 дугаар анги, Булган аймгийн Орхон суман дахь 439 дүгээр ангийн шохойн чулууны үйлдвэрлэлийн зохих стандарт, чанарт тохирох бүтээгдэхүүнийг Монгол-Оросын "Эрдэнэт үйлдвэр" ХХК-д нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Батжаргалд тус тус даалгасугай.

5. Дотоод нөөц бололцоогоо ашиглан хорих ангиудыг хамгаалалтын бетонон хашаатай болгох, үйлдвэрлэлийг сэргээх, ялтанд мэргэжлийн дадлага олгож улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилга байгууламж, их засварын ажил хийлгэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид болон ялтны ахуйн хангалт, хувцас, хоол хүнс, харуул хамгаалалтын зарим техник, тоног төхөөрөмж зэргийг дотооддоо үйлдвэрлэх замаар ялтны ажлын байрыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Батжаргал нарт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "... Булган аймгийн 439, Дархан-Уул аймгийн 435," гэснийг хүчингүй болсонд тооцсугай.