A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1998 оны 1 дүгээр сэрын 13-ны өдөр

Дугаар 5

Улаанбатар хот

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛТИЙН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол -Оросын хамтарсан уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт техникийн шинэчлэлт хийж, 2004 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг зүйтэй гэж үзсүгэй.

2.Хөтөлбөрт дор дурдсан асуудлыг тодотгон тусгахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам, "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагын зөвлөлийн Монголын хэсэг, үйлдвэрийн ерөнхий захиралд даалгасугай:

а/ баяжуулах технологийг орчин үеийн тэргүүний ололтод тулгуурлан боловсронгуй болгох үндсэн дээр баяжмалын гарцыг нэмэгдүүлэх;

б/ үйлдвэрийг цаашдаа эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болгох чиглэлийг бодолцох;

в/ техникийн шинэчлэлийг эдийн засаг, нийгмийг 1996 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Улсын төвлөрсөн төсвийн тухай хуульд заасан зорилт, арга хэмжээ, үзүүлэлтийг ханган биелүүлэхээр бодож зохион байгуулах;

г/ техникийн шинэчлэлийн санхүүжилтэд уг үйлдвэрээс төсөвт оруулж байгаа орлогын одоогийн хэмжээг үндсэнд нь хадгалахаар тооцож, өөрийн хөрөнгийг гаргах, дутагдах хэсгийг гадаадын зээлээр болон хувь оролцоогоор санхүүжүүлэх.

3. Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/, Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/-т даалгах нь:

а/ "Эрдэнэт" үйлдвэрт техникийн шинэчлэлт хийхэд шаардагдах хөрөнгө оруулалтын санхүүжилт, төсвийн орлогын хэмжээг хянаж жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт тусгай байсугай.;

б/ "Эрдэнэт" үйлдвэрийн техникийн шинэчлэлтийн ажлыг санхүүжүүлэхэд зориулан зах зээлд үнэт цаас борлуулах болон Оросын талын оролцогчтой тохиролцсоны үндсэн дээр гадаадын зээл ашиглах асуудлаар санал боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авсугай.

4.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын трубин өөрчлөх, "Эрдэнэт" үйлдвэрийн дулааны станцад трубин суурилуулах, Улаан-овоогийн нүүрсний уурхайг ашиглах арга хэмжээ авч эрчим хүч, дулааны хангамжийг сайжруулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай.

5.Хөтөлийн цемент-шохойн комбинат, Мааньтын шохойн үйлдвэрийн хүч чадлын ашиглалтыг сайжруулах, цемент үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар "Эрдэнэт" үйлдвэрт нийлүүлэх шохойн хэрэгцээг бүрэн хангах асуудлыг "Эрдэнэт" үйлдвэрийн шинэчлэлтийн хөтөлбөрт "Тусгай төсөл" хэлбэрээр тусган оруулж, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд шийдвэрлэхийг Дэд бүтцийн хөгжлийн яам /Р.САНДАЛХАН/, Хууль зүйн яам /Н.ЛУВСАНЖАВ/, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай.

6.Техникийн шинэчлэлтийн ажлыг хөтөлбөрт заасан хугацаанд хэрэгжүүлэх бүх талын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүч геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД

Сангийн сйд Э.БЯМБАЖАВ