A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 1997 ОНЫ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ДААТГАЛТАЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН 1997 ОНЫ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ДААТГАЛТАЙ ИРГЭДИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫН ДЭЭД ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

1997 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 67

Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 8 дугаар зүйлийн 1,2,3,7 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2-т заасан иргэний 1997 онд төлөх эрүүл мэндийн даатгалын сар тутмын хураамжийн хэмжээг тэдний цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6 хувь, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3-8-д заасан даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчин болон хоригдлын эрүүл мэндийн даатгалын сар тутмын хураамжийн хэмжээг 200 төгрөгөөр тус тус тогтоож, 3-8-д заасан даатгуулагчийн даатгалын хураамжийг 100 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчны даатгалын хураамжийн 50 хувийг төрөөс хариуцан төлж байсугай. /Энэ заалтыг 1998 оны 3 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон./

2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэвэр нь зогсоогдсон иргэдийн эрүүл мэндийн даатгалын сар тутмын хураамжийн хэмжээг 200 төгрөгөөр тогтоосугай.

3.Төрийн албаны болон төсөвт байгууллагын ажилтны эрүүл мэндийн даатгалын хураамжийн 80 хувийг тухайн байгууллагын төсвөөс гаргасугай.

4.Даатгалтай иргэний эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөх төлбөрийн 1997 онд баримтлах дээд хязгаарыг 400000 төгрөгөөр тогтоосугай. /Энэ заалтыг 2002 оны 26 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон./

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эрүүл мэндийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 133 дугаар тогтоол, "Эрүүл мэндийн даатгалтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 79 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, "Эрүүл мэндийн даатгалын 1996 оны хураамж, даатгалтай иргэний эмчилгээний зардлын дээд хязгаарыг тогтоох тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЗОРИГ

САНГИЙН САЙД П.ЦАГААН