Хэвлэх DOC Татаж авах
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийг үүсгэн байгуулах, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж

2.1.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Компанийн тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж” /цаашид “бирж” гэх/ гэж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд, эсхүл цахим сүлжээгээр болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан биржийн арилжааны төрөл, хэлбэрээр зохион байгуулдаг компанийг;

3.1.2.“биржээр арилжих хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд” /цаашид “бараа, түүхий эд” гэх/ гэж биржээр арилжих барааны жагсаалтад орсон, гарал үүсэл, чанарын гэрчилгээтэй, биржийн гэрээний стандартыг хангасан бараа, түүхий эдийг;

3.1.3.“биржийн арилжаанд оролцогч” гэж биржид бараа, түүхий эд арилжих зорилгоор бүртгүүлсэн, биржийн арилжаанд оролцох зөвшөөрөлтэй хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо, биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийг;

3.1.4.”биржийн арилжааны зах зээлд оролцогч” гэж бараа, түүхий эдийг бэлтгэх, үйлдвэрлэх, чанар, тоо хэмжээг тодорхойлох, хадгалах, тээвэрлэх, зуучлан арилжих, биржийн арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, гарал үүслийг гэрчлэх, экспортлох үйл ажиллагааг эрхэлж байгаа этгээдийг;

3.1.5.“биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа” гэж бараа, түүхий эдийг гэрээний үндсэн дээр биржээр зуучлан арилжих ажиллагааг;

3.1.6.“биржийн арилжаа” гэж биржийн арилжаанд оролцогчдын хооронд байгуулах гэрээний үндсэн дээр бараа, түүхий эдийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг;

3.1.7.“биржийн дэнчин” гэж биржийн арилжааны зуучлагч /брокер/ нь гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ хэрэгжүүлэх баталгаа болгон энэ хуулийн 6.1-д заасан байгууллага дахь өөрийн дансанд урьдчилан байршуулсан мөнгийг;

3.1.8.“суудлын эрх” гэж биржийн арилжаанд тогтмол оролцох эрхийг.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
БИРЖ, ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

4 дүгээр зүйл.Бирж

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна.

4.2.Бирж нь биржийн арилжааг зохион байгуулахдаа бие даасан, нээлттэй, ил тод, хараат бус байх үндсэн зарчмыг баримтална.

4.3.Бирж нь зориулалтын байр, төвлөрсөн мэдээллийн сантай байх бөгөөд биржийн арилжааг зохион байгуулах программ хангамж, сүлжээний найдвартай байдлыг хангасан байна.

4.4.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа биржийн арилжаанд оролцогч нь цахим сүлжээгээр дамжуулан биржийн арилжаанд шууд оролцож болно. 

4.5.Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

4.6.Энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна.

4.7.Бараа, түүхий эдийг биржийн арилжаанд оролцож худалдан авсан тухай тодорхойлолтыг үндэслэн дор дурдсан иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгох журмыг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална:

4.7.1.хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршоо /цаашид “хоршоо” гэх/-ны гишүүн;

4.7.2.газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч. 

4.8.Биржээс гадуурх бараа, түүхий эдийн арилжаанд биржийн нэр ашиглахыг хориглоно.

4.9.Биржийн арилжаанд оролцох тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон биржийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.

4.10.Энэ хуулийн 4.5, 5.1.7-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг төсвийн хөрөнгөөр худалдан авах бол биржээр дамжуулна.

4.11.Бирж нь өөрийн нэрийн өмнөөс болон бусад оролцогчийн нэрийн өмнөөс биржийн арилжаанд оролцохыг хориглоно.

Хэвлэх

5 дугаар зүйл.Биржийн чиг үүрэг

5.1.Бирж нь дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1.биржийн арилжааг зохион байгуулах;

5.1.2.биржийн байнгын гишүүн оролцогчид суудлын эрх олгох;

5.1.3.биржийн байнгын бус гишүүн оролцогчид биржийн арилжаанд оролцох зөвшөөрөл олгох;

5.1.4.энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргах тохиолдолд биржээр арилжсан тухай тодорхойлолтыг Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд заасан экспортын барааны гарал үүслийг гэрчлэх эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

5.1.5.биржийн арилжаанд оролцогчийг сургах, мэргэшүүлэх, итгэмжлэл олгох;

5.1.6.биржийн арилжаанд оролцогчийг шаардлагатай мэдээллээр хангах;

5.1.7.энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсноос бусад нэр төрлийн бараа, түүхий эдийг биржээр арилжих жагсаалтыг батлах;

5.1.8.биржийн арилжаанд оролцогчийн хүсэлтээр бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг хянан баталгаажуулж магадлагаа гаргах;

5.1.9.биржийн арилжааны явцад зохиомлоор үнэ өсгөх, бууруулах оролдлого хийж байгаа эсэхэд хяналт тавих, таслан зогсоох;

5.1.10.нэг хэлцлээр арилжих бараа, түүхий эдийн доод хэмжээг тогтоох;

5.1.11.стандартын шаардлага хангасан агуулах, тээврийн байгууллага, лабораторит итгэмжлэл олгох.

5.2.Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдын нийтлэг үйл ажиллагааг зохицуулсан дор дурдсан журмыг энэ хуулийн 8.1-д заасан Биржийн зохицуулах зөвлөлөөр хэлэлцүүлэн баталж, мөрдүүлнэ:

5.2.1. бараа, түүхий эдийг бэлтгэх, хаяглах, хадгалах, тээвэрлэх;

5.2.2.бараа, түүхий эдийг бүртгэх;

5.2.3.бараа, түүхий эдийг агуулахад хүлээн авах;

5.2.4.биржээр арилжих гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх;

5.2.5.биржийн арилжааг зохион байгуулах;

5.2.6.биржийн арилжааны үнэ бүрдэлтэд хяналт тавих;

5.2.7.биржийн арилжааны төлбөр тооцоо хийх;

5.2.8.энэ хуулийн 4.3-т заасан мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах;

5.2.9.биржийн арилжаанд оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах;

5.2.10.энэ хуулийн 5.1.11-д заасан агуулах, тээврийн байгууллага, лабораторит итгэмжлэл олгох;

5.2.11.биржээр арилжих бараа, түүхий эдийн гарал үүсэл, чанарыг баталгаажуулах;

5.2.12.биржийн дэнчингийн хувь хэмжээг тогтоох;

5.2.13.баталгааны санд биржийн дэнчин байршуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах;

5.2.14.бусад.

Хэвлэх

6 дугаар зүйл.Биржийн төлбөр тооцоо, хадгаламж

6.1.Бирж нь биржийн гэрээний төлбөрийн үүргийг тодорхойлох, төлбөр тооцоог гүйцэтгэх, гэрээг бүртгэх, хадгалах үйлчилгээг гэрээний үндсэн дээр банк, үнэт цаасны төлбөр тооцооны байгууллагаар гүйцэтгүүлэх, эсхүл уг үүргийг гүйцэтгэх тусгайлсан нэгж /цаашид “төлбөр тооцооны төв” гэх/-тэй байна.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан төлбөр тооцооны төв нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42, 44, 45 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

/Энэ хэсэгт 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.1.талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн болон хэсэгчлэн биелүүлээгүйгээс гарах хохирлын хэмжээг тодорхойлох;

6.2.2.гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх;

6.2.3.энэ хуулийн 6.2.2-т заасан үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор төлбөр тооцооны эрсдэлийг зохицуулах;

6.2.4.бусад.

Хэвлэх

7 дугаар зүйл.Биржийн арилжааны төрөл, хэлбэр

7.1.Биржээр зориулалтын байранд, эсхүл цахим сүлжээг ашиглан дуудлага худалдааны хэлбэрээр дараах төрлийн гэрээг арилжина:

7.1.1.шууд арилжих гэрээ /спот/;

7.1.2.хугацаат гэрээ /форвард/ ;

7.1.3.нэг загварын гэрээ /фьючерс/;

7.1.4.ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ /опцион/.

7.2.Бараа, түүхий эдийг тогтоосон үнээр шууд, биет байдлаар нийлүүлэх гэрээг “шууд арилжих гэрээ” гэнэ.

7.3.Бараа, түүхий эдийг тогтоосон хугацаанд, тохиролцсон нөхцөлөөр, биет байдлаар ирээдүйд нийлүүлэх болон төлбөр гүйцэтгэх гэрээг “хугацаат гэрээ” гэнэ.

7.4.Бараа, түүхий эдийг тогтоосон хугацаанд, тохиролцсон үнээр ирээдүйд нийлүүлэх стандарт нөхцөл бүхий гэрээг”нэг загварын гэрээ” гэнэ.

7.5.Иргэний хуулийн 269.1-д заасан гэрээг”ирээдүйд худалдах, худалдан авах гэрээ” гэнэ.

Хэвлэх

8 дугаар зүйл.Биржийн зохицуулах зөвлөл

8.1.Бирж нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах зорилготой орон тооны бус биржийн зохицуулах зөвлөл /цаашид “зохицуулах зөвлөл” гэх/-тэй байна.

8.2.Зохицуулах зөвлөл 13 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн 6 гишүүн нь үнэт цаас, хөдөө аж ахуй, худалдаа, зам, тээвэр, гааль, стандартчилал, чанарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөллөөс, 7 гишүүн нь биржийн арилжааны зах зээлд оролцогчдыг төлөөлсөн төрийн бус байгууллагын төлөөллөөс тус тус бүрдэнэ. 

8.3.Зохицуулах зөвлөлийн гишүүдийг хөдөө аж ахуй, худалдааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

8.4.Зохицуулах зөвлөлийн дарга нь төрийн захиргааны байгууллагын төлөөлөл байх бөгөөд түүнийг зохицуулах зөвлөлийн гишүүдийн дотроос гишүүдийн олонхийн саналаар 3 жилийн хугацаагаар сонгоно.

8.5.Зохицуулах зөвлөл нь дараах чиг үүрэгтэй:

8.5.1.энэ хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгөх;

8.5.2.биржийн арилжааны зах зээлд оролцогчийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулах;

8.5.3.биржийн үйл ажиллагааны чиглэлээр зөвлөмж, дүгнэлт гаргах.

8.6.Зохицуулах зөвлөлийн дүрэм, үйл ажиллагааны журмыг Засгийн газар батална.

8.7.Зохицуулах зөвлөл үйл ажиллагаагаа Засгийн газарт тайлагнана.

8.8.Зохицуулах зөвлөл нь ажлын албатай байна. 

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

9 дүгээр зүйл.Биржийн ажилтанд хориглох зүйл

9.1.Биржийн ажилтанд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

9.1.1.биржийн арилжаанд оролцох;

9.1.2.биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн компани байгуулах;

9.1.3.биржийн арилжаанд оролцогчийн арилжааны нууцыг агуулсан мэдээ, мэдээллийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад задруулах;

9.1.4.биржийн арилжааны зуучлагч /брокер/-тай үгсэн хуйвалдаж биржийн арилжааг шударга бусаар явуулах;

9.1.5.бараа, түүхий эдийн үнэд нөлөөлж болох мэдээллийг орхигдуулах, нуун дарагдуулах, зохих журмын дагуу мэдээлэл өгөхөөс татгалзах;

9.1.6.ажил, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусад этгээдээс урамшуулал, мөнгөн шагнал, шан харамж авах.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БИРЖИЙН АРИЛЖААНД ОРОЛЦОГЧ

10 дугаар зүйл.Биржийн арилжаанд оролцогч

10.1.Биржийн арилжаанд оролцогчийг байнгын болон байнгын бус гишүүн оролцогч гэж ангилна.

10.2.Биржийн арилжааны зуучлагч /брокер/ нь үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан хуулийн этгээд байх бөгөөд биржийн байнгын гишүүн оролцогч байна.

10.3.Хоршоо нь байнгын бус гишүүн оролцогч байна.

10.4.Биржийн байнгын гишүүн оролцогч биржийн арилжаанд оролцох тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт болон энэ хуулийн 11.2.3, 11.2.6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд авна.

/Энэ хэсэгт 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.5.Биржийн арилжаанд дараах этгээдийг оролцохыг хориглоно:

10.5.1.биржийн ажилтан;

10.5.2.даатгал, тусламжийн сан, тэдгээрийн ажилтан;

10.5.3.хууль тогтоомжоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон бусад этгээд.

10.6.Биржийн байнгын бус гишүүн оролцогч биржийн арилжаанд оролцох зөвшөөрлийг биржээс авсан байна.

10.7.Хоршоо нь анхан шатны тордолт хийж стандартын шаардлага хангасан бараа, түүхий эдийг биет байдлаар нийлүүлэх гэрээ байгуулж биржийн арилжаанд оролцоно.

10.8.Гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн биржийн арилжаанд биржийн байнгын гишүүн оролцогчоор зуучлуулан оролцоно.

Хэвлэх

11 дүгээр зүйл.Биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүрэг

11.1.Биржийн арилжаанд оролцогч нь дараах нийтлэг эрх, үүрэгтэй:

11.1.1.биржийн арилжааг ил тод, шударгаар явуулах;

11.1.2.стандартын /бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, баглаа боодлын/ дагуу бэлтгэн сумын мал эмнэлэг, үржлийн тасагт бүртгүүлж, мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт гаргуулсан бараа, түүхий эдийг арилжих;

11.1.3.бараа, түүхий эдийн чанар, тоо хэмжээг биржид үнэн зөв мэдээлэх, бүртгүүлэх;

11.1.4.энэ хуулийн 11.1.3-т заасныг зөрчсөнөөс худалдан авагчид учирсан хохирлыг тухайн арилжаанд оролцогч хариуцан барагдуулах;

11.1.5.биржийн арилжааны мэдээллийг ашиглах;

11.1.6.биржийн дүрэмд заасан бусад эрх, үүрэг.

11.2.Биржийн байнгын гишүүн оролцогч нь энэ хуулийн 11.1-д зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:

11.2.1.суудлын эрх авах;

11.2.2.энэ хуулийн 7.1.1-7.1.4-т заасан гэрээ байгуулсны үндсэн дээр биржийн арилжаанд тогтмол оролцох;

11.2.3.бараа, түүхий эдийг хүлээн авах, хадгалах, бэлтгэх зориулалтын итгэмжлэгдсэн агуулахтай байх, эсхүл итгэмжлэгдсэн агуулах бүхий этгээдтэй гэрээ байгуулсан байх;

11.2.4.биржийн арилжааны сүлжээнд холбогдсон байх;

11.2.5.эрх бүхий байгууллагаас зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байх;

11.2.6.итгэмжлэгдсэн лаборатори, тээврийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байх.

Хэвлэх

12 дугаар зүйл.Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл

12.1.Биржийн арилжаанд оролцогчид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

12.1.1.биржийн арилжаанд оролцогч бусад этгээдийн болон түүний бараа, түүхий эдийн нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах;

12.1.2.харилцан тохиролцох замаар биржээр арилжих бараа, түүхий эдийн үнийн түвшинд хязгаар тогтоох;

12.1.3.өөрийн болон биржийн арилжаанд оролцогч бусад этгээдийн бараа, түүхий эдийг үйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол үзүүлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;

12.1.4.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ

13 дугаар зүйл.Аудит

13.1.Биржийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд Үндэсний аудитын газар жил бүр аудит хийж дүгнэлт гаргана.

13.2.Үндэсний аудитын газар энэ хуулийн 13.1-д заасан дүгнэлтээ Засгийн газарт танилцуулна.

Хэвлэх

14 дүгээр зүйл.Биржийн тайланг нийтэд мэдээлэх

14.1.Биржийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

15 дугаар зүйл.Биржийн үйл ажиллагаатай холбогдсон маргааныг шийдвэрлэх

15.1.Биржийн гэрээ байгуулах, түүнээс үүсэх эрх, үүрэгтэй холбогдон гарсан маргааныг эрх бүхий байгууллага хянан хэлэлцэж шийдвэрлэх бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд шүүхэд гомдол гаргаж болно.

15.2.Биржтэй холбогдсон маргаантай асуудлыг арбитраар шийдвэрлүүлж болно.

Хэвлэх

16 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

17 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

17.1.Энэ хуулийг 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ