A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний төрөл, хэмжээг тогтоож, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын энэ талаар хүлээх эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хууль үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн энэ хуульд хамрагдана.

3.2.Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг энэ хуульд хамруулж болно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛАЛ

4 дүгээр зүйл. Нийгмийн хамгааллын арга хэмжээ

Хэвлэх

4.1.Ахмад настныг нийгмийн хамгааллын дараахь арга хэмжээнд хамруулж болно:

4.1.1.нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмж;

4.1.2.нийгмийн халамжийн тэтгэвэр;

4.1.3.нийгмийн халамжийн тэтгэмж;

4.1.4.тусламж, хөнгөлөлт;

4.1.5.төрөлжсөн асрамжийн үйлчилгээ;

4.1.6.олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ;

4.1.7.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ;

4.1.8.эрүүл мэндийн үйлчилгээ;

4.1.9.нийгмийн хөгжлийн үйлчилгээ.

/Энэ заалтыг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.2.Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер түүнчлэн төрийн өндөр албан тушаал эрхэлж байсан ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл тогтоох нөхцөл, журмыг хуулиар тогтоож болно.

/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

5 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлт

Хэвлэх

5.1.Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан ахмад настанд дор дурдсан хөнгөлөлт, тусламж үзүүлж болно:

5.1.1.хөл, гар, шүд (үнэт металлаар хийхээс бусад)-ний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг 5 жил тутам нэг удаа нөхөн олгох;

5.1.2.ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр олгох;

5.1.3.тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл хууль ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.1.4.хүндэт донор ахмад настан болон эмчилгээ, сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;

5.1.5.нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн 75 хувьтай тэнцэх хэмжээний тусламж олгох;

5.1.6.нийслэл, аймгийн төвийн нийтийн тээврийн хэрэгсэл (таксинаас бусад)-ээр орон нутгийн харьяалал харгалзахгүй үнэ төлбөргүй зорчих;

5.1.61.энэ хуулийн 5.1.6-д заасан нөхөн олговор олгох журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, шаардагдах хөрөнгийг тухайн жилийнхээ төсөвт тусгана.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн, 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.1.7.худалдаа, тээвэр, холбоо, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний газар тэргүүн ээлжинд үйлчлэх;

5.1.8.нийслэлээс 1000 ба түүнээс дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.9.ахмад дайчин, генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж үзүүлэх;

5.1.10.Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сард нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх;

5.1.11.Монгол Улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, генерал цолтой цэргийн бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицер Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд энэ хуулийн 5.1.8-д зааснаас гадна дор дурдсан хөнгөлөлтийг үзүүлнэ:

5.1.11.а.нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг сард нэг удаа олгох;

5.1.11.б.дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг сард нэг удаа нөхөн олгох;

5.1.11.в.орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь сард нэг удаа мөнгөн тусламж олгох;

5.2.Ахмад настанд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ, тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.

5.3.Энэ хуулийн 5.1.3-т заасан хөнгөлөлт, тусламжид хамрагдах ахмад настныг тухайн орон нутгийн ахмадын байгууллагын саналыг харгалзан Амьжиргааг дэмжих зөвлөл тодорхойлж, шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

6 дугаар зүйл. Ахмад настанд үзүүлэх хүндэтгэл, насны хишиг

Хэвлэх

6.1.Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настандаа хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардуулна.

6.2.Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын, 100 ба түүнээс дээш настай ахмад настанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлэг тус тус гардуулна.

6.3.Ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь дампуурсан буюу татан буугдсан, түүнчлэн өөр орон нутгаас шилжиж ирснээс харьяалах байгууллага, аж ахуйн нэгж байхгүй болсон ахмад настныг орон нутгийн захиргаа, нийгмийн халамжийн болон ахмад настны байгууллага билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын шинийн нэгэн болон бусад тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүлээн авч хүндэтгэл үзүүлнэ.

6.4.Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь насны иргэнд доор дурдсан хэмжээгээр насны хишгийг жилд хоёр удаа олгоно.

6.4.1. 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;

6.4.2. 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;

6.4.3. 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;

6.4.4. 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.5.Насны хишиг олгох журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

7 дугаар зүйл. Тусламж, хөнгөлөлтийг санхүүжүүлэх эх үүсвэр

Хэвлэх

7.1.Энэ хуулийн 5.1.1-5.1.5-д заасан тусламж, хөнгөлөлтийг нийгмийн халамжийн амьжиргааг дэмжих сангаас, 5.1.8-5.1.10, 6.4-т заасан тусламж, хөнгөлөлтийг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТАЛААР АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

8 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг

Хэвлэх

8.1.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгал, халамжийн сан болон улсын төсвөөс олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг нэмэгдүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, энэ талаар гарсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж биелэлтийг хангах үүрэг хүлээнэ.

8.2.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь ахмад настны талаархи хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлах, нийгмийн халамжийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг хүлээнэ.

8.3.Бүх шатны Засаг дарга ахмад настны нийгмийн хамгааллын талаар тус тусын эрх хэмжээний хүрээнд дор дурдсан үүрэг хүлээнэ:

8.3.1.баг, хорооны Засаг дарга ахмад настанг судалж бүртгэх, хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж тогтоох болон тусламж үзүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж үнэн зөв тодорхойлолт гаргаж өгөх;

8.3.2.сум, дүүргийн Засаг дарга ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ахмад настанг нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээнд хамруулах талаар эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх, ахмад настанг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, эрүүл мэндийг нь хамгаалах, ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь татан буугдсан буюу өөр орон нутгаас шилжин ирсэн ахмад настныг бүртгэж, нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулах;

8.3.3.аймаг, нийслэлийн Засаг дарга ахмад настны нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээ, зарцуулах төсвийн санал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах, энэ талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах, ахмад настанг төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамруулах саналыг халамжийн байгууллагад уламжлах;

8.3.4.ахмад настны кабинет, төв байгуулж ажиллуулах, энэ арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийн жил бүрийн төсөвт тусгах.

8.4.Аж ахуйн нэгж, байгууллага ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, түлээ, нүүрс олгох, хөдөлмөр, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авна.

8.5.Энэ хуулийн 8.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулан төсөвт байгууллага үйл ажиллагааны зардлын хэмнэлтээс, аж ахуйн нэгж, байгууллага үлдэгдэл ашгаас цалингийн нийт сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр "Ахмадын сан" байгуулна.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.6.Энэ хуулийн 8.5-д заасан "Ахмадын сан" байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.7.Ахмад настны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн зохион байгуулагдсан буюу татан буугдсан бол түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээд энэ хуулийн 8.4-т заасан үүргийг хэрэгжүүлнэ.

9 дүгээр зүйл. Ахмадын байгууллага

Хэвлэх

9.1.Ахмад настны олонхийн нийтлэг эрх ашгийг төлөөлж чадах төв байгууллагыг улсын төсвөөс, орон нутгийн байгууллагыг тухайн орон нутгийн төсвөөс тус тус санхүүжүүлнэ.

9.2.Ахмадуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт ажиллагсдын 70-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад Засгийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр дэмжлэг үзүүлж болно.

9.3.Энэ хуульд заасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг ахмад настны төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.

10 дугаар зүйл. Ахмад настны тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

10.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

10 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

10.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ