Хэвлэх DOC Татаж авах
2003 ОНД НИЙГМИЙН САЛБАРЫН ӨӨРЧЛӨЛТ,ШИНЭЧЛЭЛ ХИЙХ,ХУВЬЧЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 ОНД НИЙГМИЙН САЛБАРЫН ӨӨРЧЛӨЛТ,ШИНЭЧЛЭЛ ХИЙХ,ХУВЬЧЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


2003 оны 2 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 34



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-ийн 1.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. "Нийгмийн салбарын 2003 онд хувьчлах байгууллагуудын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Нийгмийн салбарын 2003 онд өөрчлөлт, шинэчлэлт хийх байгууллагуудын жагсаалт"-ыг 2 дугаар, "2003 онд худалдах нийгмийн салбарын төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалт"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. .


2. Энэхүү тогтоолын 1 дүгээр заалтаар батлагдсан нийгмийн салбарын байгууллагын өөрчлөлт, шинэчлэл, хувьчлалыг холбогдох хууль тогтоомж болон "Нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх үндсэн чиглэл"-ийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд тус тус даалгасугай.


3. Энэхүү тогтоолын 4 дүгээр хавсралтад дурдсан орон нутгийн өмчит нийгмийн салбарын байгууллагуудыг Төрийн өмчийн хороо, Боловсрол,соёл, шинжлэх ухааны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрүүл мэндийн яамтай зөвшилцөн 2003 онд өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийхийг холбогдох аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөж, Засаг дарга нарт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА