Хэвлэх DOC Татаж авах
2006 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 ОНД ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ


2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 73



Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн 2006 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг дор дурдсанаар тогтоосугай:


а/эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан байгууллага, аж ахуйн нэгжийн гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг хавсралтад зааснаар;


б/энэхүү тогтоолын хавсралтад заагдаагүй салбар болон шашны байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар;


в/боловсролын байгууллагад ажиллах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг нийт ажиллагчдын 30 хувь хүртэл, гадаад хэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг боловсрол, шинжлэх ухааны байгууллагад 40 хүртэл хувь байхаар;


г/гадаадын төрийн бус, хүмүүнлэг, тусламжийн байгууллага болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгчийн газарт 40 хүртэл хувь байхаар.


2. Энэ тогтоолын хавсралтад заасан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, тендер зарлах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд баримтлахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.


З. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга байгууламж барихад энэ тогтоолд заасан хувийг баримтлах боломжгүй бол тухай бүр асуудлыг Засгийн газарт оруулан шийдвэрлүүлж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд даалгасугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Гадаадаас 2005 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай” Засгийн газрын 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Нийгмийн хамгаалал,


хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД