Хэвлэх DOC Татаж авах
2008-2009 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008-2009 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ  


2008 оны 7 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 290



2008-2009 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2008-2009 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохицуулж, хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, аймаг, нийслэлийн хэмжээнд 2008 онд бэлтгэх хадлан, тэжээлийн даалгаврыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Улс, аймаг, сумын хадлангийн нөөц газруудаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилан хадлан бэлтгүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


3. Улсын нөөцийн өвс, тэжээлийг тухайн аймаг, бүсээс бэлтгэх замаар орон нутаг дахь улсын нөөцийн цэг, салбар болон аймаг дундын отрын бүс нутагт өвс, тэжээлийн нөхөн бүрдүүлэлт хийж, зохих газарт нь байршуулах арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод үүрэг болгосугай.


4. Улсын нөөцийн өвс, тэжээлийн цэг, салбарын байршлыг өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулж өвс, тэжээл нэмж бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2008 оны Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт оруулах замаар шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.


5. Түлш, эрчим хүчний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж ажиллан, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Эрүүл мэндийн сайд Д.Батсэрээдэнэ, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмон нарт тус тус үүрэг болгосугай.


6. Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн 2008-2009 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх үндсэн болон туслах тоноглолын засварыг графикт хугацаанд нь чанартай хийж, нүүрс, мазут нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх ажлыг эрчимжүүлэн 2008 оны 10 дугаар сарын 1-ний дотор 20-иос доошгүй хоногийн нөөцтэй болгох арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар болон Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.


7. “Багануурын дулааны станц” ХК-ийн 2008-2009 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд зайлшгүй хийгдэх зуухны их засвар, техникийн шинэчлэлт, бага ачааллын үед ажиллах зуух, түлш дамжуулах цехийн ремен солих зэрэг ажлыг гүйцэтгэх болон тус станцын үйл ажиллагааны алдагдлыг нөхөхөд шаардагдах хөрөнгийн асуудлыг судлан шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар болон Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.


8. “Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг сайжруулах II шатны төсөл”-ийн хүрээнд зарим аймгуудад хэрэгжиж байгаа халаалтын зуухыг шинэчлэх ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллан халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Цолмонд үүрэг болгосугай.


9. 2008-2009 оны хичээлийн жилээс 6 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахтай холбогдуулан хийх засварын ажлыг батлагдсан төсөвтөө багтаан 8 дугаар сарын 25-ны дотор чанарын өндөр түвшинд хийж дуусгахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.


10. Аймгийн Засаг дарга нараас тавьсан хүсэлтийн дагуу мэргэжлийн ажлын хэсэг томилон ажиллуулж зуншлагын байдал, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцан холбогдох арга хэмжээ авахын зэрэгцээ отрын болон хадлангийн газрын нөөц, ашиглалтын талаар судалгаа хийж малын отор нүүдлийн нэгдсэн зохион байгуулалт, зохицуулалт хийх талаар санал боловсруулж 2008 оны 8 дугаар сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба нарт даалгасугай.


11. Ургац хураалтын тээвэрт ашиглагдах зам, гүүрийн шинэчлэлт, засварын ажлыг яаралтай эхлүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Раш, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг нарт даалгасугай.


12. Дараахь арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид үүрэг болгосугай:


а) цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах явдлаас урьдчилан сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын засвар арчлалтын ажлын чанарыг сайжруулан тогтмолжуулах, гэнэтийн эвдрэлийг шуурхай засварлаж байх арга хэмжээ авах;


б) төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэн тодорхой нөөцтэй байлгах, засвар, үйлчилгээг хугацаанд нь чанартай хийх.


13. Нүүрсний уурхай, дулааны цахилгаан станцуудын хооронд үүссэн өр, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Түлш эрчим хүчний сайд Ч. Хүрэлбаатар нарт даалгасугай.


14. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудад махны худалдааны төв, аймгуудын төвийн орчимд “Мал, махны бирж” байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


15. Үйлдвэрийн аргаар боловсруулсан махны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Махны нөөцийн сан” бий болгох талаар санал боловсруулан 2008 оны 9 дүгээр сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


16. Бензин, шатахууны 2 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөцийг бүрдүүлэх талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж шаардагдах хөрөнгийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.


17. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуягт даалгасугай:


а) өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, цаг хүндэрсэн үед ажиллуулах шуурхай ажлын штаб байгуулах асуудлыг урьдчилан зохицуулж, шаардлагатай арга хэмжээг тухайн үед нь холбогдох яам, газар, аймаг, нийслэлийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэх;


б) ургац хураалтын бэлтгэл ажлыг урьдчилан сайтар хангаж, технологийн хугацаанд нь хаягдалгүй хураах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах;


в) дараа оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн буудайг нөөцлүүлж, өмнөх онуудад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зээлээр олгосон үрийн будаа, техник, тоног төхөөрөмжийн төлбөрийн үнийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах.


18. Дор дурдсан арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:


а) энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан 2008 онд бэлтгэх хадлан, тэжээлийн даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах;


б) орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг хангуулах, түлээ, нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авах зэрэг ажлыг зохион байгуулж энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор нүүрс, шатахуун, дизелийн түлшний 20-иос доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлж, төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам хоолойн ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилт, авто зам, харилцаа холбооны шугамын арчлалт, үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах арга хэмжээ авах;


в) нийтийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн гаражийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийж, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нь нөөцөлж иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх;


г) нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх, хадлангийн газрын ашиглалтын төлөвлөгөө, зураглал гарган шаардлагатай үед нөөц бэлчээрийг ашиглах талаар гэрээ байгуулах ажлыг эртнээс зохицуулан зохион байгуулах;


д) аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бий болгон шаардлагатай цэгүүдэд байршуулах арга хэмжээ авах;


е) улсын төсвийн хөрөнгөөр олгож байгаа эм, бэлдмэлийг сум, дүүрэгт хүргэн малын туулга, угаалгын ажлыг 10 дугаар сарын 1-ний дотор дуусгах ажлыг зохион байгуулах;


ж) тариаланг малаас хамгаалах зорилгоор мал бүхий иргэдийг тариалангийн нутагт түр хугацаагаар нутаглуулахгүй байх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах;


з) тариалан бүхий аймаг, сумдын шатахууны нөөц, савны дүүргэлтэд анхаарч, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах шатахууныг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;


к) цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас зүүн аймгийн малгүй болж амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болсон сумдын зарим малчдыг малжуулах талаар санал боловсруулах;


л) өвөлжилтийн бэлтгэл ажилд иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагын хүч анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор орон нутагт зохион байгуулах найр, наадмыг хязгаарлах арга хэмжээ авах;


м) сум, баг, дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалган үр дүнг тооцож, шаардлагатай арга хэмжээг орон нутгийн нөөц бололцоонд тулгуурлан тухай бүр шийдвэрлэж байх.


19. Энэхүү тогтоолын биелэлтэд байнгын хяналт тавьж ажиллан өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилж, сар бүр Засгийн газарт танилцуулж байхыг Ажлын хэсэгт даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                         С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


Эрхлэх газрын дарга                                                                                                       Н.ЭНХБОЛД