Хэвлэх DOC Татаж авах
2009-2010 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009-2010 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 221



2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Аймаг, нийслэлийн хэмжээнд 2009 онд бэлтгэх хадлан, тэжээлийн даалгаврыг хавсралт ёсоор баталж, хадлангийн гарц, газрын хүрэлцээ, нөөцийг үндэслэн улс, аймаг, сумын хадлангийн нөөц газруудаас иргэд, аж ахуйн нэгжид хуваарилан ашиглуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


2. Түлш, эрчим хүчний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон зам, тээвэр, харилцаа холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө гарган биелэлтэд нь хяналт тавьж, бүх шатны сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт тус тус үүрэг болгосугай.


3. Түлш, эрчим хүчний үйлдвэрүүдийн 2009-2010 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд хийгдэх үндсэн болон туслах тоноглолын засварыг төлөвлөсөн хугацаанд нь чанартай хийж, цахилгаан станцуудад нүүрс, мазут нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх ажлыг эрчимжүүлэн 2009 оны 10 дугаар сарын 1-ний дотор 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй болгох арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.


4. Ургац хураалтын үеэр ургац тээвэрлэхэд ашиглагдах зам, гүүрийн шинэчлэлт, засварын ажлыг яаралтай эхлүүлэн чанартай гүйцэтгэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.


5. Цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, замын байгууламжид эвдрэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах явдлаас урьдчилан сэргийлэх, авто тээврийн хэрэгсэл саадгүй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын засвар арчлалтын ажлын чанарыг сайжруулан тогтмолжуулах, гэнэтийн эвдрэлийг шуурхай засварлаж байх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.


6. Газрын тосны 20-иос доошгүй хоногийн нөөцтэй байх талаар газрын тосны бүтээгдэхүүний импорт, худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагатай тохиролцож, ургац хураалтын үед бензин шатахуун тасалдуулахгүй байх арга хэмжээ авахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт даалгасугай.


7. Сүүлийн жилүүдэд зарим аймгийн нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас ихээхэн хэмжээний хохирол учирч байгаатай холбогдуулан энэ талаар хайгуул судалгаа хийж, шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэн тодорхой төсөл хэрэгжүүлэн Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн зонхилох салхины замд салхины хүчийг хагалах, сулруулах, салхинаас хамгаалах байгууламж барих шийдэл гаргах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


8. Телевиз, үүрэн телефон, интернет зэрэг мэдээллийн технологийн орчин үеийн арга хэлбэрийг ашиглан нийтэд зориулсан цаг агаарын урьдчилан сэргийлэх болон сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг олон нийтэд үнэн бодитой, шуурхай хүргэж байх талаар тодорхой арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.


9. Дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай:


а) мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө гарган түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар өгч биелэлтэд хяналт тавьж ажиллан, шаардлагатай арга хэмжээг холбогдох яам, газар, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлэх;


б) уринш боловсруулах, ургац хураах ажлыг технологийн хугацаанд зохион байгуулж, шаардагдах техник, тоног төхөөрөмжийг худалдан авах, нийлүүлэх болон элеватор, агуулахыг засварлаж шинэчлэх ажлыг шуурхай хийж, тэдгээрийн бэлэн байдлыг хангах арга хэмжээ авах;


в) дараа оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн буудайг аж ахуйн нэгжид нөөцлүүлэх, өмнөх онуудад иргэн, аж ахуйн нэгжид зээлээр олгосон үрийн будаа, техник, тоног төхөөрөмжийн үнийг төлүүлэх ажлыг зохион байгуулах;


г) Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх өрх, малыг өвөлжүүлж, хаваржуулах газар нутгийг сонгон, холбогдох аймагтай тодорхой гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах.


10. Дараахь арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:


а) аймаг, нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж, энэхүү тогтоолын хавсралтаар баталсан 2009 онд бэлтгэх хадлан, тэжээлийн даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах;


б) орон нутгийн эрчим хүчний үйлдвэр, нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өвлийн бэлтгэлийг хангуулах, түлээ, нүүрс нөөцлөх, түлш, шатахуун татан авах ажлыг зохион байгуулж энэ оны 10 дугаар сарын 1-ний дотор нүүрс, шатахуун, дизелийн түлшний 20-иос доошгүй хоногийн нөөцийг бүрдүүлж, төв, суурин газрын барилга байгууламж, орон сууцны цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилт, автозам, харилцаа холбооны шугамын арчлалт, үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах арга хэмжээ авах;


в) нийтийн тээврийн хэрэгсэл, тэдгээрийн гараашийн засвар, дулаалгыг хугацаанд нь чанартай хийж, сэлбэг хэрэгсэл, өвлийн улирлын шатахуун, тослох материалыг зохих хэмжээнд нь нөөцөлж, иргэдэд найдвартай үйлчлэх нөхцөл бүрдүүлэх;


г) нутаг дэвсгэрийнхээ зуншлага, намаржилтын байдалтай уялдуулан мал өвөлжүүлэх, отор нүүдэл хийх, хадлангийн газрын ашиглалтын төлөвлөгөө, зураглал гарган мөрдөн ажиллаж, шаардлагатай үед нөөц бэлчээрийг ашиглах талаар гэрээ байгуулах асуудлыг урьдчилан тохиролцох;


д) аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг шаардлагатай цэгүүдэд байршуулах арга хэмжээ авах;


е) өвөлжилтийн бэлтгэл ажилд иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагын хүч анхаарлыг төвлөрүүлж орон нутагт зохион байгуулах найр, наадмыг хязгаарлах арга хэмжээ авах.


11. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж, түлш, эрчим хүчний салбарын болон мал өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                              С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                                              Б.ДОЛГОР