Хэвлэх DOC Татаж авах
2010 ОНД НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД  АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 ОНД НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ БОЛОН ОЛОН УЛСЫН БУСАД  АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ


2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 77



Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. 2010 онд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд Зэвсэгт хүчнээс цэргийн баг оролцуулах арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.  (Хавсралтад 2010-09-08-ны 230-р тогтоолоор нэмэлт орсон).


2. 2010 онд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэргийн баг оролцуулахад шаардагдах нийт 5.105.955.000 (таван тэрбум нэг зуун таван сая есөн зуун тавин таван мянган) төгрөгөөс 254.351.900 (хоёр зуун тавин дөрвөн сая гурван зуун тавин нэгэн мянга есөн зуун) төгрөгийн үнэ бүхий материал хэрэгслийг Зэвсэгт хүчний Жанжин штабын урсгал хангалтаас, материал хэрэгсэл худалдан авах зардалд шаардагдах 4.839.306.200 (дөрвөн тэрбум найман зуун гучин есөн сая гурван зуун зургаан мянга хоёр зуун) төгрөгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргаж зарцуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод, 12.296.900 (арван хоёр сая хоёр зуун ерэн зургаан мянга есөн зуун) төгрөгийн үнэ бүхий материал хэрэгслийг Зэвсэгт хүчний нөөцөөс гаргахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб (Ц.Бямбажав)-т тус тус зөвшөөрсүгэй.


3. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэргийн багуудын бэлтгэлийг сайтар ханган оролцуулах, олон улсын хамтарсан сургалт, дадлагыг удирдлага, зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штаб (Ц.Бямбажав)-т даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                  С.БАТБОЛД


Батлан хамгаалахын сайд                                       Л.БОЛД