Хэвлэх DOC Татаж авах
2009-2010 ОНЫ ЗУДЫН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009-2010 ОНЫ ЗУДЫН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 137



Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.1.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. ”Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг арилгах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.


2. Дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагын хандив, тусламж, зээлийн эх үүсвэрээр малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тэдэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, амьжиргааны эх үүсвэргүй болсон малчдыг малжуулах, орон нутагт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, бичил уурхайд зохион байгуулалттайгаар ажиллуулах зэргээр тухайн орон нутаг бүрт тохирсон ажлын байр бий болгох арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.


3. Дараахь арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:


3.1. орон нутгаас төв суурин газарт шилжиж ирсэн иргэдэд хашааны газар олгох, хөдөлмөр эрхлэх болон халамжийн чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх;


3.2. малгүй болсон малчин өрхийг малжуулах, бусад салбарт мэргэшүүлэн шилжүүлэх ажлыг сумдын удирдлагатай хамтран зохион байгуулах;


3.3. олон мал бүхий малчдын малыг түрээсээр маллуулах, гэрээгээр мал өгөх зэргээр малгүй болсон малчдыг малжуулах ажлыг зохион байгуулах;


3.4. малгүй болсон иргэдэд зориулж сургалт явуулан үрээр хангах замаар хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж ургац хураах, хадлангийн салаа ажиллуулах, тэжээл үйлдвэрлэх, гар тэжээл бэлтгэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, малчин өрх, баг, сум, аймаг бүр өвс, тэжээлийн нөөцтэй болох ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх;


3.5. мал ногоолуулах, оторлон таргалуулах, өвөлжүүлж, хаваржуулах ажлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлж, өвлийн бэлтгэлийг эртнээс хангах талаар малчин өрх бүртэй гэрээ байгуулж хэвшүүлэн гэрээний дагуу талууд хариуцлага хүлээдэг тогтолцоог бий болгох.


4. ”Мал аж ахуйн салбарт 2009-2010 оны өвөл, хаврын улиралд тохиолдсон зудын хохирлыг арилгах арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, төлөвлөгөөний биелэлтийг гаргаж хагас жил тутам Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нарт тус тус даалгасугай.


             Монгол Улсын Ерөнхий сайд                                                              С.БАТБОЛД


             Монгол Улсын Шадар сайд                                                                 М.ЭНХБОЛД


             Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн


                     үйлдвэрийн сайд                                                                            Т.БАДАМЖУНАЙ