Хэвлэх DOC Татаж авах
2001 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2001 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТУХАЙ


2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 24



Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын Их Хурлын 2001 оны хаврын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:


1/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


2/Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


3/Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


4/Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


5/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;


6/Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн байдлын тухай хуулийн төсөл;


7/Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төсөл;


8/Авилгалын эсрэг хуулийн төсөл;


9/Иргэний хуулийн төсөл;


10/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;


11/Эрүүгийн хуулийн төсөл;


12/Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн төсөл;


13/Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;


14/Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн төсөл;


15/Хувийн хамгаалалтын тухай хуулийн төсөл;


16/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл;


17/Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал;


18/Хүн амын нутагшил, хөгжлийн ерөнхий төсөл;


19/Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн тухай хуулийн төсөл;


20/Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл:


21/Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн төсөл;


22/Нийгмийн салбарт хувьчлал явуулах тухай хуулийн төсөл;


23/Газрын багц хуулийн төсөл;


24/Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;


25/Бусад.


2.Улсын Их Хуралд өмнө өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсугай.


3.Улсын Их Хурлын 2001 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг 3 дугаар сарын 20-ны дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.


4.Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан боловч 2001 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэхгүй байхаар тогтсугай.


5.Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нарт болон Тамгын газар /Б.Энэбиш/-т даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ