Хэвлэх DOC Татаж авах
2007 ОНЫ 8 ДУГААР САРЫН 9-НИЙ УЛСЫН ИХ ХУРЛААР БАТЛАГДСАН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН

ТОГТООЛ

 

2007 оны 9 дүгээр                                                                                                                                                                                                                                             Улаанбаатар

сарын 10-ны өдөр                                                                                                            Дугаар 35                                                                                                                         хот

 

 

2007 ОНЫ 8 ДУГААР САРЫН 9-НИЙ УЛСЫН ИХ ХУРЛААР БАТЛАГДСАН

ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ

ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

 

2007 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Улсын Их Хурлаар батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5-д заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Бүх шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг (цаашид хуулийн гэх) 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс дагаж мөрдөнө.

2.Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч нь яллагдагчтай эвлэрсэн бол шүүгч мөн хуулийн 208 дугаар зүйлийн холбогдох хэсгийг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана.

Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гарсны дараа хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрсэн бол шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

3.Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулахгүй.

Харин хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийг хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу 3 иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

4.Хуулийг дагаж мөрдсөн өдрөөс эхлэн сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих болон цагдан хорих хугацааг сунгах эсэх асуудлыг зөвхөн шүүгчийн захирамжаар шийдвэрлэнэ.

Шүүгчийн энэхүү захирамжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргадаг шүүгчийн бусад захирамжаас тусд нь дугаар авна.

5.Хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т заасан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газрыг шүүгчийн захирамжид заавал тусгана.

6.Хуулийн 68 дугаар зүйлийн 68.10-т зааснаар сэжигтэн, яллагдагчийг өөр газарт шилжүүлэн цагдан хорих эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүгч захирамж гарган шийдвэрлэх бөгөөд энэ талаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтэн яллагдагчийн гэр бүлийн гишүүн, эсхүл өмгөөлөгчид нь мэдэгдэнэ.

7.Хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т заасан “…шүүгчийн шийдвэр…” гэдгийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.25-д зааснаар ойлгоно.

8.Хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хаалттай явуулах бөгөөд тэрээр насанд хүрсэн этгээдтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд энэ журам нэгэн адил хамаарна.

9.Хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасны дагуу прокурор, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай урьдчилж бичгээр шүүхэд заавал мэдэгдэх бөгөөд уг хүсэлтэд холбогдох баримтыг хавсаргасан байвал зохино.

10.Хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д тус тус заасны дагуу давж заалдах болон хяналтын шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өмгөөлөгч бичгээр гаргасан бол тэрээр шүүх хуралдаанд заавал оролцох үүрэг хүлээнэ.

11.2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дах хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2007 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар ялтанд оногдуулсан ялыг хэт хөнгөдсөн гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах эрхгүй.

Харин ялтанд оногдуулсан ялыг хэт хөнгөдсөн талаар хохирогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргасан, эсхүл улсын яллагч эсэргүүцэл бичсэн бол уг гомдол, эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.

12.Хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д заасан “…ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ” гэснийг анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулсан, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тухай шийтгэх ба цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн, түүнчлэн хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдлыг тус тус хамааруулна.

13.Мөн зүйл, хэсэгт заасан “…шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч…”, гэдэгт шүүгдэгчийн, цагаатгагдсан этгээдийн, хохирогчийн өмгөөлөгч тус тус хамаарна.

Шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч нь зөвхөн өмгөөлөгчөөрөө дамжуулж хяналтын шатны шүүхэд гомдол гаргах болсон тул 2007 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс өмнө дээрхи оролцогчдоос хяналтын журмаар гомдол гаргасан хэргийг хяналтын шатны шүүх энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө хүлээн авсан бол ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

Хэрэв хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд анхан шатны шүүхийн шийтгэх ба цагаатгах тогтоолд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан нь хууль хүчин төгөлдөр болсны дараа хяналтын шатны шүүхэд ирсэн ба уг хэрэг нь давж заалдах шатны шүүхээр хянагдаагүй бол хэргийг шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүхэд шилжүүлнэ.

Уг хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдсан бол хяналтын шатны шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

14.Мөн зүйлийн 342.3-т заасан “Энэ хуулийн 342.1-д зааснаас өөр үндэслэлээр гаргасан гомдлыг шүүгч харьяаллын дагуу шилжүүлнэ.” гэдгийг тухайн хэргийн үйл явдал, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокуророос албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан болон хуулийн 357 дугаар зүйлд дурдсан асуудлаар гомдол гаргасан бол түүнийг харьяаллын дагуу шилжүүлнэ гэж ойлгоно. Энэ тохиолдолд шүүгч харьяаллын бус гомдлыг холбогдох байгууллагад шилжүүлэх, эсхүл хяналтын шатны шүүх хуралдаанд гомдлыг хэлэлцүүлэх үндэслэлгүй талаар гомдол гаргагчид мэдэгдэж, хэргийг ирүүлсэн шүүхэд нь буцаан хүргүүлнэ.

15.Хуулийн 418 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тохиолдолд шүүх хуралдааныг товлон зарласан захирамжийг шүүгч хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор гаргана. Уг захирамжид шүүх хуралдааныг хэзээ, хаана хийх, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурор нарыг оролцуулах тухай заана.

16.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүх хуралдаан даргалагч нээж, ямар хэрэг хэлэлцэхийг зарлаж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны ирцийн талаар танилцуулна. Үүний дараа шүүх прокурорын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонсож, эдгээр санал, тайлбартай холбогдуулан шүүгдэгч, хохирогчоос гаргах тайлбар байгаа эсэхийг тодруулж, зөвлөлдөх тасалгаанд орно.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцож, хуулийн 253 дугаар зүйлд заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэнэ.

17.Хуулийн 418 дугаар зүйлийн 418.2-т заасан “…шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй.” гэдгийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шийтгэх ба цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргахгүй гэж ойлгоно.

18.Хуулийн 418 дугаар зүйлийн 418.4-т заасан “…прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг харгалзан ял оногдуулна” гэдгийг прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээний дотор эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, өөрийн дотоод итгэлд үндэслэн шүүгч гэм буруутай этгээдэд ял оногдуулахыг хэлнэ.

 

 

                                                                                                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                                                           ШҮҮГЧ                                      Б.БАТ-ЭРДЭНЭ

                                                                                                               Б.ДОРЖГОТОВ