A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2006 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 74

Төрийн ордон. Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн биелэлтийг хангахын тулд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:

1/ эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор өргөн мэдүүлэх;

2/ ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах талаар Засгийн газрын хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж ажиллах;

3/ ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, уурхайн эдэлбэр газар, талбайн тооллого явуулах, экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцээн хийлгэж дүнг 2006 оны 11 дүгээр сард багтаан Улсын Их Хуралд танилцуулах;

4/ нөхөн сэргээх ажиллагааг шаардлагатай тохиолдолд мэргэшсэн байгууллагаар бүрэн гүйцэтгүүлэх, түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс зохих хөрөнгийг нэмж гаргуулах замаар учирсан хохирлыг төлж барагдуулах.

5/ улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлын хэмжээг дараахь зарчмын дагуу шинэчлэн тогтоож, нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулах:

а/ эрэл, эрэл-үнэлгээний ажлын нэгж талбайд ногдох зардал, хайгуулын ажлын нэгжид ногдох зардлын жишиг үнэлгээг тогтоох;

б/ дээрх үнэлгээг тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ, хайгуулын ажлын бодит гүйцэтгэлийн хэмжээтэй уялдуулан тооцож, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох;

в/ хамтарсан үйлдвэрийн дүрмийн санд төрийн өмчийн хэлбэрээр тооцогдсон улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөгдсөнд тооцох;

г/ эрчим хүчний зориулалтаар олборлож байгаа нүүрсний ордын хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийг тухайн жилийн нүүрсний олборлолтын хэмжээгээр тооцон улсын төсөвт төвлөрүүлэх;

д/ хайгуулын ажлын зардлын нөхөн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй болон дутуу төлсөн аж ахуйн нэгжтэй Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу алданги тооцож, гэрээний үүргийн биелэлтийг хангуулж ажиллах.

2. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Л.Гантөмөр/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ