A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2004 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

               МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН БАЙЦААН ШИЙТГЭХ ХУУЛИЙН 58, 59 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль (2002 оны)-ийн 8 дугаар бүлгийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан "Сэжигтэн оргон зугтахыг завдсан, …", 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан "Хойшлуулшгүй тохиолдолд …" гэсэн ойлголтыг шүүн таслах ажиллагаанд нэг мөр ойлгож, зөв хэрэглэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасан "Сэжигтэн оргон зугтахыг завдсан, …" гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу сэжигтнээр тооцогдсон этгээд Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор зориуд санаатай байнгын оршин суугаа газраа орхих, овог, нэрээ өөрчлөх, гадаад улсад болон өөр орон нутагт явахаар /гадаад улсын виз, зорчигчийн тасалбар авч/ бэлэн болсон, анх саатуулагдах үед өөрийн биеийн байцаалтад холбогдох мэдээллийг зориуд буруу ташаа танилцуулан зугтах, нуугдахыг оролдон идэвхитэй үйлдэл хийсэн зэрэг байдлыг ойлгож болохыг тайлбарласугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасан "Хойшлуулшгүй тохиолдолд …" гэдэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие, хувцас, орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөр илэрсэн буюу оргон зугтахыг завдсан, урьд нь оргож эрэн сурвалжлагдаж байсан, гэрч, хохирогчоос сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан, хаана оршин суудаг, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй, бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж болохуйц зүйлээр зэвсэглэсэн, бусдын амь бие эд хөрөнгөнд хохирол учруулах талаар заналхийлэх нь биелэгдэх магадлалтай гэж үзсэн, сэжигтэн этгээд өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болтлоо мансуурсан, согтуурсан, урьд нь удаа дараа хорих ял шийтгүүлж байсан, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон зэрэг байдлыг хамааруулан ойлгож болохыг тайлбарласугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ