A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2007 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 52

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 22.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /М.Энхболд/-т даалгасугай:

1/жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлаг байгуулах;

2/Үйлдвэр, худалдааны яам болон холбогдох бусад төрийн захиргааны төв байгууллагын бүтцэд жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр ажиллаж байгаа хэлтэс, алба, сан, төслийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн бүтцэд шилжүүлэх;

3/жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа сангуудыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын агентлагийн бүтцэд шилжүүлэхтэй холбогдуулан холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Ганхуяг/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН