A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

АХУЙН БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, булах болон түүхий эдийн эх үүсвэр болгон дахин ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ариун цэврийн тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

Хэвлэх

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал” /цаашид “хог хаягдал” гэх/ гэж хэрэглээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүсч, цаашид тухайн зориулалтаар хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг;

3.1.2. ”аюултай хог хаягдал” гэж хүн, мал, амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэх шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисыг агуулсан хог хаягдлыг;

3.1.3. “хог хаягдал булах” гэж ашиглах шаардлагагүй болсон хог хаягдлыг хүрээлэн байгаа орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор аюулгүй орчинд далдлан булахыг;

3.1.4. ”хог хаягдал хадгалах” гэж хог хаягдлыг булах, хоргүйжүүлэх, ашиглах зорилгоор хог хаягдал хадгалах зориулалтын цэгт түр хадгалахыг;

3.1.5.”хог хаягдлыг ашиглах” гэж хог хаягдлыг бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил, үйлчилгээ явуулах, эрчим хүч гарган авах зэргээр дахин хэрэглээнд оруулахыг;

3.1.6. ”хог хаягдлыг аюулгүйжүүлэх” гэж хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх хортой нөлөөллийг арилгах зорилгоор тусгай зориулалтын төхөөрөмжид шатаах, цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх зэргээр боловсруулахыг;

3.1.7.“хог хаягдлын норматив” гэж нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үүсэх тухайн төрлийн хаягдлын тогтоосон хэм хэмжээг;

3.1.8.“хог хаягдал булах зориулалтын байгууламж” гэж хог хаягдлыг аюулгүй, хортой нөлөөлөлгүй хадгалах стандартын нөхцөлийг бүрдүүлсэн технологийн барилга, байгууламжийг;

3.1.9.“хог хаягдал хадгалах цэг” гэж хог хаягдал цуглуулах зорилгоор байгуулсан зориулалтын сав, байгууламжийг;

3.1.10.”хог хаягдлыг булах даац” гэж хог хаягдал булах зориулалтын байгууламжид тодорхой арга хэлбэрээр, тогтоосон хугацаанд, тухайн нутаг дэвсгэрийн экологийн төлөв байдлыг харгалзан булж болох тодорхой төрлийн хог хаягдлын зөвшөөрөхүйц дээд хэмжээг;

3.1.11. ”аюултай хог хаягдлын паспорт” гэж хог хаягдлын бүтцийн талаархи мэдээллийг агуулсан, ямар төрөл аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг тогтоосон, түүнийг тээвэрлэх, хадгалах, устгах технологийг тусгасан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг. 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

4.1.Энэ хуулиар агаар мандал, усан орчны болон цацраг идэвхит хог хаягдлаас бусад хог хаягдалтай холбогдсон харилцааг зохицуулна.

5 дугаар зүйл. Хог хаягдлын өмчлөх эрх

Хэвлэх

5.1.Хог хаягдлыг үүсгэсэн этгээд түүнийг өмчлөх эрхтэй.

5.2.Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үндсэн дээр хог хаягдлыг өмчлөх эрх шилжиж болно.

5.3.Энэ хуульд заасны дагуу хог хаягдлыг хаяснаар хог хаягдлыг өмчлөх тухайн этгээдийн эрх дуусгавар болж, хог хаягдлыг булах үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөх эрх үүснэ.

5.4.Аюултай хог хаягдлыг өмчлөгч нь өмчлөх эрхээ шилжүүлсэн бол энэ тухайгаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэж, аюултай хог хаягдлын улсын бүртгэлд бүртгүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх , иргэн , аж ахуйн нэгж , байгууллагын нийтлэг эрх , үүрэг

6 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

6.1.Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.хог хаягдлын талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойлох;

6.1.2.хуульд заасан бусад бүрэн эрх.

7 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

7.1.Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.хог хаягдлын талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

7.1.2.хог хаягдал гаргасны төлбөр тооцох болон хог хаягдлын норматив тогтоох аргачлалыг батлах;

7.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

8 дугаар зүйл. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

8.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1. хог хаягдлын талаархи төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;

8.1.2.аюултай хог хаягдлын улсын тоо бүртгэлийг хөтлөх;

8.1.3.хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх, тайлагнах журмыг батлах;

8.1.4.хог хаягдал булах зориулалтын байгууламж, төвлөрсөн цэгийн төрөл, тэдгээрт тавигдах шаардлага, хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны журмыг батлах;

8.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

9.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.2.Засгийн газраас тогтоосон аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын нормативыг тогтоох;

9.1.3.хог хаягдлыг бууруулахад чиглэсэн орон нутгийн хөтөлбөрийг батлах, түүний биелэлтэд дүгнэлт өгөх;

9.1.4.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1.хог хаягдлын талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулан хангах;

9.2.2.хог хаягдлыг бууруулахад чиглэсэн орон нутгийн чанартай хөтөлбөр боловсруулан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, биелэлтийг нь хангах;

9.2.3.батлагдсан журмын дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хог хаягдлын улсын тоо бүртгэл хөтлөх;

9.2.4.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг үнэлэх, санхүүжүүлэх журам болон сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загвар батлах;

9.2.5. хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, хийх шалгалтыг орон нутагтаа зохион байгуулах;

9.2.6. аймгийн төвийн сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг тогтоох;

9.2.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. 9.3.Нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.3.1.нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу хог хаягдлын төвлөрсөн цэгийн байршлыг тогтоох;

9.3.2.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах;

9.3.3. хуульд заасан бусад бүрэн эрх.

9.4. Сумын Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.4.1.сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу сумын төвийн хог хаягдлын төвлөрсөн цэг болон хог хаягдал хадгалах түр цэгийн байршлыг тогтоох;

9.4.2.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан журмын дагуу хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах;

9.4.3.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх иргэн , аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, батлагдсан загварын дагуу гэрээ байгуулан ажиллах, гэрээний биелэлтийг харгалзан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын гэрээгээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээг санхүүжүүлэх;

9.4.4.хот,тосгон, бусад суурингийн бус нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэдийн хог хаягдал булах аргачлалыг батлах;

9.4.5. нийтийн эдэлбэрийн газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх;

9.4.6. хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.4.7.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.5.Дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.5.1. хог хаягдал хадгалах түр цэгийн байршлыг тогтоох;

9.5.2.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, батлагдсан загварын дагуу гэрээ байгуулан ажиллах, гэрээний биелэлтийг харгалзан тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг санхүүжүүлэх;

9.5.3. нийтийн эдэлбэрийн газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх;

9.5.4.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.5.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

9.6.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.6.1.нутаг дэвсгэрт байгаа хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажилд иргэдийг татан оролцуулах;

9.6.2.хог хаягдлын төлбөрийн барагдуулалтад хяналт тавих;

9.6.3.иргэд, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа зориулалтын цэгт хаяж байгаа байдалд хяналт тавих;

9.6.4. төв суурингаас алслагдсан хэсэг, бүлэг айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал хадгалах түр цэгийг тогтоож мөрдүүлэх.

10 дугаар зүйл. Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийтлэг эрх, үүрэг.

Хэвлэх

10.1.Иргэн дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

10.1.1.үүсгэсэн аюултай хог хаягдал, түүний эх үүсвэрийн талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдээлж байх;

10.1.2.хуульд заасны дагуу хог хаягдал гаргасны төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх;

10.1.3. зориулалтын цэгээс бусад газарт хог хаягдал хаяхгүй байх;

10.1.4.үүсгэсэн хог хаягдлаа хог хаягдал хадгалах түр цэгт ангилан хаях;

10.1.5.энэ хуульд заасан журмын дагуу олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг эрх бүхий этгээдээс шаардах;

10.1.6. хуульд заасан бусад эрх, үүрэг.

10.2.Аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

10.2.1. явуулж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөс хамаарч хог хаягдлыг төрөлжүүлж, хог хаягдал хадгалах түр цэгт ангилан хаях, үйлдвэрлэлийн хог хаягдлын талаархи мэдээллийг төрийн болон нутгийн захиргааны байгууллагад үнэн зөв мэдээлэх;

10.2.2. хог хаягдлын талаархи дүрэм, журам, стандартын шаардлагыг хангаж ажиллах;

10.2.3.хог хаягдал гаргасны төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх;

10.2.4. хог хаягдлын талаар мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

10.2.5. хог хаягдлыг ангилан хаях талаар зохих мэдлэгийг ажилтандаа эзэмшүүлж, аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажиллах;

10.2.6.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан биелэлтийг хангах;

10.2.7. хуульд заасан бусад эрх, үүрэг.

10.3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага орчны газрынхаа хог хаягдлыг цэвэрлэх болон хог хаягдлыг зайлуулах олон нийтийг хамарсан ажилд оролцох үүрэгтэй.

10.4.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил өмчлөлийн барилгаа барих, буулгах, засварлах тохиолдолд гарах хог хаягдлыг хаях талаар урьдчилан гэрээ байгуулан зохих төлбөрийг төлсний үндсэн дээр хог хаягдлыг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлнэ.

10.5. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах эрх аваагүй иргэн, аж ахуйн нэгж , байгууллага эдгээр үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Хог хаягдлыг хаях , цуглуулах , тээвэрлэх , булах , ашиглах

11 дүгээр зүйл. Хог хаягдал хаях, булах

Хэвлэх

11.1.Хот, тосгон, бусад суурин газарт оршин сууж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь журмаар хог хаягдлаа хаяна:

11.1.1.хог хаягдал хадгалах зориулалтын байгууламж бүхий орон сууцанд оршин суугч нь тухайн байгууламжид;

11.1.2.гэр хорооллын болон хог хаягдал хадгалах зориулалтын байгууламжгүй орон сууцанд оршин суугч иргэн, энэ хуулийн 11.3-т зааснаас бусад аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа сум, дүүргийн Засаг даргын тогтоосон хог хаягдал хадгалах түр цэгт тогтоосон хугацаанд .

11.2.Хот, тосгон, бусад суурингийн бус нутаг дэвсгэрт оршин сууж байгаа иргэн ахуйн хэрэглээнээс нь үүссэн хог хаягдлаа сумын Засаг даргын баталсан аргачлалын дагуу булна.

11.3.Үндсэн үйл ажиллагаанаас нь тусгай ангиллын хог хаягдал ихээхэн хэмжээгээр үүсгэдэг үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага стандартын шаардлага хангасан хог хаягдал булах зориулалтын байгууламжид үйлдвэрлэлийн хог хаягдлаа булна.

11.4. Энэ хуулийн 11.3-т заасан үйлдвэрлэлийн жагсаалтыг Засгийн газар батална.

11.5. Энэ хуулийн 11.1-т заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдал хадгалах түр цэгт хаях боломжгүй овор, даац ихтэй хог хаягдлаа хог хаягдал булах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай тохиролцон тэдгээрт шилжүүлж болно.

12 дугаар зүйл. Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх

Хэвлэх

12.1.Нийслэл, сумын Засаг дарга хот, тосгон, бусад суурины хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сонгон шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлнэ.

12.2.Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэхэд дараахь шаардлагыг тавина:

12.2.1.тогтоосон чиглэлийн дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэн, хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэх;

12.2.2.хог хаягдлыг тээвэрлэх аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан битүүмжилсэн, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх;

12.2.3.хууль тогтоомж, гэрээнд заасан бусад шаардлага.

12.3.Хог хаягдал тээвэрлэх чиглэлийг нийслэл, сумын Засаг дарга тогтооно.

12.4.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал булах эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан ажиллах бөгөөд уг гэрээний биелэлтэд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.

13 дугаар зүйл. Хог хаягдал булах

Хэвлэх

13.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгийн хог хаягдал булах ажлыг эрх бүхий мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж болон тусгайлан эрх авсан иргэн эрхлэн гүйцэтгэнэ.

13.2.Хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллана.

13.3.Энэ хуулийн 11.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа мэргэжлийн байгууллагын хяналтан дор тогтоосон газар булна. Хог хаягдлыг булах технологийн шаардлагыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

13.4.Хог хаягдлын төвлөрсөн цэг, хог хаягдал хадгалах түр цэгийн болон энэ хуулийн 11.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал булах зориулалтын байгууламжийн даацыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

14 дүгээр зүйл. Хог хаягдлыг ашиглах

Хэвлэх

14.1.Хог хаягдал булах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлын түр болон төвлөрсөн цэгийн хог хаягдлыг ашиглах эрхтэй.

14.2.Аюултай хог хаягдлыг ашиглах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

15 дугаар зүйл. Хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглох газар

Хэвлэх

15.1. Хүн амын төвлөрсөн суурьшлын бүс, усны эрүүл ахуйн болон хамгаалалтын бүс, уурхайн эдэлбэр болон ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулахыг хориглоно.

16 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булахад тавигдах нэмэлт шаардлага

Хэвлэх

16.1.Хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөөллийн хэмжээнээс хамааруулан аюултай хог хаягдлын ангилал, зэрэглэлийг эрүүл мэнд, шинжлэх ухааны болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

16.2.Аюултай хог хаягдлыг паспортжуулах журмыг Засгийн газар батална.

16.3.Аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булахад аюулгүй байдлыг хангах шаардлагыг Засгийн газар тогтооно.

16.4.Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, импортлох, экспортлохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Хог хаягдлын мэдээлийн сан

17 дугаар зүйл. Хог хаягдлын мэдээллийн нэгдсэн сан

Хэвлэх

17.1.Аймаг, нийслэл, сум, дүүрэг хог хаягдлын мэдээллийн сантай байна.

17.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчилж байгаа хог хаягдлын талаар тайлан, мэдээ гаргаж, тогтоосон хугацаанд баг, хорооны Засаг даргад хүргүүлж байна.

17.3.Энэ хуулийн

17.1 дэх хэсэгт заасан сан бүрдүүлэх, энэ талаархи мэдээллээр бусдад үйлчлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАВДУГААР БҮЛЭГ

Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалт

18 дугаар зүйл. Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтын үндсэн зарчим

Хэвлэх

18.1.Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтад дараахь үндсэн зарчмыг баримтална:

18.1.1.хог хаягдлыг бууруулах, ашиглах;

18.1.2.хог хаягдал гаргасны төлбөр төлөх;

18.1.3.хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, булах үйл ажиллагаанд оролцогчдод эдийн засгийн урамшуулал үзүүлэх;

18.1.4.импортоор оруулсан дахин ашиглагдах боломжгүй бараа материал, хог хаягдлын төлбөрийг тусгай хуулиар зохицуулах.

19 дүгээр зүйл. Хог хаягдлын эдийн засгийн зохицуулалтыг боловсронгуй болгох хөтөлбөрүүд

Хэвлэх

19.1.Хог хаягдлыг бууруулах, ашиглах, булах үйл ажиллагааг хүн амын эрүүл мэнд , хүрээлэн байгаа орчны төлөв байдал болон газар нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшинтэй уялдуулан төлөвлөх үүднээс төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, булах үйл ажиллагааг боловсронгуй болгох улс, бүс, орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулна.

20 дугаар зүйл. Хог хаягдал гаргасны төлбөр

Хэвлэх

20.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хог хаягдал гаргасны төлбөр төлнө.

20.2.Хог хаягдал гаргасны төлбөрийн хэмжээг Засгийн газраас баталсан аргачлалын дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

20.3.Хог хаягдал гаргасны төлбөрийн орлогыг нийслэл, сумын хаягдлын үйлчилгээний санд төвлөрүүлнэ.

21 дүгээр зүйл. Хог хаягдлын үйлчилгээний сан

Хэвлэх

21.1.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах үйл ажиллагааг санхүүжүүлэх бие даасан эх үүсвэрийг бий болгох, хог хаягдлыг багасгах үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэл, сумын Засаг дарга хог хаягдлын үйлчилгээний сан байгуулан ажиллуулна.

21.2.Хог хаягдлын үйлчилгээний сангийн хөрөнгө нь нийслэл, сумын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд түүнийг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, гүйцэтгэлийн тайлан, мэдээ гаргах ажиллагааг тухайн төсвийн нэгэн адил журмаар хэрэгжүүлнэ.

21.3.Хог хаягдлын үйлчилгээний сангийн орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

21.3.1.хог хаягдал гаргасны төлбөрийн орлого;

21.3.2.зээл, тусламж, хандивын орлого;

21.3.3.нийтийн эдэлбэрийн газрын хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булах зориулалтаар орон нутгийн төсвөөс зарцуулах хөрөнгө;

21.3.4.бусад.

21.4.Хог хаягдлын үйлчилгээний сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:

21.4.1.хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булах;

21.4.2.хог хаягдлыг багасгах үйл ажиллагааг дэмжих;

21.4.3.хог хаягдлын төвлөрсөн цэгийг нөхөн сэргээх;

21.4.4.хүн амд мэдээлэл, сургалт,сурталчилгаа явуулах.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт ,хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

22 дугаар зүйл. Хог хаягдлын тухай хууль тогтоомжид тавих хяналт

Хэвлэх

22.1.Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага, бүх шатны Засаг дарга хяналт тавина.

22.2. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэртээ хог хаягдлын тухай хууль тогтоомжоор тогтоосон захиргааны үүргийн биелэлтэд хяналт тавих олон нийтийн байцаагч ажиллуулж болно. Олон нийтийн байцаагч ажиллуулах, тэдгээрт мөнгөн урамшуулал олгох асуудлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12, 13 дугаар зүйлийн дагуу зохицуулна.

22.3. Хог хаягдлын байгууламжийн байршил нь хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, хог хаягдлыг булах технологи, үйл ажиллагаа нь хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд халтай, эсхүл хууль тогтоомжид нийцээгүй бол мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, учирсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ.

22.4.Хог хаягдлын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч болон сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга дараахь хариуцлага хүлээлгэнэ:

22.4.1.зориулалтын бус газар хог хаягдал хаясан иргэнийг 1000-15000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 150000-200000 хүртэл төгрөгөөр торгож, учруулсан хохирлыг арилгуулах;

22.4.2.энэ хуулийн 14.1-ийг зөрчсөн иргэнийг 30000-50000 хүртэл, аж ахуйн нэгж байгууллагыг 150000-250000 хүртэл төгрөгөөр торгох;

22.4.3.хог хаягдал хадгалах зориулалтын бус газар болон нийтийн эдэлбэрийн газарт нийлэг уут, сав, бохь, тамхины иш хаясан иргэнийг 1000-10000 төгрөгөөр торгох.

23 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

23.1.Энэ хуулийг 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ