A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 1999 ОНЫ УЛСЫН ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 24

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 1999 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн орлогыг 215.116.707.8 мянган төгрөгөөр, зарлагыг 316.173.626.5 мянган төгрөгөөр баталсугай.

2.Монгол Улсын 1999 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг баталсантай холбогдуулж дараахь арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ 1999 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлд иж бүрэн дүн шинжилгээ хийж, төсвийн орлого зарлагын гүйцэтгэлийг тооцох нэгдсэн аргачлалыг боловсронгуй болгох;

2/ 2001 оны төвлөрсөн төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ аймаг, нийслэл, сум, дүүрэг, төсөвт байгууллагын урьд жилүүдийн он дамжин хуримтлагдсан өрийг нэг мөр шийдвэрлэх тодорхой санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах;

3/ олон объектод нэг зэрэг хөрөнгө оруулалт хийж улсын дүнгээр дуусаагүй барилгын хэмжээг нэмэгдүүлэн, хөрөнгө оруулалтын үр ашгийг бууруулж байгаа дутагдлыг арилгах арга хэмжээ авах;

4/ эрчим хүчний системийн байгууллагын өр, авлагыг шийдвэрлэх тодорхой саналыг боловсруулж Улсын Их Хуралд энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор танилцуулах.

5/ төсвийн хууль тогтоомжийг биелүүлэхгүй санхүүгийн сахилгыг удаа дараа зөрчиж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, бүх шатны төсөв захирагчид зохих хууль тогтоомжийн дагуу тухай бүр хариуцлага тооцож байх;

6/ гадаадын зээл тусламжийн тухай хуулийн төсөл боловсруулж энэ онд багтааж Улсын Их Хуралд өргөн барих.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/-нд даалгасугай.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ