Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛАХ ТУХАЙ


2005 оны 11 сарын 17 өдөр


Төрийн ордон. Улаанбаатар хот


Дугаар 67



Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006-2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг 1 дүгээр хавсралтаар, Үндсэн чиглэлийн хүрээнд 2006 онд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.


2.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006-2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн зорилтыг Улсын Их Хурлаас батлан гаргасан бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөрүүдтэй уялдуулан, цаг хугацаанд нь төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ц.Элбэгдорж/, Монголбанк /О.Чулуунбат/-д даалгасугай.


3.Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2006-2008 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, түүний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтийн явцын талаар 2006 оны 10 дугаар сард, хэрэгжилтийг 2007 оны 1 дүгээр улиралд багтаан тус тус Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ц.Элбэгдорж/, Монголбанк /Ч.Чулуунбат/-д, дэвшүүлсэн зорилтууд зохих түвшинд хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон холбогдох бусад Байнгын хорооны дарга нарт үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ