A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН 2001 ОНЫ ТӨВЛӨРСӨН ТӨСВИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2000 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2001 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/ татвар ногдуулалт, хураалтыг эрс сайжруулан татварын орлогыг бүрэн төвлөрүүлэх, далд эдийн засгийг илрүүлэх бизнес, эрх зүйн орчныг бүрдүүлэх, татвар хураалтад төрийн захиргаанаас хяналт тавих байгууллагыг бий болгох чиглэлээр татварын албыг бэхжүүлэх асуудлыг яаралтай боловсруулж шийдвэрлүүлэх;

2/ төсвийн орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн хураамжийг хуулийн дагуу бүрэн төвлөрүүлж төсөвт байгууллагуудын цалин, санхүүжилт, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь олгож хэвшүүлэх;

3/ төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж орлогоороо санхүүжиж байгаа төрийн захиргааны байгууллагуудын жилийн төсвийг батлан өгч, төсвийн давсан орлогыг нь төвлөрүүлж батлагдсан хэмжээгээр нь санхүүжүүлэх;

4/ төсвийн байгууллагуудад үүссэн өр авлагыг судлан шийдвэрлэж, дахин өр үүсэхгүй байх нөхцөл бүрдүүлэх;

5/ улс, орон нутгийн төсвийн эрх захирагчдад тавих шаардлагыг чангатган төсвийг зориулалт бусаар зарцуулсан тохиолдолд тэднийг уг ажилдаа тэнцэж байгаа эсэхийг заавал авч хэлэлцэж шийдвэр гаргадаг болох, орлогын эх үүсвэр олж нэмэгдүүлсэн, зардал хэмнэсэн тохиолдолд урамшуулах механизм тогтоох;

6/ төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих санхүүгийн хяналт, сахилгыг бүх шатанд хүчтэй болгох;

7/ улс орны нийгэм, эдийн засаг, төсвийн нөхцөл байдлын талаар олон нийтэд бодитойгоор ойлгуулах, сурталчлах ажлыг тогтмол хийж байх.

2. Төсвийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын шинэчлэлтийг төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог туршин нэвтрүүлэх ажилтай нягт уялдуулан зохион байгуулж, зардал хэмнэлтийн хатуу горим мөрдүүлэх;

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/-д үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ