A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Дараахь ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй уялдуулан Аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг өөрчлөн шинэчлэх, Санхүүгийн хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2/Монгол Улсад мөрдөх Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн үндэсний стандартыг холбогдох дүрэм, журам, зааврын хамт 2002 оны эхний улиралд багтаан боловсруулан, баталж, мөрдүүлж эхлэх;

3/2002 оныг улсын хэмжээнд "Бүртгэлийн ажлыг сайжруулах жил" болгон тусгай хөтөлбөр боловсруулж ажиллах;

4/төсвийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг шинэчилж, тусгайлсан хөтөлбөрийн дагуу санхүү, бүртгэлийн ажилтнуудыг давтан сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;

5/нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын гуравдугаар зөвлөгөөнийг 2003 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулж, бүртгэл, эдийн засгийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/-д даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР