A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 33

Төрийн ордон, Улаанбаатар хот

Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар/С.Батболд/-т даалгасугай:

1/Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасны дагуу Улсын Их Хурлаас тогтоосон хязгаарт багтаан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 2011 оны 7 дугаар сарын 01-ний дотор тогтоох;

2/2011 оны 6 дугаар сарын 09-ны өдөр баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар төрийн зарим төрлийн үйлчилгээнд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг бууруулан тогтоож, энэхүү хураамжийг 2011 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн буцаан хэрэглэхээр заасны дагуу тухайн заалтад хамаарах 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлсөн иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тэмдэгтийн хураамжийн зөрүүг буцаан олгох арга хэмжээ авах;

3/аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох, аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоог багасгах, шат дамжлагыг бууруулах шаардлагад нийцүүлэн тусгай зөвшөөрлийн тоог багасгах, хугацааг бодитой тогтоох, тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх асуудлыг судлан үзэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа боловсруулан, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/.аж ахуйн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож байгаа байдал, түүнийг зохицуулж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтанд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцон ажиллах.

2.Хуулиар тогтоосон хязгаарт багтаан өөрийн бүрэн эрхэд хамаарах Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3-т заасан төрийн зарим үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн хэмжээг 2011 оны 7 дугаар сарын 01-ний дотор тогтоон хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Д.Хаянхярваа/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолыг 2011 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ