Хэвлэх DOC Татаж авах
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай


2011 оны 06 сарын 02 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 29



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:


1/Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай, Хоршооны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;


2/хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах, тус биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалт, бараа, түүхий эдийг коджуулах журмыг батлах;


3/хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаанд оролцох биржийн арилжааны зуучлагч /брокер/, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээс бүрдсэн хоршооны загвар бий болгох;


4/хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжаанд оролцогчдыг сургаж бэлтгэх, тус биржээр арилжих бараа, түүхий эдийн чанар, стандартын хэрэгжилтийг хангуулах сургалт зохион байгуулах, хууль сурталчлах үүрэг бүхий нэгжийг байгуулан Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хүртэлх хугацаанд ажиллуулах;


5/хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг хүлээн авч анхан шатны тордолт хийх байр, талбай, хадгалах агуулах, тээврийн судалгаа гаргаж, бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;


6/энэ тогтоолд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган санхүүжүүлэх.


2.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагаанд хяналт тавих журам боловсруулж батлахыг Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд даалгасугай.


3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /П.Алтангэрэл/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ