Хэвлэх DOC Татаж авах
БАГШ НАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШИЙДВЭР
БАГШ НАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ

1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 235

Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж хийлгэсэн Монголын багш нарын ҮI их хурал манай орны боловсролын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, шинэтгэлийг гүнзгийрүүлэх арга замын талаар боловсролын удирдах ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдээс арга туршлагаа солилцох, санаа бодлоо илэрхийлж нэгтгэх, энэ талаар төрөөс авах арга хэмжээний тулгамдсан асуудлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой үйл явдал болсныг тэмдэглэж, багш нарын мэргэжил дээшлүүлэх, тэдний ажил амьдралын нөхцөлийг сайжруулах талаар нэн даруй шийдвэрлэж хэрэгжүүлбэл зохих асуудлаар Засгийн газарт чиглэл болгох нь:
1/багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх тэдний мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах, шинэ мэргэжлээр багш бэлтгэж хангах ойрын хугацааны хөтөлбөрийг боловсруулан гаргаж түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгаж санхүүжүүлэх, мөн гадаадын зээл тусламж, хамтран гүйцэтгэх төслийн хүрээнд зохих арга хэмжээг тусган хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй;
2/багш нарын ажил, амьдралын нөхцөлийг сайжруулахтай холбогдсон дор дурдсан асуудлыг судалж зохих журмын дагуу шийдвэрлэсүгэй:
а/боловсролын салбарт бүтцийн өөрчлөлт хийж, ажлын нягтралыг сайжруулах, орон тоо, зардал хямдруулах замаар хэмнэгдсэн хөрөнгийг багш нарын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэр болгох;
б/багш, сурган хүмүүжүүлэгчдийн эрүүл мэндийн үзлэгийг 1997 онд багтаан явуулж шаардлагатай хүмүүсийг эмчилгээ, сувилгаанд хамруулах, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрсөн ба орон нутгийн төсөвт тусгах замаар хэрэгжүүлэх;
в/багш, сурган хүмүүжүүлэгчдэд өрхийн аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэднээс гэр бүл, үр хүүхдийнхээ хүмүүжилд халамж анхаарал тавих, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн бусад асуудлаа шийдвэрлэхэд чөлөөт цагийг нь нэмэгдүүлэх.
3/Суурь боловсрол эзэмшвэл зохих насны хүүхдийн сургууль завсардалтыг 1997-1998 оны хичээлийн жилээс эхлэн таслан зогсоох, өмнөх жилүүдэд завсардсан хүүхдүүдэд зохих шатны боловсрол нөхөн олгох арга хэмжээ авсугай;
4/Татварын багц хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар одоо боловсруулж буй төсөлд боловсролын салбарт хөрөнгө оруулсан, сургалтын байгууллагад санхүүгийн талаар ивээн тэтгэж, тусламж үзүүлсэн хувийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд албан татварын зохих хөнгөлөлт үзүүлэх заалт оруулж 1997 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлүүлсүгэй.
5/төрийн өмчийн сургуулиудад судалгаа шинжлгээ явуулж, түүнчлэн сургуулийн хамт олны хүчээр туслах аж ахуй эрхэлж олсон орлого зэрэг өөрсдийн хүч хөдөлмөр, санаачлагаар бий болгосон орлого хуримтлалыг тухайн сургууль өөрийн материаллаг баазыг бэхжүүлэх, багш, ажилтныхаа хөдөлмөр ахуйн нөхцөлийг сайжруулахад зориулан бие дааж зарцуулдаг болгох, түүнийг бүртгэж тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх журмыг гаргаж мөрдүүлсүгэй;
БНМАУ-ын Ерөнхийлөгч П.ОЧИРБАТ