A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШУУДАНГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2003 оны 05 дугаар сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 17



Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.13-т заасныг үндэслэн Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:


Нэг. Шуудангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:


1/ шуудангийн төв, орон нутаг дахь салбар, нэгжүүдийг зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор Монгол Улсын шуудангийн салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх;


2/ шуудангийн үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангахын тулд аймаг, нийслэл, сумын төвүүдэд шуудангийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байрыг Монголшуудан компанийн эзэмшилд шилжүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх;


3/ Монгол Улсын хаягийн нэгдсэн системийг шинэчлэн тогтоох;


4/ Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэмд өөрчлөлт оруулах замаар Зохицуулах хорооны бүтцэд шуудангийн асуудал эрхэлсэн алба байгуулж ажиллуулах;


5/ Шуудангийн тухай хуульд холбогдох эрх зүйн актуудыг нийцүүлэх;


6/ Шуудангийн тухай хуулийн 14.2-т заасан санхүүгийн үйлчилгээг үйлчлэгчээс эрхлэн явууулах боломж, холбогдох хууль тогтоомжийг судлан үзэж, тодорхой санал боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.


Хоёр. Энэ тогтоолын 1-д заасан арга хэмжээг 2003 онд багтаан авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай..


Гурав. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР