A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

ШҮҮХИЙГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 7 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 60

Монгол улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол улсын Засгийн газарт дор дурдсан арга хэмжээ авахыг даалгасугай:

1)Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулийн дагуу байгуулсан сумын болон сум дундын, дүүргийн шүүхүүдийг шүүн таслах ажиллагаагаа явуулах нөхцөл бүхий контор, зохих тавилга, тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжэээг 1993 онд багтаан авах;

2)сум дундын шүүхийг нүүдэллэн ажиллах боломжоор хангахын тулд тэдгээрт 1993-1995 онд багтаан зохих тооны автомашин хуваарилан олгох;

3)Цэргийн тусгай шүүх, Улаанбаатар төмөр замын тусгай шүүхийг татан буулгасантай холбогдуулан тэдгээрийн ашиглаж байсан тавилга, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө, 1993 оны төсвийн үлдэгдэл болон Улаанбаатар хүрээний цэргийн тусгай шүүхийн конторын барилгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд шилжүүлэн өгөх;

4)шүүгч, шүүхийн ажилтнуудыг бэлтгэх, давтан бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх зардлыг шүүхийн жил бүрийн төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлэхийн хамт шинээр томилогдсон шүүгчдийн 7 хоногийн семинарыг энэ оны 3, 4 дүгээр улиралд зохион байгуулахад шаардагдах зардлыг гаргаж өгөх;

5)бүх шатны шүүхийн шүүгчдийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн албан ёсны эхээр хангах арга хэмжээ 1993 онд багтаан авч хууль тогтоомжийн нэгдсэн сан байгуулах;

6)иргэдийн төлөөлөгчдийн шүүхэд ажилласан хугацааны цалин, түүнчлэн шүүгчдийг хууль тогтоомжийн албан ёсны эхээр хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шүүхийн жил бүрийн төвлөрсөн төсвийн төсөлд тусгаж байх;

7)шүүхийн тогтоол гүйцэтгэгч, хуягийг албаны дүрэмт хувцас, ялгах тэмдэг, бие хамгаалах хэрэгслээр хангах арга хэмжээг 1993 онд багтаан авах.

2.Шүүхийн тогтоол гүйцэтгэлийн тухай хуулийн төслийг энэ оны 9 дүгээр сард багтаан боловсруулж өргөн мэдүүлэхийг Хууль зүйн байнгын хороонд даалгасугай.

3.Иргэдийн төлөөлөгчдийн шүүхэд ажилласан хугацааны цалинг тэдний гүйцэтгэж байгаа ажлын хэмжээг үндэслэн шүүхийн батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж байхыг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгасугай.

4.Үндсэн хуулийн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн шүүх эрх мэдэл хэрэгжүүлдэг буюу түүнд оролцдог байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгон бэхжүүлэх хэтийн болон ойрын хугацааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинжтэй цогцолбор арга хэмжэээний тухай асуудал боловсруулж Улсын Их Хурлын энэ оны намрын чуулганд өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Монголын өмгөөлөгчдийн холбоонд даалгасугай.

5.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

ДАРГА Н.БАГАБАНДИ ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ