Хэвлэх DOC Татаж авах
“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай


2011 оны 10 сарын 20 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 46



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Хурлаас ТОГТООХ нь:


1.“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтад дараах агуулгатай 5.11 дэх заалт нэмсүгэй:


“5.11.Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан шинээр барих төмөр замын суурь бүтцийг барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг бүрдүүлэх зорилгоор “Монголын төмөр зам” ХК-ийн үнэлгээг олон улсын жишгийн дагуу шинэчлэн тогтоож, төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжина.”


МОНГОЛ УЛСЫН


ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ