Хэвлэх DOC Татаж авах
“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлах тухай


2010 оны 05 сарын 20 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 23



Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хавсралтаар баталсугай.


2.“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:


1/“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн эхний үе шат /2010-2015 он/-нд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2010 оны эхний хагас жилд багтаан боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;


2/сумын түвшинд мал эмнэлэг, үржлийн үйлчилгээг зохицуулах, хянах, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын анхан шатны нэгжийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх;


3/“Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 3 хувиас багагүй байхаар тооцож жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж, хөрөнгийн дийлэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хөдөө аж ахуйн хоршоог түшиглэн хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд үүнийг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/


4/“Монгол мал” үндэсний хөтөлбөр батлагдсантай холбогдуулан мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж байгаа гадаад, дотоодын төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах.


3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/-нд үүрэг болгосугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ