Хэвлэх DOC Татаж авах
“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах туха

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай


2012 оны 01 сарын 27 өдөр


Төрийн ордон, Улаанбаатар хот


Дугаар 08



Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:


1.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын тохируулагч агентлаг” гэсэн хэсэгт “91.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, 92.Стандартчилал, хэмжил зүйн газар” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг” гэсэн хэсэгт “121.Оюуны өмчийн газар, 122.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэж тус тус нэмсүгэй.


2.“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн “Тэргүүн Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд” гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


3.Энэ тогтоолыг 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ