A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ / Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн телбөр тооцох аргачлал/
Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ / Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн телбөр тооцох аргачлал/

2010 оны 05 -р сарын 27 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-156

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.3, 15 дугаар зүйлийн 15.1.2, 49 зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 309 дүгээр тогтоолоор батлагдсан "Ашигт малтмалыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл, хохирол багатай явуулах хөтөлбөр"-ийн 2 дугаар зорилтын 2.4, 4 дүгээр зорилтын 4.1, 4.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн телбөр тооцох аргачлал"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ аргачлалын дагуу байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд буюу байгалийн нөөц баялаг, ус, хөрс, ургамал, ой, зэрлэг ан амьтад, тэдгээрийн төрөл зүйлийн амьдрах орчинд учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирлыг тооцох ажлыг зохион байгуулахыг Аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт даалгасугай.

3. Энэ аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын томилсон мэргэжлийн баг болон "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж холбогдох зардлыг нэхэмжлэлд тусган гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж байхыг сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Аргачлалын хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахтай холбогдсон мэргэжил арга зүйн туслалцааг холбогдох байгууллага, хүмүүст үзүүлж ажиллахыг тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/, олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулахыг, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /О.Уранчимэг/-т тус тус даалгасугай.

5. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Ашигт малтмал олборлох, боловсруулах явцад үүсэх хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээ, экологийн хохирол тооцох аргачлал батлах тухай" Байгаль орчны сайдын 2008 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Л.ГАНСҮХ

Улсын бүртгэлд 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3171 дугаарт бүртгэсэн

/БОАЖС-ын 2020 оны А/59 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/