Хэвлэх DOC Татаж авах
АМЬСГАЛЫН ЦОЧМОГ ХАЛТАЙ ХАМ ШИНЖ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

АМЬСГАЛЫН ЦОЧМОГ ХАЛТАЙ ХАМ ШИНЖ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2003 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 221



Амьсгалын цочмог халтай хам шинж өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:


1. Амьсгалын цочмог халтай хам шинж (АЦХаХ) өвчний менежментийн зааврыг нэгдүгээр, тархвар судалгааны хуудас, мэдээний маягтыг хоёрдугаар, эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх журмыг гуравдугаар, халдваргүйтгэл хийх зааврыг дөрөвдүгээр, дэгдэлтийн үед яаралтай бэлтгэх нөөцийн жагсаалтыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.


2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулж АЦХаХ-ээс сэргийлэх талаар эмч, эмнэлгийн ажиллагсад, нийт хүн амд сургалт, сурталчилгааг тодорхой, төлөвлөгөөтэйгөөр хийхийг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С. Дуламсүрэн), Халдварт өвчин судлалын Үндэсний төв (Д.Бат-Очир), Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт даалгасугай.


3. АЦХаХ-тэй өвчтөнийг тусгаарлах нөөц эмнэлэг, тасгийг Дорноговь аймгийн төвд 50, Сэлэнгэ аймгийн төвд 20, Замын Үүд, Алтанбулаг боомт (сум)-д тус бүр 5 ортойгоор бэлэн байдалд байлгаж шаардлагатай тохиолдолд оношилгоо, эмчилгээ, үйлчилгээг шуурхай үзүүлэх бэлэн байдлыг хангахыг Дорноговь, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар (Г.Энхцэцэг, Б.Цэрэндолгор), Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн)-т үүрэг болгосугай.


4. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого, зохицуулалтын газар (Т.Эрхэмбаатар)-т даалгасугай.


5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан “Амьсгалын цочмог халтай хам шинжийн менежментийг сайжруулах тухай” Эрүүл мэндийн сайдын 2003 оны 70 дугаар тушаал, “Эрүүл мэндийн байгууллагуудад амьсгалын цочмог халтай хам шинжийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2003 оны 95 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                                                                       САЙД                                            П.НЯМДАВАА


                                            2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн 2256 дугаарт бүртгэсэн.