A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

1998 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 13

Ойн тухай Монгол Улсын хуулийн 24 дүгээр зүйлийг үндэслэн уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцлийг хангахад дэм үзүүлэх, үүний тулд ойг тарьж ургуулах, хот сууринг цэцэрлэгжүүлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг өргөнөөр татан оролцуулах зорилгоор ТУШААХ нь:

1. Энэ оноос эхлэн ойт хээр, хээрийн бүсэд 5 дугаар сарын 23-ныг, хуурай хээр, говь, цөлийн бүсэд 4 дүгээр сарын 25-ныг бүх нийтээр мод тарих өдөр болгон тогтоосугай.

2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгах нь:

а/ бүх нийтээр мод тарих өдрийг төслийн хүрээнд тодорхой зорилго чиглэлтэйгээр зохион байгуулж, энэ ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг өргөнөөр оролцуулах арга хэмжээ авсугай.

б/ мод тарих талбайг сонгож, хөрс боловсруулах, үр, тарьц суулгацаар хангах, тарилт явуулах, мод сөөг, таримлыг хамгаалах, услах, арчлах арга, технологийг мөрдүүлэх зэрэг ажлыг мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоотойгоор урьдчилан төлөвлөж, гүйцэтгэх ажлын хэмжээ, зардлыг тусгасан төсөл, төлөвлөгөөний дагуу ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн хүрээнд мод тарих ажлыг зохион байгуулсугай.

в/ бүх нийтээр мод тарих өдрийн үеэр хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хавсралт маягтын дагуу жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор Байгаль орчныг хамгаалах албанд ирүүлж байсугай.

3. Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Байгаль орчныг хамгаалах алба /С.Банзрагч/-д даалгасугай:

а/ бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулах, байгалийн бүс бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохирсон мод тарьж ургуулах арга, технологийн зөвлөмжийг боловсруулан аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт хүргүүлэх,

б/ Байгаль орчны яам, түүний харьяа агентлаг, байгууллагуудыг бүх нийтээр мод тарих өдрийн үйл ажиллагаанд байнга оролцуулж, "Улаанбаатар хот орчимд мод тарих" төслийг Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж, жил бүр үлгэр жишээчээр ойжуулж байх,

в/ бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан ажлын үр дүнг улс орны хэмжээнд нэгтгэн жил бүрийн 7 дугаар сард багтаан Байгаль орчны сайдын Зөвлөлийн хуралдаанд танилцуулж, энэ талаар олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах.

САЙД Ц.АДЪЯАСҮРЭН

2002 оны 3 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 1826 дугаарт бүртгэсэн,